Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/00366

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/00366

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, МН тауэр ** давхар *тоот хаягт байрлах, *ББСБ ХХК РД:/*****/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, Зүүн наран * дугаар гудамж, **г тоотод оршин суух хаягтай,** ургийн овогт *** /***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,122,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч **** зээлийн гэрээний үүрэгт 3,122,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:******ББСБ ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4333 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 4,004,910 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ***ХХК-иас Samsung S22 Ultra маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,435,375 төгрөг, төлөх ёстой хүү 578,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,400 төгрөг, нийт 3,122,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/, Зээлийн гэрээ /хх 6-8/, Барьцааны гэрээ /хх 9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 10/, Бараа хүлээлгэн өгсөн акт /хх 11/, *** ххк-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх 13/, Хур системийн лавлагааны маягт /хх 14/, Зээл төлөлтийн дансны хуулга /хх 15-16/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч * ББСБ ХХК болон хариуцагч * нар №4333 тоот Зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр хариуцагч * нь нэхэмжлэгчээс өрхийн хэрэглээний зориулалтаар 4,004,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй зээлжээ. Мөн зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохирсон байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *ББСБ ХХК нь хариуцагч **т холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,435,375 төгрөг, зээлийн хүү 578,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,400 төгрөг, нийт 3,122,940 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Уг байдлыг хариуцагч гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй гэж үзэхээс гадна нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *с 3,122,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН