Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/294

 

С.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батзориг,

шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Бт холбогдох 2202 00000 0411 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х ургийн овгийн С-ийн Б, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... нарын хамт ....... дүүргийн .... дугаар хороо, ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвийн орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0715 грамм жинтэй шавар гэх нэршилтэй 31.5 грамм жинтэй ургамал мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х... ургийн овгийн С-ийн Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай жин нь 1.1647 грамм “Шавар” мэт зүйл, №2 гэж дугаарласан 8.9 грамм, цэвэр жин 6.5 грамм, №3 гэж дугаарласан 27.4 грамм, цэвэр жин 25.0 грамм ургамал мэт зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл хоёр, эмээгийн хамт амьдардаг. Эмээ Мөнхжаргал маань баруун нүд 100 хувь, зүүн нүд 70 хувийн хараагүй болсон бөгөөд мөн эрхэлсэн ажилгүй, өндөр настай тул надаас өөр харж хандах хүнгүй болсон болохоор надад оногдуулсан 1 жил нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг сольж, 1 жил зорчих эрхийг хязгаарлаж, цаг зүүлгэж өөрчилж өгөхийг хүсэж байна. Миний бие өөрийн хийсэн гэмт хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч, өсвөр насны сониуч зандаа хөтлөгдөн болохгүй зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Түүнчлэн мөрдөгч мөрдлөг явуулах үед саад, хохирол учруулаагүй, үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул миний ирээдүй болон дөнгөж 18 настайг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч С.Бийн хувийн байдлын тухайд Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуулийг 2020 онд БГ20205610573 дугаар бүхий суурь боловсролын гэрчилгээтэй төгссөн. Суралцаж байх хугацаандаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сайн оролцдог, нийгмийн идэвхитэй, урлаг спортын авъяастай, сургуулиас зохиосон аливаа тэмцээн уралдаанд амжилттай оролцдог, илтгэх ур чадвар сайтай, цаашдаа амжилт гаргах бүрэн боломжтой сайн сурагч байсан ба 2010 онд өвөө Эрдэнэбаатарын хамт Ховд аймагт очиж амьдарсан боловч өвөө нь нас барж, мөн 2015 онд ээж нь зүрхний өвчний улмаас нас барж, эмээ Мөнхжаргал нь өөр дээрээ авч өсгөсөн, бүтэн өнчин залуу юм. С.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй боловч машин тэрэг угааж, цагийн ажил хийж, 1 нүд нь хараагүй болсон тэтгэврийн эмээдээ хоол хүнс авч ирж, дөхүүлэн өгч хамт амьдардаг.

Миний үйлчлүүлэгч С.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ илчилж мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн ба түүний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд миний үйлчлүүлэгч С.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, хүмүүжил, энэ гэмт хэргийн хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Бт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, сэтгэцэд нөлөөт бодис нь ухаан санааг сарниулж донтуулж, улмаар нийтийн эрүүл мэндэд хор аюул учруулдаг тул сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, худалдан авах, зөвхөн эмчийн заавраар олж авах бөгөөд бусад аргаар өөрийн эзэмшил болгосон аливаа үйлдлийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэж ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй боловч Монгол Улсад түгээмэл олдоцтой НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт ургамал болон түүнийг боловсруулсан шавар мэт зүйл түүнээс илэрсэн бөгөөд уг үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй боловч нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвийн орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0715 грамм жинтэй шавар гэх нэршилтэй 31.5 грамм жинтэй ургамал мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:

гэрч Д.Мөнхжаргалын “...2022 оны 10 дугаар сарын 17-ны орой аавын машиныг аваад гадуур таксинд явж байсан. Тэгсэн Б над руу залгаад “хамт таксинд явъя” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. Ингээд гэмтлийн автобусны буудал дээр уулзаад хамт гадуур таксинд явж байтал Б “Натур ороодохъё, хүнтэй уулзаадхая” гэсэн. Ингээд Натур худалдааны төв явсан. Натур төвийн урд ирж зогстол нэг танихгүй охин гарч ирж машинд орж суусан. Ингээд гурвуулаа хамт автобусны буудал орж ТҮЦ-нээс юм авахаар явсан ба тухайн буудал дээр цагдаагийн ажилтнуудад баригдсан. ...” /хх 37-38/,

гэрч Г.Мишээлийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Marque” гэх бааранд цагийн ажил хийхээр 17 цагийн үед очсон ба тухайн өдөр уг газарт зодооны тэмцээн болсон ба би ринг дээр үеийн тоог барьж гарах ажил хийсэн. Би ингэж ажиллаж дуусаад 5 лааз пиво уусан ба нэлээн халсан байсан. Ингээд сууж байгаад тэнд ажиллаж байсан Бтэй таарсан. Бтэй урд өдөр танилцсан байсан юм. Ингээд гадаа тамхилахаар гарсан ба Б ууттай өвс мэт зүйлийг гаргаж ирж ороогоод асаасан ба би тэрнээс нь сорсон. Би тамхи гэж бодоод татсан. Тэгээд нэг их удалгүй миний дотор муухайраад байхаар нь миний гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 87-46 тоотод очиж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Б намайг уулзъя гэж дуудахаар нь зөвшөөрөөд Натур худалдааны төвийн урд талд уулзсан. Тэгээд Натурын автобусны буудлын ТҮЦ-ний ойролцоо Бийн найз Мөнхжаргалын машинд сууж байтал цагдаа нар ирсэн. ...” /хх 43-44/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5202 дугаартай “...Б УЦ04290331 гэж хаягласан шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /хх 74-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5203 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.1647 грамм, цэвэр жин нь 0.0715 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0603 грамм болов. №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин 8.9 грамм, цэвэр жин 6.5 грамм, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин 27.4 грамм цэвэр жин 25.0 грамм болов. ...” /хх 82-83/ гэх дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн “...С.Б нь Ай фоне маркийн гар утас гаргаж арын кейсийг салгахад утсан дээр наасан шавар мэт зүйл гарсныг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.1 грамм, миний барьж яваа хар өнгийн цүнхэнд гялгар уутанд хийсэн хатаасан ургамал байгаа гэж гаргаж ирснийг №2 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 8 грамм, мөн цүнхнээс ууттай өвс гаргаж ирснийг №3 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 25.9 грамм заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/,

шүүгдэгч С.Бийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нар нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч С.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны энэ өдрийг хүртэл 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ