| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00485/И |
| Дугаар | 156/ШШ2024/00548 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00548
2024 11 19 156/ШШ2024/00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00485/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Өлзийтийн 13-01 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 13-01 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Гуравдагч этгээд:******* аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Сариг 57-р байрны 22 тоотод оршин суух ******* *******
Гуравдагч этгээд:******* аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Сариг 57-р байрны 22 тоотод оршин суух
Хүсэлтийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******, Э.*******,
Гуравдагч этгээд Л. /цахимаар/
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******, Э.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дундаас 2018 онд охин Х. төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй, өөрсдийн гэсэн гэр оронгүй, ажилгүй байсан тул гадаад руу гарах зорилгоор материал бүрдүүлж эхэлсэн. Гадаад руу гарахад нялх хүүхэдтэй гээд болохгүй болчих болов уу гээд өөрийн ах Д.*******ын гэр бүлд охиноо үрчлүүлэх шийдвэр гаргаж, ах эгчтэйгээ ярилцаж байгаад ийм шийдвэрт хүрч охиноо үрчлүүлсэн. Олон газар луу виз мэдүүлсэн боловч тодорхой хариу ирээгүй. Б.******* бид хоёр 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин охинтой болж Монголдоо ажиллаж амьдрах шийдвэрийг гаргасан. Бид ахындаа үрчлүүлсэн том охиноо байнга очиж эргэдэг байсан. Хоёр охин маань хоорондоо маш ойрхон өссөн. Том охин Х. одоо 6 нас хүрч нэгдүгээр ангид орж байгаа, мөн хоёр хүүхдээ цуг байлгамаар байгаа учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан гэв.
3. Гуравдагч этгээд Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******, Б.******* нарын гаргасан хүсэлтэд татгалзах зүйлгүй, маргаангүй. Э.*******, Б.******* нар нь манай нөхрийн төрсөн эгчийн хүүхдүүд юм. Анх гэр бүл болж, хүүхэд төрүүлээд гадаад руу гарч орон байрны мөнгөтэй болж, тогтсон ажил, төрөлтэй болъё гэдэг шалтгаанаар Солонгос улс руу виз хөөцөлдсөн боловч бага насны хүүхэдтэй болохоор виз гарахгүй байна, хүүхдээ үрчлүүлвэл виз гарах боломжтой гэж визний материал бүрдүүлдэг хүмүүс зөвлөсөн гэх шалтгаанаар нөхөр маань надад охин г үрчилж авъя гэж хэлсэн. Надад татгалзах зүйл байхгүй байсан тул зөвшөөрсөн. Охин Х. одоо 6 нас хүртлээ, нөхөр бид хоёрын асрамжид өссөн. Гэхдээ төрсөн аав, ээжийгээ мэддэг байсан. Э.*******, Б.******* нь дахин охинтой болж, гадаад руу явахаа больсон тул охиноо буцааж авъя гэсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаад нөхөр бид хоёрт хэлсэн. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлд маргаан байхгүй, татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******, Э.******* нар нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэрээр үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагч Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 4 тал),
2. Хүсэлт гаргагч Э.*******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5 тал),
3. Хүсэлт гаргагч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 6 тал),
4. Хүсэлт гаргагч Б.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 7 тал),
5. *******ын гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 8 тал),
6. Үрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 9 тал),
7. Төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 10 тал),
8. Гуравдагч этгээд Л.Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 13 тал),
9. Гуравдагч этгээд Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 14 тал),
10. ******* аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 15-16 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ...Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж хуульчилсан ба хүсэлт гаргагч Б.*******, Э.******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар үрчлэлтийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл гадаад руу виз мэдүүлэх зорилготойгоор үрчлүүлэгч нар нь хүүхдээ үрчлүүлээд дараа нь энэхүү үйлдэл нь бүтээгүй хэмээн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж байгаа нь хууль зүйн болон нийтээр хүлээсэн зан суртахуунд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд хүсэлт гаргагч Б.*******, Э.******* нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин г 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******, Л. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******, Э.******* нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин г 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******, Л. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА