Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/272

 

Д.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

хохирогч Э.Т хууль ёсны төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрах,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлоор Д.Дд холбогдох 2203 00271 0354 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Д-ын Д, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, “.....” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл ганцаараа, .... аймгийн .... сумын ..... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-р гармаас Улаанбаатар хот явах замд “АЖ” ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн 49-55 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23. Хүн тээвэрлэх, 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвш дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийг огцом тоормосолсны улмаас тэвшин дээр зорчиж явсан зорчигч нар ачаан дээр ачсан компрессорт хавчуулагдан зорчигч 17 настай, эрэгтэй Э.Т эрүүл мэндэд хүнд хохирол, 20 настай, эрэгтэй Э.Г, 44 настай, эрэгтэй Т.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-ын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497.1, 498.1, 499.1, 505.1, 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ”АЖ” ХХК-аас 140.904.917 /нэг зуун дөчин сая, есөн зуун дөрвөн мянга, есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс хоол хүнсний зардалд 3.484.712 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон, нэг удаагийн тэтгэмжид 16.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирлоос 40.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм хорыг хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэрэгт “АЖ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Иргэний хуулийн 228.4, 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “АЖ” ХХК-аас нийт 140.904.917 төгрөг гаргуулж, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын 16.1 дэх хэсэгт “...Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Бүгд Найрамдах Турк улсын “Medical park Gedze” эмнэлэгт эмчилгээ хийлгэхтэй холбоотой холбогдох баримтыг шаардлага ханган гаргаж өгсөн. ...Хохирогч Э.Т нь байнгын асаргаанд, бэлхүүснээс доош мэдээгүй байх ба нөхөн сэргээх физик эмчилгээнд сайтар явсан тохиолдолд эрүүл мэндийн байдал сэргэх боломжтой гэсэн хууль ёсны төлөөлөгчийн шаардлагыг няцаан үгүйсгэх боломжгүй байна. Мөн хуралдааны явцад нөхөн сэргээх эмчилгээ нэг удаадаа 1-3 сарын хугацаагаар үргэлжлэх, бидний хувьд бүтэн жилийн хугацааны төлбөрийг гаргуулах хүсэлтэй гэснээс шүүх 3 сарын хугацаагаар гаргуулах, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь үзлэгийн үнэ 6.500 ам.доллар, нэг сар үргэлжлэх үнэ 10.000 ам.доллар буюу 3 сарын төлбөр 36.500 ам.доллар байна. ...36.500 ам.доллар нь 124.977.460 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс Иргэний хуулийн 288.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “АЖ” ХХК-аас 124.977.460 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайдын гаргасан А/370 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д нөхөн сэргээх физик эмчилгээ байхгүй болно. Мөн манай улсад нөхөн сэргээх физик эмчилгээгээр дагнан үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг олон байдаг тул Улаанбаатар хотод нөхөн сэргээх физик эмчилгээгээ хийлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолын 16.1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад гэм хорын хохирлыг түүний ажлуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Д.Д нь манай байгууллагын ажилтан. Гэхдээ уг хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан бол энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан хариуцлагаас байгууллагыг чөлөөлж болно” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад уг тээврийн хэрэгсэл дээр хамт байсан Галбадрах мэдүүлэхдээ “биднийг уг тэвшин дээр гарч суухыг хориглосон. Хөдөлгөөний аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн” гэсэн байдаг. Уг хэрэгт ганцхан Д.Дг буруутгадаг. Гэтэл уг дэвшин дээр гарсан 4 ажилтан аюултай болохыг мэдсээр байж санаатай уг үйлдлийг гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолыг 16.1 дэх хэсэгт заасан хэсгийг нээлттэйгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэхгүйгээр шууд заасан нь буруу.” гэв.

Хохирогч Э.Т хууль ёсны төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гадаад руу яагаад эмчлүүлэх гээд байна вэ гэж байна. Мэдрэлийн эсийг сэргээх буюу толгойноос хөл рүү, хөлний үзүүрээс толгой руу мэдрэлийг дамжуулах тусгай төхөөрөмж Турк улсад байгаа. Энд эмчлүүлэх боломжтой гэж байна. Бид Монгол улсад 10 сар гаруй хугацаанд эмчлүүлсэн боловч ямар ч үр дүн гаргаагүй. Мэдрэлийн судасыг хянадаг тусгай аппарат Турк улсад байдаг. Монгол улсад ашигладаг төхөөрөмжөөс хэд дахин илүү үр дүнтэй, орчин үеийн төхөөрөмж тэнд байна. Хохирогчийг өнөөдрийг хүртэл хаяагүй гэх боловч бодит байдал дээр тийм зүйл байхгүй байгаа. Би компани дээр очоод “ийм зүйл хэрэгтэй байна, эмнэлэгт хэвтүүлмээр байна” гэхээр хариуцах хүн байдаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хүүхдийн бие маш муу байгаа.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хүүхэд ийм хүнд гэмтлийг авсан байхад компанийн зүгээс аль болох мөнгө, төгрөг өгөхгүй, зайлсхийх, удаашруулах санаа зорилготой байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ нь байнга “АЖ” ХХК-нд хандаж өргөдөл, хүсэлт өгдөг боловч захирлууд нь уулзахгүй гэдэг. Энэ хугацаанд хохирогч хүүхдийн эрүүл мэнд маш ноцтой байдалд хүрсэн байна. Амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсч байгаа. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэж тогтоосон. Компанийн төлөөлөгч өнөөдөр ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Хүүхэд сэтгэл санаа, эрүүл мэндээр маш их хохирсон. Амиа хорлох талаар ярьж байна. Монгол улсад байхгүй тоног төхөөрөмж Турк улсад байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Д нь гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 7 сая гаруй төгрөгийг хохирогчид төлсөн. Цаашид ч гарах хохирлыг барагдуулна. Анхан шатны шүүх цаашид төлөх төлбөргүй гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Иргэний хариуцагч компаниас гаргаж буй давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээний төлбөрийг компани гаргаж өгөх нь зүйтэй. Тухайн өдөр хариуцаж байсан инженер Дөлгөөн эдгээр хүмүүсийг суулга гэж шаардсан. Өмнөх өдөр нь мөн 3 хүн суулгахыг Дөлгөөн шаардсан. Би өөрийнхөө зүгээс болохгүй гэдгээ хэлсэн боловч “чи зөөлхөн яв, аваад яв” гэж шаардсан.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Насанд хүрээгүй хохирогч Э.Т нь нуруу нугасны хүнд гэмтэл авсан. 4 удаагийн хүнд хагалгаанд орсон. Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Байнга хүний асаргаанд байдаг болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Прокуророос эмчилгээний төлбөрийг иргэний хариуцагч компаниас гаргуулах нь зүйтэй гэх саналыг тавьсан. Цаг алдалгүй хохирогчийг эмчлүүлэх шаардлагатай байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс судалж үзээд хамгийн бага зардал гарах Турк улсыг сонгосон гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-р гармаас Улаанбаатар хот явах замд “АЖ” ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн 49-55 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23. “Хүн тээвэрлэх”, 23.1. “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.”, “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвш дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийг огцом тоормосолсны улмаас тэвшин дээр зорчиж явсан зорчигч нар ачаан дээр ачсан компрессорт хавчуулагдан зорчигч 17 настай, эрэгтэй Э.Т эрүүл мэндэд хүнд хохирол, 20 настай, эрэгтэй Э.Г, 44 настай, эрэгтэй Т.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:

насанд хүрээгүй хохирогч Э.Т “...туслах инженер Дөлгөөн “ажилчдын автобус дуудах уу, ачааны машины тэвшин дээр суугаад явах уу” гэж асуухаар нь “хийн компрессор нь урагшаа болчихгүй биз дээ” гэж асуухад хэн ч юм дуугараагүй. Тэгээд бид дөрвүүлээ ачааны машины тэвш дээр гарч, хийн компрессор урд хэсэгт суугаад явж байснаа санаж байна. ...нэг мэдэхэд л ардаас маш хүчтэй шахагдаж нүд харанхуйлаад өөр зүйл санахгүй байгаа. ...” /1хх 148-149/,

хохирогч Э.Ган-Эрдэнийн “...ачаан дээр нь гарч суусан. Тэгээд Улаанбаатар хот чигтэй 361 гарам өнгөрөөд явж байгаад нөгөө автомашин огцом тоормос гишгээд автомашинаа зогсоосон. Тэр үед автомашины дээр ачиж явсан компрессор урагш гүйж ирээд Тэмүүхэн бид хоёрыг дарсан. Зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Хамт ажиллаж байсан хүмүүс гараад суухаар нь би араас нь гарч суусан. ...” /1хх 18/,

иргэний нэхэмжлэгч Т.Згийн “...16 цагийн орчимд бид хэдийн ажиллаж байсан зам дээр ашиглаж байсан зам цэвэрлэдэг моторын түлш нь дууссан. Тэгээд бид хэд хотын төв рүү явах болоод тухайн зам цэвэрлэдэг мотор ачсан өргөгчтэй крантай автомашинаар явахаар болсон. Тухайн машины кабин дүүрэн байсан тул надтай хамт ажиллаж байсан Тэмүүхэн, Ган-Эрдэнэ, Галбадрах нар тухайн машины тэвш дээр гараад суусан байсан. Тэгээд ах гараад ир гэж хэлсэн тэгэхээр нь би гарч суусан. Замдаа явж байтал гэнэт тоормос гишгээд зам цэвэрлэдэг моторын бэхэлсэн тросс нь тасраад тэвшин дээр сууж явсан бид хэдийг шахаад бид хэд дарагдсан. Тухайн үед миний зүүн талын доод талаасаа 3 дахь хавирга хугарсан байсан, мөн баруун хөлийн тавхай хэсэг хавчуулагдаж дарагдсан, баруун гарын шууны арьс хууларч унасан. Хөдөлж чадахгүй ажлын газар 20 гаран хоног байсан. ...” /1хх 108-109/,

гэрч С.Дөлгөөний “...миний ажилладаг “АЖ” ХХК нь Улаанбаатараас Дархан явах замыг шинээр тавьж хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэн хийж байгаа юм. ...компрессор түлшгүй болсон юм чинь ажилчдаа эрт амраагаад маргааш эртхэн ажлаа эхлээрэй гэсэн. Тэгэхээр нь би ажилчид дээр очоод “автобус иртэл ажиллаж байх уу, эрт буух уу” гэж асуухад бүгд “эрт бууя” гэсэн. Тэгж хэлээд би компрессор ачсан ачааны машины бүхээгт орж суусан. ...уг автомашин дээр суусныг ч би мэдээгүй, учир нь би автомашины бүхээгт хамгийн түрүүлж орж ирээд суусан байсан. ...” /1хх 21/,

гэрч Д.Галбадрахын “...Хово маркийн автомашины ачаан дээр Тэмүүхэн, Ганаа, Зандан бид 4 суусан. Намайг хэн нэгэн хүн дээр суу гэж хэлээгүй. Бусдад хэлсэн эсэхийг би мэдэхгүй. Суугаад 52-оос хөдлөөд 361 өнгөрөөд явж байтал машин гэнэт тоормослоод ард байсан копрессор урагшаа шахаад ороод ирсэн. Би голд, Тэмүүхэн миний баруун гар талд урд нь Ганаа, Зандан миний зүүн гар талд сууж явсан. Ачаан дээр компрессорыг нарийн троссоор бэхэлсэн байсан бөгөөд бид хоёр хоорондоо нарийн зүйлээр бэхэлсэн байна гэж ярьж байсан. Тоормослох үед миний нуруу руу компрессор шахахаар нь би бостол тросс нь тасраад тэр гурав хавчуулагдсан. ...” /1хх 217/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7536 дугаартай “...Э.Т биед цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, чацархайн урагдал, нойр булчирхай, 12 хуруу гэдэсний няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, /500мл/, зүүн 11 дүгээр хавирга, сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын арын сэртэн хоорондын холбоосын урагдал, сээрний 11 дүгээр нугалмын бүрэн мултрал, нугасны сувгийн хавчигдалт, цээжний хөндийд хий, цус хуралдалт, хэвлий, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” /1хх 44-48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7535 дугаартай “...Э.Ган-Эрдэнийн биед баруун талын умдаг ясны дээд салаа, доод салаа, зүүн талын сүүжний дэлбээ ясны ар хэсгээр ууц сүүжний үе дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” /1хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7534 дугаартай “...Т.Згийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн мултрал, баруун өлмийд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шуу, сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн 2-р нугалмын хөндлөн сэргийн зөрүүгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөлийн 3-р хурууны үзүүрийн шивнүүрийн мултрал, баруун өлмийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 102-103/ гэх дүгнэлтүүд,

            Тээврийн цагдаагийн албаны 676 дугаартай мөрдөгчийн “...“Хово” маркийн 49-55 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагааг тус тус нотлох баримтад тооцлоо.

Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-13/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 122-125/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Дг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Дгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23. Хүн тээвэрлэх, 23.1. “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.”, “Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвш дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийг огцом тоормосолсны улмаас тэвшин дээр зорчиж явсан зорчигч нар ачаан дээр ачсан компрессорт хавчуулагдан Э.Т эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Г, Т.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрах “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайдын гаргасан А/370 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д нөхөн сэргээх физик эмчилгээ байхгүй болно. Мөн манай улсад нөхөн сэргээх физик эмчилгээгээр дагнан үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг олон байдаг тул Улаанбаатар хотод нөхөн сэргээх физик эмчилгээгээ хийлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолын 16.1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан бол энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан хариуцлагаас байгууллагыг чөлөөлж болно” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад уг тээврийн хэрэгсэл дээр хамт байсан Галбадрах мэдүүлэхдээ “биднийг уг тэвшин дээр гарч суухыг хориглосон. Хөдөлгөөний аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн” гэсэн байдаг. Уг хэрэгт ганцхан Д.Дг буруутгадаг. Гэтэл уг дэвшин дээр гарсан 4 ажилтан аюултай болохыг мэдсээр байж санаатай уг үйлдлийг гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолыг 16.1 дэх хэсэгт заасан хэсгийг нээлттэйгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Д нь “АЖ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэх явцад тухайн осол гарсан бөгөөд бусдад учирсан хохирол хор уршгийг “АЖ” ХХК нь хариуцан арилгах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Э.Тд цаашид нөхөн сэргээх физик эмчилгээнд явах зайлшгүй шаардлага тогтоогдож байна гэж үзсэн нь Э.Т үндсэн онош, дагалдах онош, хүндрэл, хийгдэх эмчилгээ, яаралтай хийгдэх эмчилгээ зэрэг нь хэрэгт цугларсан баримтаар байнгын асаргаанд, бүсэлхийнээс доош мэдээгүй байгаа, нөхөн сэргээх эмчилгээнд тогтмол явсан тохиолдолд эрүүл мэнд сэргэх боломжтой, Бүгд найрамдах Турк улсын “Medical Park Gebze” эмнэлэгийг сонгосон байдал зэргээс 3 сарын төлбөр 124.977.460 төгргийг иргэний хариуцагч “АЖ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэхүү гэмт хэрэг гарахад “АЖ” ХХК-ийн захирал удирдлагууд, тухайн өдөр аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан инженер С.Дөлгөөн нарын хариуцлагагүй, хайнга хандсан үйлдэл нөлөөлсөн бөгөөд энэ талаар шалгавал зохино.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “АЖ” ХХК-ийн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ