| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2205 00000 2401 |
| Дугаар | 2023/ДШМ/271 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/271
Д.Гад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гад холбогдох 2205 00000 2401 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Д-ийн Г, 19.... оны .... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... хамт .... дүүргийн .... дугаар хороо, .....ийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн;
Д.Г нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах дулааны худгийн орчим хохирогч И.Аыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Д-ийн Гыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гыг 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “17см х 17см хэмжээтэй 7 см өндөртэй бетон чулуу, 79 см урттай арматурын төмөр, 50 см урттай бургасны мөчир, 1 хос пүүз” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч шүүх эмнэлгийн төгсгөлийн оношд гавал тархины гэмтэл, спиртийн гүн хордлогийн улмаас нас барсан. Шинжээч эмч Баасанжавын мэдүүлэгт “талийгаачид учирсан хавирганы ясны хугарал нь сэхээн амьдруулах үед үүсэх боломж илүү” гэх зэргээр дүгнэлт гаргасан шинжээч нарын мэдүүлэг дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийнэ гэснийг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчлийг нотолж чадаагүй. Нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. Өмнөх ялын дүгнэлт болон шийтгэх тогтоолд онц хэрцгий аргаар бусдыг алсан гэж дүгнэсэн. Энэ шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Онц харгис гэдэг нь урьдын харьцааны явцад бий болсон, өс хонзонгийн сэдэл үүссэн байхыг илэрхийлэх бөгөөд хохирогчид олон тооны гэмтэл үүссэнийг шууд онц харгис аргаар гэж дүгнэхгүй ба хохирогч эмнэлгийн байгууллагын тусламж авч байгаад нас барсан болох нь холбогдох баримт дүгнэлтээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр бусдыг алах гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэж байна. Гэм буруугийн санаатай хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, нотлох баримт бодит дүгнэлт хийгээгүй, нотлох баримтын зөрүүг арилгаагүй байхад тэдгээрийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ бий болж байгаа тул шүүгдэгч надад ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. Хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж байна. Өндөр настай ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Ц.Амар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хэргийн үйл баримтыг “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах худгийн орчим хохирогч И.Аыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтгалан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи хүзүү цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн харцар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцийгээр алсан...” гэж дүгнэсэн.
Гэвч хэрэгт авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэд “...өвчний түүх нээсэн 2022.10.25 20:37, нас барсан 2022.10.25 21:40 цаг ...2022.10.25-ны цээжний ретгенд: Хавирганы ясанд гэмтлийн өөрчлөлт тодорхойлогдохгүй. Дүгнэлт бичсэн эмч: Б.Олз-Эрдэнэ. ...2022.10.25-ны 22:18 цагийн үзлэгт: Амьсгал 21:20 цагийн үед гэнэт зогссон тул №7 гуурсаар интубаци тавьж амьсгалын аппаратанд холбов. Ажилбарын явцад зүрхний цохилт мэдрэгдэхгүй. АД тодорхойлогдохгүй болсон тул адреналин 0%-1 мл нийт 5 удаа зүрхэнд шууд бус массаж хийн сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч үр дүнгүй, зүрхний агшилт сэргэхгүй, фибриляци үүсэхгүй байсаар өвчтөн 21.40-д нас барав.
Төгслийн онош: 1/ гавал тархины гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархмал аалзан хальсан доорх цус харвалт, цусан хураа, тархи дарагдал, тархи шаантаглал 2/ Спиртийн гүн хордлого...” гэсэн.
Шүүх хуралдаанд шинжээч эмч Э.Баасанжав мэдүүлэхдээ “талийгаачид учирсан хүндэвтэр гэмтэл болох хавирганы ясны баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал гэмтэл нь талийгаачид сэхээн амьдруулах үед үүсэх боломж илүү байна...” гэж мэдүүлсэн.
Дээрх нотлох баримт болон өвчний түүхээс дүгнэлт хийвэл талийгаач И.Аын биед учирсан хүндэвтэр гэмтэл болох баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал нь гэмт хэргийн улмаас, шүүгдэгч Д.Гын үйлдлийн улмаас учраагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Харин талийгаачид учирсан баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх буюу сэхээн амьдруулах арга хэмжээ авсны улмаас үүссэн байна. Учир нь, талийгаач И.А нь гэмтлийн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад түүний биед хавирганы гэмтэл оношлогдоогүй ба түүнд 21:20 минутаас 21:40 минут буюу 20 минутын турш сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн нь тогтоогдсон байна.
Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс гарсан тайлбар дүгнэлтийг шүүх хэрхэн дүгнэсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...Тодруулбал онц харгис хэрцгий арга гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэтмэл үүсгэснийг хамааруулан үздэг ба шинжээчийн дүгнэлтэд дурдсан “зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий гэмтлүүд нь хохирогч И.Аыг өвтгөн шаналгаагүй, тарчилган зовоогоогүй, зовж зүдрэхээр байдал бий болоогүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй...” гэж дүгнэсэн.
Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтлийн талаар өмгөөлөгч, шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч мэдүүлэхдээ “зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт” гэмтлийг хоёр удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн буюу гавал тархины ясны гэмтлээс үүдэлтэйгээр бусад тархины гэмтлүүд үүссэн гэж мэдүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан.
Хэрэгт авагдсан бүхий л баримтаар шүүгдэгч Д.Г нь талийгаач И.Аыг шууд санаатайгаар төлөвлөж алсан гэж үзэх нотлох баримт байхгүй, тэрээр хохирогч И.Аыг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилготой байсан гэх нотлох баримт байхгүй, энэ талаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Миний үйлчлүүлэгч Д.Г нь И.Атой ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, өс хонзон өр авлага байхгүй.
Тэрбээр хохирогч И.Атой зодолдоод, улмаар тамхи олж татахаар ГССҮТ рүү ороод эргэн ирсэн боловч талийгаач байхгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Энэхүү нөхцөл байдал нь гэрч М.Дөлгөөнтамирын “...Би үзлэгээ явуулж байхад гэмтлийн эмнэлгийн хашааны зүүн талд байрлах төмөр хашааны завсраар уртдуу куртиктэй, саравчтай малгайтай, хар бараан царайтай үл таних хүн нөхцөл байдлыг ажиглаж байгаа нь харагдсан. Би уг хүнийг нэг их тоолгүй юу болж байгааг сонирхож байна гэж бодоод үзлэгээ цааш үргэлжлүүлж үзлэгээ дуусгах дөхөж байхад гэмтлийн эмнэлгийн дээд талын онгоц буудаг зогсоолын дээд талын шатны орчимоос түрүүний хашаан завсараар харж байсан хүн хараад зогсож байсан...” гэж мэдүүлгээр нотлогдоно.
Анхан шатны шүүхээс зөвхөн талийгаачид учирсан гэмтлийн тоо, шинж байдлыг анхаарсан болохоос шүүгдэгчийн уг гэмт хэрэгт хандсан сэтгэхүйн харьцааг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Д.Гад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Онц харгис, хэрцгий арга гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Амь хохирогчид учирсан хавирганы хугарлууд нь сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэх үед үүссэн гэмтэл гэж шинжээч дүгнэсэн. Амь хохирогчийг амьд үед нь үзлэг хийсэн тэмдэглэлд уг хугарлууд илрээгүй байсан. Онц харгис, хэрцгий арга гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа “амь насыг нь хохироохоос өмнө амь хохирогчид өвдөлт, шаналал, сэтгэл санааны шаналал үүсгэх аргаар түүнийгээ хүсэж хэрэгжүүлсэн байхыг ойлгоно” гэсэн байдаг. Нэг газар, нэг цаг хугацаанд хэрэгжүүлсэн үйлдлийн улмаас ил харагдах шарх, гэмтэл учруулсан бол онц харгис, хэрцгий аргад хамаарахгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн тархинд учирсан гэмтлийн улмаас өвдөлт, зовиур үүссэн гэж дүгнэсэн нь тархинд учирсан гэмтэл болохоос биш амь хохирогчийг сэтгэл санааны зовиур шаналалд оруулсан гэж үзэхгүй байна. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г нь амь хохирогчийн толгой, цээж рүү олон удаагийн давтамжтай цохих, өшиглөх, арматурын төмрөөр зодсон болохыг гэрч нар тодорхой мэдүүлсэн. Амь хохирогч шүүгдэгчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй байдаг. Тухайн үед амь хохирогч согтолттой байсан. Өөрийгөө хамгаалах гэж оролдоогүй. Зодуулаад ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй ам нь ангалзсан байдалтай байсан болохыг дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд “амь хохирогч тархины гэмтлээс гадна зүүн хацрын нум, хамар ясны хугарал, хавирганы хугарал болон биеийн бусад хэсэгт олон тооны шарх гэмтэл учирсан” гэдгийг дурдсан байдаг. ГССҮТ-н өвчний түүхэнд “сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэлгүй зүрх судасны үйл ажиллагаа зогссон” гэж дурдсан байдаг. Уг баримтуудаас харахад амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан бөгөөд шүүгдэгч Д.Г нь энэ байдлыг ашиглаж амь хохирогчийн толгой руу арматурын төмрөөр цохисон байдаг. Төмрөөр цохисон нь өвдөлт, шаналал үүсгэсэн хэлбэр юм. Онц харгис, хэрцгий аргаар гэмт үйлдлээ үйлдэж байгаагаа шүүгдэгч Д.Г ухамсарласан байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Д.Г нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах дулааны худгийн орчим хохирогч И.Аыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлджээ.
Мөрдөгчийн тогтоолоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цогцос хадгалах хэсгийн зүүн талд хашаан дотор нэр хаяг тодорхойгүй иргэн бусдад зодуулж Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн нас барсан гэх хэрэгт амь хохирогч Ишцэрэнгийн Ариунболдийн биед тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээг хийлгэх шаардлагаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарт даалгажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2809 дугаартай дүгнэлтээр “...Талийгаач И.А нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Элэгний хатуурал өвчин нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цогцост зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны элбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 3, 4-р хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна. ...” ямар шалтгааны улмаас амь хохирогч И.А нь нас барсныг тогтоожээ. /1хх 93-99/.
Хэрэг явдал 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах дулааны худгийн орчимд болсон бөгөөд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгүүд шүүгдэгч Д.Гын мэдүүлэг нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн чухал нотлох баримтууд болж байна. Үүнд:
гэрч Б.Анх-Эрдэнийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ байж байтал гэмтлийн эмнэлгийн “Морг”-ын баруун талд байрлах траншейны хажууд 2 хүн байсан. Тэгсэн нэг хүн нь газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн дээрээс нь уг хэвтэж байгаа хүний толгой, нүүр, биеийн хэсэгт гараараа цохиод, хөлөөрөө дээрээс нь дэвсээд, газар хэвтэж байгаа хүн огт хөдлөхгүй байхад дээрээс нь татаж үзээд ахин цохиж зодож байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгчихсөн бөгөөд уг зодсон хүн нь явчих болов уу гэж бодоод дахин цагдаа руу залгасан. Би нөгөө хүнийг зугтчих байх гэж бодоод гэрээс гараад хартал нөгөө зодож байсан хүн нь явчихсан байсан. ...” /1хх 62-63/,
гэрч Ц.Доржийн “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад нэг цагдаа хаалга цохиод гарсан чинь “гадаа чинь хүн байна, та хүрээд ир” гэхээр нь гараад харсан чинь манай энд байдаг Ариука гэх залуу газар хэвтсэн байдалтай нэг чихнээс нь цус гарсан байсан. Би эмнэлгийн хүлээн авахаас тусламж авахаар дуудсан чинь гарч ирээгүй тул тухайн цагдаа бид хоёр түрдэг дамнуурга авч хүлээн авахад хүлээлгэж өгсөн. ...” /1хх 57-58/,
гэрч М.Дөлгөөнтамирын “...2022 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр жижүүрийн бүрэлдэхүүнийг ахалж 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-аас “гэмтлийн эмнэлгийн арын 105 дугаар байрны урд 2 хүн зодолдоод нэг нь босохгүй байна” гэх дуудлага мэдээллийг Бугат 113 дугаар чиглэлд шалгасан байгаа. ...би үзлэгээ явуулж байхад гэмтлийн эмнэлгийн хашааны зүүн талд байрлах төмөр хашааны завсраар уртдуу куртиктэй, саравчтай малгайтай, хар бараан царайтай үл таних хүн нөхцөл байдлыг ажиглаж харж байгаа харагдсан. ...үзлэгээ дуусгах дөхөж байхад гэмтлийн эмнэлгийн дээд талын онгоц буудаг зогсоолын дээд талын шатны орчмоос түрүүний хашаан завсраар харж байсан хүн хараад зогсож байхаар нь би урдаас нь очоод уг хүнийг шатаар буулгаж ирсэн. Уг хүний хамар хэсэгт шинэ шалбарсан шархтай, баруун хөлийн пүүз хоншоор хэсгээрээ хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, шинэ цусан толбо мэт зүйл байхаар нь “та юун хүн бэ, энүүгээр юу хийгээд эргэж тойрч яваад байгаа юм бэ” гэж асуухад “би уг траншейнд сүүлийн 2 жил гаруй ирэн очин амьдарч байгаа” гэсэн. Би “гутал чинь яагаад цустай байгаа юм бэ” гэхэд “би хүнтэй маргалдаж зодолдсон юм шиг байна” гэж байсан. ...Уг хүн согтолтын хувьд гайгүй юм шиг санагдсан. ...” /1хх 66/,
гэрч Ч.Мятавын “...ГССҮТ-ын “Морг”-ын шатаар доошоо буугаад зүүн талд байдаг траншейны нүхэн дээр очиход хэн болох нь тодорхойгүй, толгойн тус газраасаа их хэмжээний цус гарч, нүүр нь цусанд будагдсан, арзгар үстэй, 50 орчим насны тэнэмэл маягийн хүн хэвтэж байсан. Дээш нь татаад үзэхэд Ариука гэдэг иргэн байсан. Уг хүн нь өөрийгөө авч явах чадваргүй, толгойноос нь их хэмжээний цус гарсан, ам нь ангалзсан байдалтай байсан тул “Морг”-ын хаалгыг цохиж онгойлгоход Дорж гэх хүн гарч ирсэн. ...Дорж насилк авчраад дамжилж дамнуурга дээр тавиад “морг”-ын хаалгаар оруулаад дээшээ амилахуйн өрөөнд аваачиж өгсөн. Дорж тухайн үед Ариукаг таньж байсан ба тухайн өдөр энэ хавиар хүмүүстэй архи уугаад орилолдоод байсан гэж хэлж байсан. ...” /1хх 69/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гансүхийн “...Би Ариунболдын төрсөн эгч нь байгаа юм. ...Ариунболд миний хоёр дахь дүү байсан юм. Ариунболдтой би 1999 онд Улаанбаатар хотод сүүлд уулзсан. Сүүлд он сарыг нь мартсан байна, гэмтлийн эмнэлгийн энд тэнд байж байна гэж ярьсан. Ариунболд эхнэрээсээ салаад 20-30 жил гаруй болсон. ...Манай Баянзүрх дүүргийн хаяг дээр явдаг байсан. ...Мужаан мэргэжилтэй. Зан байдлын хувьд хүнд их тусархуу, найрсаг их хөнгөн хийсвэр хүн байгаа юм. Архаг хууч өвчин байхгүй. ...” /1хх 54/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5370 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх хар саарал өнгийн чулуу болон хүрэн бор өнгийн хөрсний дээж, 17см х 17см хэмжээтэй, 7 см дөртэй бетон чулуу, 79 см урттай арматурын төмөр цус илэрсэн. 50 см урттай, бургасны мөчир дээр цус илрээгүй. Дээрх объектууд дээр шүлс, арьсны хэсэг илрээгүй. Уг илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” /1хх 127-128/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5372 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Д.Гын өмсөж явсан гэх “Nike air” гэсэн бичигтэй, ногоон эрээн өнгийн үдээстэй, цагаан саарал өнгийн оруулгатай хар өнгийн пүүз нь шинжилгээнд тэнцэж байна. Холбогдогч Д.Гын өмсөж явсан гэх “Nike air” гэсэн бичигтэй, ногоон өнгийн үдээстэй, цагаан саарал өнгийн оруулгатай хар өнгийн пүүз дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. Жич: Хамрын хөндийгөөс ялгарах эмгэг шүүрэл буюу нусны биологийн шинжилгээгээр тогтоохгүй. Уг илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” /1хх 141-142/ гэх дүгнэлтүүд,
шинжээч эмч Э.Баасанжавын “...зүүн чамархайн яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр талд бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус хуралт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын нум, баруун 2-6, зүүн 2-4 дүгээр хавирга, өвчүүний далд хугарал, гялтан, зөөлөн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...амь насыг аврах боломж байхгүй...” /1хх 105-107/ гэсэн мэдүүлэг,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-19/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-30/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдал хөдөлбөргүй тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Гыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг хамааруулан үздэг.
Түүнчлэн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.
Шүүгдэгч Д.Гын хохирогч И.Аыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь “зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нар “...талийгаач И.Аын биед учирсан хүндэвтэр гэмтэл болох баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал нь гэмт хэргийн улмаас, шүүгдэгч Д.Гын үйлдлийн улмаас учраагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Харин талийгаачид учирсан баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 хавирга, өвчүү ясны далд хугарал нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх буюу сэхээн амьдруулах арга хэмжээ авсны улмаас үүссэн байна. Учир нь, талийгаач И.А нь гэмтлийн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад түүний биед хавирганы гэмтэл оношлогдоогүй ба түүнд 21:20 минутаас 21:40 минут буюу 20 минутын турш сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн нь тогтоогдсон байна.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.
...Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнд шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Г нь хохирогч И.Аын биед “зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4 дүгээр хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан хэргийн үйл баримт шинжээчийн 2809 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн Д.Г нь амь хохирогч И.Аыг цохиж, зодож байсан талаар шууд харсан гэрч Б.Анх-Эрдэнэ “...Тэгсэн нэг хүн нь газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн дээрээс нь уг хэвтэж байгаа хүний толгой, нүүр, биеийн хэсэгт гараараа цохиод, хөлөөрөө дээрээс нь дэвсээд, газар хэвтэж байгаа хүн огт хөдлөхгүй байхад дээрээс нь татаж үзээд ахин цохиж зодож байсан. ...” /1хх 62-63/ гэж мэдүүлдэг.
Мөн гэрч Ч.Мятав “...нүхэн дээр очиход хэн болох нь тодорхойгүй, толгойн тус газраасаа их хэмжээний цус гарч, нүүр нь цусанд будагдсан, арзгар үстэй, 50 орчим насны тэнэмэл маягийн хүн хэвтэж байсан. Дээш нь татаад үзэхэд Ариука гэдэг иргэн байсан. Уг хүн нь өөрийгөө авч явах чадваргүй, толгойноос нь их хэмжээний цус гарсан, ам нь ангалзсан байдалтай байсан. ...” /1хх 69/ гэж мэдүүлдэг бөгөөд талийгаач И.А нь нас барах хүртлээ шүүгдэгчийн учруулсан олон тооны шарх, гэмтлийн улмаас өвдөж шаналсан, тарчлан зовсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс талийгаачийн цээжинд учирсан гэмтлүүд нь эмнэлгийн тусламж үзүүлэх буюу сэхээн амьдруулах арга хэмжээ авсны улмаас үүссэн гэж маргах хэдий ч амь хохирогч И.А нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цээжний рентегин зурганд “хавирганы ясанд гэмтлийн өөрчлөлт тодорхойлогдохгүй,” гэж бичсэн эмч Б.Олз-Эрдэнийн тодорхойлолт байх бөгөөд шүүх эмнэлэгийн шинжилгээний явцад “...Цээжний хэнхэрцэгт баруун 2, 3, 4 , 5, 6, зүүн 2, 3, 4-р хавирга эгэмний шугамаар бага зэргийн зөрүү бүхий шууд бус хугаралтай, хугарал орчмын дотор хэсгийн гялтан хальс цоолсон хугаралтай” гэсэн нь гэмтлийн шинжийн зөрүүтэй байдал бий болсон ч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба шаардлагатай гэж үзвэл талийгаачийн цээжинд учирсан гэмтлүүд нь эмнэлгийн тусламж үзүүлэх буюу сэхээн амьдруулах арга хэмжээ авах үед үүссэн гэж үзвэл энэ талаар тусад нь шалгуулах эрх нээлттэй бөгөөд сэхээн амьдруулах явцад амь хохирогчид гэмтэл учруулсан нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ