| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00537/и |
| Дугаар | 152/ШШ2024/00507 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 152/ШШ2024/00507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., М ургийн овогт Ж-гийн О-ын,
1999, 2000 оны малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн. Би 1985 онд 8 дугаар анги төгссөн ба 1990 оноос аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1995 онд гэр бүл болж тусдаа гарч өөрийн нэр дээр малаа тоолуулж эхэлсэн. Гэтэл мал тоолж байсан хүмүүс 1999, 2000 оны малын тооны лавлагаанд миний нэрийг дуудлагаар У гэж эгшиг үсгийн зөрүүтэй буруу бичсэн байна. Үүний улмаас малчнаар тэтгэвэрт гарах боломжгүй байдалд хүрч хохироод байна. Иймд малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч, 1999, 2000 оны малын тооны лавлагааны эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Жигэрүүсэнгийн У нэрээр түүвэрлэн ирүүлсэн 1999-2000 оны малын тооны лавлагаа, гэрч Ж.Н, Ж.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Н, Ж.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Оын 1999-2000 оны малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Оын малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхэд нэхэмжлэгчийн овог, нэрийг Жигрүүсэнгийн О гэж тэмдэглэсэн байна.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн малын тооны лавлагаанд Жигэрүүсэнгийн Уын 1999-2000 оны малын тоог түүвэрлэн ирүүлжээ.
3.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Н, Ж.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Н “Би Ж.Оын хамт Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багт олон жил ажиллаж амьдарч байсан. Ж.О аав, ээжийн хамт мал маллаж амьдарч байсан бөгөөд 1995 онд гэр бүл болж тусдаа бие даан мал маллаж амьдарч эхэлсэн ба одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Хүмүүс Ж.Оыг У, Омбоо гэж дууддаг байсан. Ж.О нь ах дүү 7-уулаа бөгөөд үүнээс 2 ах, нэг эрэгтэй дүү нь нас барсан. Би багаасаа айл саахалт байсан учраас Ж.Оыг сайн мэднэ. Ж.Оын ах дүү нарын дунд Ж.У гэх нэртэй хүн байхгүй” гэж, гэрч Ж.Э “Ж.О нь миний төрсөн дүү бөгөөд 1990 оноос аав, ээжийн хамт мал маллаж амьдарч байгаа бөгөөд 1995 оноос өрх тусгаарлаж өөрийн нэр дээр малаа тоолуулж эхэлсэн. Ж.О нь 1995 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байгаа. Бид эхээс долуулаа бөгөөд бидний дунд Ж.У гэдэг нэртэй хүн байхгүй. Бид нар Ж.Оыг Омбоо гэж дуудаг” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
4. Жигэрүүсэнгийн У нэрээр түүвэрлэн ирүүлсэн лавлагааны овог тохирч байх боловч э үсэг илүү бичсэн, О гэх нэрийг дуудлагаар нь У тэмдэглэсэн болох нь нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ж.Н, Ж.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Жигэрүүсэнгийн У нэрээр түүвэрлэн ирүүлсэн 1999-2000 оны малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Монголмууд ургийн овогт Жигрүүсэнгийн О мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ж-гийн У нэрээр түүвэрлэн ирүүлсэн 1999-2000 оны малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Монголмууд ургийн овогт Ж-гийн О мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ