| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00483/И |
| Дугаар | 156/ШШ2024/00545 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00545
| 2024 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2024/00545 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Налайх дүүргийн 2-р хороо, 38-14 тоотод оршин суух, ******* *******
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5-р баг, Онон буурал 19-11 тоотод оршин суух, ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2,625,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 2,625,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч С.*******ын хүү Б.******* хамт PC Mall дэлгүүрээс лизингээр авсан iphone 15 pro max маркийн гар утсыг хариуцагч Б.******* нь ломбарданд 2,500,000 төгрөгөөр тавьж, түүнийг нэхэмжлэгч С.******* 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ломбардаас зээлсэн 2,500,000 төгрөг болон хүү 125,200 төгрөгийн хамт төлж ломбардаас утсаа чөлөөлж авсан тул уг төлбөрийг хариуцагч Б.*******аас нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.*******ын хүү Б.******* 2020 оноос хамтран амьдарч бидний дундаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Мөнхсайханы Минжин төрсөн. Охин төрөх үед манай нөхөр Б.Мөнхсайхан нь надад охин төрүүлж өгсөнд баярлалаа гээд тухайн гар утсыг авч бэлэглэж байсан. Б.Мөнхсайхан нь хамтран амьдрах болсон хугацаанаас хойш надад бие эрхтэн, сэтгэл санааны хүнд дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул тухайн асуудлыг нь Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн бөгөөд одоо Б.Мөнхсайханд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэж хэрэг нь Прокурорын байгууллага руу шилжсэн. Одоогоор бид тус тусдаа амьдарч байгаа гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******ын хүү Б.Мөнхсайхан хариуцагч Б.******* нар хамтын амьдралтай байсан бөгөөд Б.*******т Б.Мөнхсайхан нь охин төрүүлж өгсөн болохоор Б.*******т уг утсыг бэлэглэсэн гэдэг. Тухайн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бий болоогүй учраас уг утсыг захиран зарцуулах эрх Б.*******т байгаа. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох ноцтой зөрчил гаргаагүй учраас миний өмчлөлийн утас гэж хариуцагч тайлбарладаг. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******ийн ломбардад тавьсан Iphone 15 pro max гэх гар утсыг С.******* 2,625,200 төгрөг төлж ломбардаас авсан гэдэгт хариуцагч тал маргахгүй. Б.******* нь байрны төлбөр түрээсээ төлөөд ломбардад тавьсан утсаа авах чадваргүй, боломжгүй байсан гэж тайлбарладаг. Б.******* нь ломбардад тавьсан утасны төлбөрийг төлөх үүрэгтэй ч тэрээр ломбардад тавьсан төлбөрөө төлж чадаагүй учраас С.******* уг утсыг ломбардаас чөлөөлж авсан. Үүнд маргах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагч Б.*******ийн барьцаалан зээлдэх газарт гар утасыг барьцаанд тавьж мөнгө зээлсэн зээлийн үндсэн төлбөр болон хүү 125,200 төгрөгийн хамт С.******* нь төлсөн тул уг төлбөрийг хариуцагч Б.*******аас нэхэмжилж байна гэж,
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Нэхэмжлэгч С.*******ын хүү Б.Мөнхсайхан хариуцагч Б.******* нар хамтын амьдралтай байсан, Б.Мөнхсайхан нь охин төрүүлж өгсөнд баярлаж Б.*******т Iphone 15 pro max гар утас бэлэглэсэн бөгөөд уг бэлэглэсэн утсыг Б.******* ломбардад тавьсан. Б.******* нь байрны төлбөр түрээсээ төлөөд ломбардад тавьсан утсаа авах чадваргүй, боломжгүй байсан гэж тайлбарласан.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч С.*******ын хүү Б.******* хамтран амьдарч тэдний дундаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин М.Минжин төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбараар,
- Хариуцагч Б.*******, нэхэмжлэгч С.*******ын хүү Б.Мөнхсайхан нар нь хоорондын таарамжгүй харилцаатай болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4973 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрийн хуулбар болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбараар,
- Хариуцагч Б.******* нь Iphone 15 pro max нэртэй гар утсыг барьцаалан зээлдэх газарт тавьж, 2,500,000 төгрөгийг зээлж авч гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан, нэхэмжлэгч С.******* нь уг барьцаалан зээлдэх газарт тавьсан гар утсыг үндсэн зээл 2,500,000 төгрөг болон зээлийн хүү 125,200 төгрөг, нийт 2,625,200 төгрөг төлж авсан болох нь ХХК барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбараар,
- уг барьцаалан зээлдэх газарт тавьсан Iphone 15 pro max нэртэй гар утсыг нэхэмжлэгч С.*******, түүний хүү Б.Мөнхсайхан нар худалдан авч байсан болох нь хэрэгт авагдсан PC mall 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат засварын нэмэлт нөхцөл баримт болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч тал нь барьцаалан зээлдэх газрын барьцаанд тавьсан Iphone 15 pro max нэртэй гар утасны эзэмшигч нь хэн болох талаар маргаж, ...охин төрүүлж өгсөнд баярлаж Б.Мөнхсайхан надад бэлэглэсэн тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг ломбардад тавьсан гэж мэтгэлцсэн.
5. Дээрх харилцаанаас үзэхэд хариуцагч Б.******* нь гар утсыг барьцаалан зээлдэх газрын барьцаанд тавьж 2,500,000 төгрөг зээлсэн үндсэн төлбөр болон ашигласан хугацааны зээлийн хүүний төлбөрүүдийг нэхэмжлэгч С.******* нь Б.*******ийн өмнөөс барьцаалан зээлдэх газарт төлсөн үйл явдал тогтоогдсон бөгөөд энэхүү төлсөн төлбөрөө нэхэмжлэгч С.******* нь буцаан хариуцагч Б.*******аас нэхэмжилсэн байна.
Харин уг гар утас хэний өмчлөлийн эд хөрөнгө болох талаар талууд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******ийн өмнөөс барьцаалан зээлдэх газарт төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь барьцаалан зээлдэх газарт 2,625,200 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргийг нэхэмжлэгч С.******* гүйцэтгэсэн байх тул уг төлбөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
6. Иймд Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 2,625,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хариуцагч Б.*******т шүүхээс шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулан, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 56,953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 2,625,200 /хоёр сая зургаан зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,953 /тавин зургаан мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 56,953 /тавин зургаан мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА