Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2024/00508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1969 оны 12 сарын 07-нд төрсөн. Одоо 55 настай. Би 1987 оны 06 сард 10-р анги төгсөөд 1987 оны 07 сарын 01-нээс эхлэн ******** сумын ******** нэгдэлд малчнаар ажилд орсон. 1987 оны 07 сарын 01-нээс 1990 оныг дуустал малчнаар ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэр дээр тамга дарагдаагүй, 1988 оны 06 сарын материал архивт ороогүй боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бүрэн бичилт хийгдэж олгов тамга дарагдсан болно. Иймд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал ******** сумын ******** нэгдэлд *******, ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 370 дугаартай лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-*********-н Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******** сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ********* нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 370 дугаар “Тус аймгийн ******** сумын ******** нэгдлийн *******, ****** бригадад малчин байсан ********-н 1987 оны 07 дугаар сараас 1988 оны 05 дугаар сарыг дуустал, 1988 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-**********-д ******** сумын ******** нэгдлээс олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авч байсан цалингийн бичилт хийгдсэн зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ********-н хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй, түүнчлэн дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан хоног цалингийн бичилт нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 370 дугаар лавлагаанд бичигдсэн бичилттэй тохирч байгаа зэргээр харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ********-ийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******** сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********-г 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН