| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00392/И |
| Дугаар | 156/ШШ2024/00538 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00538
| 2024 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 156/ШШ2024/00538 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4-р баг, А27-р байр, 23 тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******
Хариуцагч: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагч: ******* аймаг, ******* сум 2-р баг 48Б-6 тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын Их Сургуулийн харьяа ******* ахлах сургуулийн бичиг хэргийн ажилтан, Шарайд овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: 12,415,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,
Хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -,
Хариуцагч Н.******* /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч У.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Н.******* нарт холбогдуулан 12,415,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
П.******* миний эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ингэхдээ ******* аймгийн 4-р багийн А57 байрны 00 давхрын 01 тоот авто зогсоолоор миний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн. Би тухайн үед уг авто зогсоолыг дуудлага худалдаанд оруулахыг хүссэн. М.кв нь зөрүүтэй, хэт өндөр үнээр үнэлэгдэж гарсан үнийн зөрүү 1,500,000 төгрөгийг би төлж байсан. Уг авто зогсоолыг дуудлага худалдаанд оруулахгүй гэсэн тул тухайн авто зогсоолыг би эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу Н.*******ын төлөх ёстой хохирлын төлбөрт тооцуулж авсан. Ингээд уг авто зогсоолын гэрчилгээг гаргуулан надад өгсөн. Дараа нь би уг авто зогсоолыг н.бат гэх хүнд зарахад бат маргааш нь машинаа тавих гэтэл өөр эзэмшигчтэй байсан. Ингээд нэг авто зогсоол 2 өмчлөгчтэй болж, 2 үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй болсон байсныг мэдсэн.
Үүнээс болж бат нь намайг залилан хийсэн гээд авто зогсоолыг эзэмших, хэрэглэх, ашиглах боломжгүй юм байна гээд надад холбогдуулан иргэний хэргийн шүүхэд өгч, гурван шатны шүүхээр явж батад холбогдуулан би төлбөр төлөгч болж 3 жил санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирч байна.
Яагаад нэг үл хөдлөх эд хөрөнгө дээр 2 хүнд гэрчилгээ гарсан юм бэ гэж Улсын бүртгэлийн хэлтэст хэлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханд гэсэн. Ингээд би маш олон газраар явж зохих өргөдөл баримтуудаа өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч нар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хохирол, зөрчлийг арилгах даалгавар өгдөг. Би Улсын бүртгэлийн газрыг Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, Прокурорын газраар шалгуулж эрүүгийн хэрэг нээлгэж, шалгалт явагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн.
Би Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар гээд маш олон газарт хандахад албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрчилгээ давхардаж гаргасан байна гэсэн. Надад гэрчилгээг шилжүүлж өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн хэлтэс хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авдаггүй. Би баттай холбогдуулан 3 шатны шүүх хуралдаанаар яваад төлбөр төлөгч болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналт шалгалтын байцаагч нар ирлээ, тантай уулзуулж арга хэмжээ авахуулъя гэхэд яваад очихоор уулзуулах хүмүүс нь байдаггүй. Хяналтын байцаагч Ганбаатар гэх хүн зааланд байсан тэгээд намайг н.Бархас гэх хүнтэй уулзуулахад Бархас нь ямар ч зүйл мэдэхгүй, улсын бүртгэгч Батцэцэг гэх хүн нас барчихсан байна гэх хариуг л хэлдэг. Хэрэв эд нар анх гэрчилгээг шалгасан бол ийм зүйл болохгүй байх байсан. Би авто зогсоолыг авъя гэж хэлээгүй шүү дээ, хохиролд тооцсон шүүхийн шийдвэрийн дагуу л надад өгсөн. Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүртэл хохирч байна. Би зөрчлийг арилгуулж, дүгнэлт шалгалт хийлгэсэн боловч нэг хүнээс өөр нэг хүн рүү шилжүүлснээ шийдвэрлэсэн гэдэг ч миний хохирол барагдахгүй яваад л байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахаар Улсын бүртгэлийн хэлтэс яахаараа ийм гэрчилгээ гаргадаг юм, ийм гэрчилгээ гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн буруу, манайх Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагааг хийсэн гэдэг. Эцсийн эцэст Улсын бүртгэлийн хэлтсээс өгдөг гэрчилгээг банканд тавьж зээл, мөнгө авдаг, хэн нэгний өр төлбөрт өгдөг хуурамч цаас болж байна. Улсын бүртгэгч болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж би хохирсон тул миний хохирлыг төр хариуцах ёстой гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Энэ гэрчилгээнээс болж бат гэх хүний нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэргийн 3 шатны шүүх хуралдаанаар ороод би төлбөр төлөгч болж шүүхийн шийдвэрээр төлбөр төлөөд явж байгаа. Би энэ талаар Н.*******д хэлэхэд Улсын бүртгэлийн хэлтэс надад яагаад хуурамч гэрчилгээ өгдөг юм, өөр зогсоол байсан гэж хэлсэн.
Би анх шүүхэд ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.*******ыг хариуцагчаар оролцуулсан. Н.*******ын болон улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж би хохирсон. Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн дагуу би батад маргаан бүхий авто зогсоолыг зараад мөнгийг нь авчихсан байсан, наймаа буцсан тул 11,401,550 төгрөгийн төлбөр гарсан. 11,401,550 төгрөгийг задалж хэлбэл 11,100,000 төгрөг нь авто зогсоолын үнэ, анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 192,550 төгрөг, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны зардалд 109,000 төгрөг төлсөн. Дараа нь баттай холбоотой Давж заалдах болон Улсын дээд шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 192,550 төгрөг, 194,153 төгрөгийг тус тус төлсөн. Би энэ талаар маш олон удаа Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу явж хөөцөлдсөн. Улаанбаатараас *******, ******* аймгаас Улаанбаатар хот явах замын зардалд нийт 420,000 төгрөгийг зарцуулсан. Тухайн үед явсан зардлуудын баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Шуудан холбооны зардал 4,400 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архиваас баримт авахад 34,000 төгрөгийг тушаасан бөгөөд нийт 12,415,550 төгрөгийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон хариуцагч Н.******* нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч - нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч П.*******ы Төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас учирсан 12,415,550 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлд дурдагдаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, ******* сум, 4 дүгээр баг Сариг а57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байршилтай авто зогсоол нь ******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн өмчлөгч Н.*******аас П.*******ы өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.******* нь өөрийн эд хөрөнгийн өмчлөлд байсан уг зогсоолыг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан залилах гэмт хэрэг үйлдснийхээ хохиролд иргэн П.*******д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэн хохирол төлөх иргэн нь Н.******* гэдэг нь тогтоогдсон. Н.*******ын буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл дээр манайхыг хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай улсын бүртгэгч нь тухайн маргаан бүхий эд хөрөнгийн анхны бүртгэл Ү-1817003602 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, Ү-1817004122 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус бүртгэсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Ү-1817004122 дугаартай эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Н.******* нь бусдыг төөрөгдүүлэх хууран мэхлэх замаар Ү-1817004122 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн гэж үзэх шалтгаан байна.
Ү-1817003602, Y-1817004122 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөд авагдсан нотлох баримтаас дурдвал 2 хөрөнгийн фото болон план зураг өөр байршил заасан. Ү-1817003602 улсын бүртгэлийн дугаарт 12 м.кв, Ү-1817004122 улсын бүртгэлийн дугаарт 15.68 м.кв гэж зөрүүтэй гарсан. Н.******* нь манайд бүртгүүлэхдээ хаягийг зоорийн гэж өөрөөр бичилт хийж улсын бүртгэгчийг төөрөгдүүлсэн байх магадлалтай. Улсын бүртгэгч нь эх нотлох баримтыг үндэслэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийсэн. Мөн хуулийн 13.9-т мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу Н.******* улсын бүртгэлд бүрдүүлэн өгсөн нотлох баримтын үнэн зөвийг өөрөө хариуцах шаардлагатай. Алаг хайрхан бугат ХХК-ийн захирал Б. гарын үсэгтэй гэрээ болон албан бичгийг материалд хавсарган өгсөн байгаа нь үнэн зөв нотлох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд өгсөн гэж төөрөгдүүлэхээр байна. Алаг хайрхан бугат ХХК-ийн захирал Б. гарын үсэгтэй гэрээ болон албан бичгийг материалд хавсарган өгсөн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээг байгуулагдаж, төлбөр тооцоог дуусгавар болгосон гэж үзсэний үндсэн дээр тухайн бүртгэлийг хийсэн гэж үзэж байна. Мөн манай байгууллага нь цаасан суурьтай нотлох баримтад үндэслэн бүртгэлийг хийдэг. Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эх нотлох баримтуудыг 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүрдүүлэн авсан. Н.******* нь бусдыг төөрөгдүүлэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн 220900516 дугаар хавтаст хэрэгт шалгагдаж, Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тогтоолоор хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож байсан. Уг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.******* нь ******* аймгийн ******* суманд баригдах ******* хорооллын 42 айлын орон сууцны барилгын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хийх гэрээ болон бусад нотлох баримтад бичилт хийж өөртөө ашигтайгаар зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж байсан нь тогтоогдож байна. Мөн Н.******* нь тухайн бүртгэл хийлгэсний дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны зээлийн барьцаанд тавьж зээл авч байсан нь бусдыг хууран мэхэлж, төөрөгдүүлэн мөнгөн эх үүсвэртэй болох зорилго агуулсан гэж үзэж байна. Иргэн Н.******* улсын бүртгэгчийг төөрөгдүүлэн хуурамч нотлох баримт бүрдүүлэн бүртгэл хийлгэж, бусдад хохирол учруулсан гэм хорыг манайх арилгах үүрэггүй бөгөөд тухайн этгээд нь эрүүгийн хэргийн гэмт хэрэгт холбогдон шийтгэх тогтоолоор бусдад төлөх ёстой хохирлыг манай байгууллага төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч П.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр Н.*******ын гэмт хэрэг үйлдсэний хохиролд шилжүүлсэн шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлээр шилжсэн хөрөнгө юм. Н.******* нь өөрөө улсын бүртгэл дээр ирж өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж аваагүй. Н.*******ын хөрөнгө тань руу шилжиж байгаа болохоор П.*******, Н.******* хоёрын хооронд үүссэн нөхцөл байдал гэж үзэж байна гэв.
4. Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн - сумын шүүхэд нэхэмжлэгч П.*******ы хэрэг дээр н. гэх хүнтэй цуг орсон. Анх П.******* гэдэг хүнээс 13,000,000 төгрөгийг н. гэдэг хүнээс болж өдрийн 3 хувийн хүүтэй зээлээд бидний хооронд маргаан үүсч, бид хоёр тус бүр 9,300,000 төгрөг төлж П.*******ы өр төлбөрийг барагдуулах шийдвэр гарсан. Би 2014 онд Алаг хайрхан бугат ХХК-ийн Б. захиралтай компанид ******* аймагт орон сууцны борлуулалтыг хариуцахаар 3 жилийн хугацаатай ирсэн. 2015 оноос хойш Б. захирлаас цалин аваагүй, нийгмийн даатгал төлж байсан баримтуудаа гаргаж өгсөн. Цалингийн оронд надад авто зогсоолыг өгсөн. Би борлуулалт хийж байхдаа мөн давхар торт хийж зардаг байсан. Энэхүү бизнесээ дэмжих зорилгоор Хаан банкнаас гараашийг барьцаалж авто машин лизингээр авч байсан. Би орон сууцыг зарж урьдчилгааг нь Б. захирлын данс руу хийдэг байсан. Авто зогсоолтой холбоотой надаас удаа дараа гэрчийн мэдүүлэг авч байсан. П.*******ы өр төлбөрийг барагдуулахад таны нэр дээр ямар өмч хөрөнгө байна гэхэд нь би ийм авто зогсоол байгааг хэлсэн. Авто зогсоолыг үнэлгээнд оруулахад 10,800,000 төгрөгийн үнэлгээ гарч ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас над руу залгаж 10,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан, зөрүү 1,500,000 төгрөгийг авч миний данс руу хийнэ гэсэн юм байна лээ. Энэ талаар саяхан П.******* эгчээс сонссон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба над руу 1,500,000 төгрөгийг хийгээгүй, огт данс руу ороогүй. Би 2020 оноос хойш өр төлбөргүй болчихлоо гээд бодож явж байгаад саяхан П.******* эгчтэй холбогдоход гэрчилгээний талаар хэлсэн. Хэрэв давхар хүний нэр дээр байсан бол Улсын бүртгэлээс Анхбаяр гэдэг хүний нэр дээр байгаа гэсэн мэдээллийг яагаад хэлээгүй юм. Би улсын программын талаар юу ч мэдэхгүй. Б. захирлаас хууль ёсны дагуу цалингийнхаа оронд авто зогсоолыг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Монгол Улсын шүүхээр орж шүүхийн шийдвэр гарч бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан байхад намайг улсын бүртгэлийг залилсан хэргээр явж байна. Би П.******* эгчид одоо 9,300,000 төгрөгийн өр төлбөртэй. Анх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Энхтуяа өмгөөлөгчтэй орж байсан. Өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авахад улсын бүртгэлд гомдлоо гаргаж болно гэсэн. Би эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт заасан 9,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин одоо нэхэмжилж байгаа 12,415,550 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын хооронд ийм маргаан үүссэн. Дараагийн удаа Улсын бүртгэлд гомдлоо гаргаад явна. Иймд П.*******ы иргэний хэргээр нэхэмжилсэн шаардлагаас 9,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Иргэдийн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Төлбөрийг нэг хариуцагч болох ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах ёстой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, ******* сум, 4 дүгээр баг Сариг а57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байршилтай авто зогсоолыг миний өмчлөлд өгсөн. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны буруутай үйлдэл болон хариуцагч Н.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас би хохирч байгаа тул хохирлоо гаргуулна гэж тайлбарлалаа.
3. Хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч - нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, ******* сум, 4 дүгээр баг Сариг а57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байршилтай авто зогсоол нь өмчлөгч Н.*******аас П.*******ы өмчлөлд шилжсэн. Н.******* нь бусдыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар өөр хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дээр давхардуулан Ү-1817004122 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан явдалд улсын бүртгэгчийн буруутай үйлдэл байхгүй. Иймд Н.*******ын гэм буруутай үйлдлын улмаас учирсан хохирол тул манай байгууллага хариуцах ёсгүй гэж тайлбарлалаа.
4. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Би одоо П.*******д эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт заасан 9,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, илүү нэхэмжилж байгаа 12,415,550 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т., Н.******* нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т., Н.******* нараас тус бүр 9,159,624 төгрөгийг гаргуулан хохирогч П.*******д олгож шийдвэрлэсэн /хх-ийн/ байна.
Тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, ******* аймгийн ******* сумын 4-р баг, Сариг А57 байрны 00 давхрын 01 тоот хаягт байршилтай, 15.68 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий авто зогсоолыг хохирлыг нөхөн төлүүлэхээр ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэсэн /хх-ийн 87-89/ байна.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасны дагуу ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа /хх-ийн 81-82/ явуулж, ******* аймгийн ******* сумын 4-р баг, Сариг А57 байр, 00 давхрын 01 тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр П.*******ы хохирлыг нөхөн төлүүлж, улмаар П.*******ы нэр дээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаартай гэрчилгээ /хх-ийн 6/ олгогдсон байна.
Нэхэмжлэгч П.******* нь энэхүү эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаартай авто зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.батад 11,100,000 төгрөгөөр худалдсан боловч уг ******* аймгийн ******* сумын 4-р баг, Сариг А57 байр, 00 давхрын 01 тоот хаягт байршилтай 15.68 мкв талбайтай авто зогсоол дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1817003757 дугаартай гэрчилгээ давхар гарсан үйл явдал илэрчээ.
Энэхүү нөхцөл байдлаас улбаалан иргэн Б.бат нь П.*******д холбогдуулан 11,100,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжилж, тус иргэний хэрэг нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэн П.*******аас 11,100,000 төгрөгийг гаргуулан Б.батад олгосон /хх-ийн 90-95/, /хх-ийн 41-43/ шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл ******* аймгийн ******* сумын 4-р баг, Сариг А57 байр, 00 давхрын 01 тоот хаягт байршилтай 15.68 мкв талбайтай авто зогсоол нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1817003702 дугаар гэрчилгээтэй иргэн Г.Анхбаярын нэр дээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар гэрчилгээтэй П.*******ы нэр дээр тус тус өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/737 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаартай, Ү-1817003602 дугаартай бүртгэлүүдийг хяналтын улсын байцаагчийн 2022 оны 619 дүгээр дүгнэлтээр түдгэлзүүлж /хх-ийн 15/,
- 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаартай Эрхийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай Улсын байцаагчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар болон П.*******ы нэр дээрх 000873384 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож /хх-ийн 16-17/ шийдвэрлэжээ.
Мөн нэхэмжлэгч П.*******ы Цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 сарын 29-ны өдрийн 1297 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 101-102/-аар ...Н.******* нь ******* аймгийн ******* суманд баригдах ******* хорооллын 42 айлын орон сууцны барилгын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хийх гэрээ, бичиг баримтад бичилт хийж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын 4-р баг Сариг А57 байрны подволын зогсоол 01 тоот буюу авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэн Ү-1817003602 дугаартай гэрчилгээ авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна..., ...гэмт хэрэг үйлдснээс хойш 3 жил өнгөрсөн нь яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдож хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулсан бол уг гэм хорыг мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар гэм буруутай этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Энэхүү үүрэг нь тухайн гэм буруутай этгээдэд хуулиар ногдуулсан үүрэг юм.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул ******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9,159,624 төгрөгийг гаргуулан П.*******д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч энэхүү хохирлоо дахин иргэний журмаар нэхэмжлэхгүй.
Мөн ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 997 дугаартай болон 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас-т ...М.Батцэцэг нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байх үедээ буюу 2017 онд ******* аймгийн ******* сумын 4-р баг Сариг А57 байрны 00 давхрын 01 тоотод байрлах автомашины зогсоолыг иргэн Н.*******ын нэр дээр бүртгэж улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаартай гэрчилгээ олгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байна, ...гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жил өнгөрсөн нь яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдож хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн /хх-ийн 99-100, 101-102/ байна.
Иймд ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан М. буруутай үйлдэл нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 497 дугаар зүйлийн 497.3-д Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан тул хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч П.*******д учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч П.*******ы дээрх үйлдлийн улмаас учирсан хохирол болох:
- ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нэхэмжлэгч Б.батын нэхэмжлэлтэй хариуцагч П.*******д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр /хх-ийн 48, 90-95/ төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 192,550 төгрөг, мөн хэргийг давж заалдах журмаар /хх-ийн 41-43/ хянан шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,550 төгрөг, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжид /хх-ийн 49/ төлсөн 194,153 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579,253 төгрөгийг,
- Дээрх үйл явдлын улмаас ******* аймгаас Улаанбаатар хот хүртэл, Улаанбаатар хотоос ******* аймаг хүртэл явахад зарцуулсан бензины зардалд нийт 420,000 төгрөг зарцуулсан эсэхэд хариуцагч нар маргаагүй, үгүйсгээгүй, энэхүү зардал нь хэрэгт авагдсан э-баримтууд, Монгол шуудан ХК-ний баримт, Эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар /хх-ийн /-аар нотлогдож байх тул замын зардал 420,000 төгрөгийг,
- Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан 9,159,624 төгрөгийн хохирлыг нөхөн тооцуулахад авсан ******* аймгийн ******* сумын 4-р баг, Сариг А57 байр, 00 давхрын 01 тоот хаягт байршилтай 15.68 мкв талбайтай авто зогсоолыг иргэн Б.батад 11,100,000 төгрөгөөр зарсан боловч хариуцагч нарын буруутай үйлдлийн үр дагаварын улмаас иргэн Б.батад буцааж 11,100,000 төгрөг өгөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул 11,100,000-9,159,624=1,940,376 төгрөгийг,
нийт 579,253 төгрөг+420,000 төгрөг+1,940,376 төгрөг=2,939,629 төгрөгийг хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон хариуцагч Н.******* нараас тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс 1,469,815 төгрөг, хариуцагч Н.*******аас 1,469,815 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,475,921 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,469,815 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 1,469,815 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун арван тав/ төгрөг, хариуцагч Н.*******аас 1,469,815 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,475,921 /есөн сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагч Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 38,467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР