Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00549

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00549

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

156/2024/00526

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сумын 4-р баг Өрөлтийн 1-10 тоотод оршин суух хаягтай, ******* аймгийн Ус цаг уур орчлон шинжилгээний төвд лабораторийн инженер ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ******* овогт ******* Шүрэнчимэг

Хариуцагч: ******* аймаг, Хэрлэн сумын 4-р баг Цацалын 5-2 тоотод оршин суух хаягтай, ******* аймгийн Өгөөмөр хаяа ХХК-д засварчин ажилтай, ам бүл 1, ******* овогт ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг

Хариуцагч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг нь хариуцагч Г.*******ад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.*******тай 2011 онд танилцаж, 2012 оноос үерхэж 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Г. төрсөн. Бид 2021 оноос хойш хамт амьдрахаа больж тус тусын амьдралаар амьдрах болсон. Үүнээс хойш одоог хүртэл хүү Г. миний асрамжид байгаа. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагагүй, хүү Г. миний хүүхэд мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Б.Шүрэнчимэгийн шүүхэд гаргасан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг, хариуцагч Г.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2011 онд танилцаж, тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Г. төрсөн болох нь нотлогдож байна.

4. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг, хариуцагч Г.******* нар нь гэр бүлийн баталгаагүй боловч тэдгээрийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Г.ыг эцэг Г.*******аар Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Г.******* нь хүү Г.ыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

5. Иймд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.ын эцэг Г.******* мөн болохыг тогтоож, хүү Г.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Шүрэнчимэгт даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Шүрэнчимэгт олгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.ын эцэг ******* овогт ******* Гэндэнжамц мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Шүрэнчимэгт даалгасугай. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Шүрэнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Шүрэнчимэгт олгосугай.

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА