Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/295

 

Б.Цт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/Ш/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Б.Цт холбогдох 2211 00069 1513 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Ц, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, “...” караокед бармен ажилтай, ам бүл ..., ...ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 22-07 тоотод иргэн Б.Бд “Simple” гэх нэртэй апплейкшинаас зээл авхуулахаар бүртгэл хийсэн гэж итгүүлэн өөрийн эзэмшлийн 88477181 дугаараас өөрийгөө “Simple” ХХК-ийн менежер гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, өөрийн Хаан банк дахь 5956057181 тоот дансанд 237.500 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар тодорхой газраас буюу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цоос 237.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 22-07 тоотод оршин суух Буурал овгийн Бавуугийн Б /РД:ЙР67051512/-д олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавтаст хэрэгт үлдээж, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Очгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч Б.Цт оногдуулсан 10 сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/Ш/06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 22-07 тоотод иргэн Б.Бд “Simple” гэх нэртэй апплейкшинаас зээл авахуулахаар бүртгэл хийсэн гэж итгүүлэн өөрийн эзэмшлийн 88477181 дугаараас өөрийгөө “Simple” ХХК-ийн менежер гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, өөрийн Хаан банк дахь 5956057181 тоот дансанд 237.500 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Simple” гэх нэртэй зээлийн сайт руу зээлийн хүсэлт явуулахаар хувийн мэдээллээ явуулсан юм. Тэгээд тэр өдрөө над руу 88477181 гэсэн дугаараас залгаад “би “Симпл” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай Энхбаяр гэдэг хүн байна, таны хүсэлт амжилттай боллоо, та зээл авах уу” гэхээр нь би “авъя” гэсэн чинь “та тэгвэл урьдчилгаа 240.000 төгрөг явуулчих, тэгэх юм бол танд 9.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой” гэхээр нь “надад одоо мөнгө байхгүй” гэсэн чинь “таныг 14 цаг хүртэл хүлээж байя, та боломжтой болохоороо холбогдоорой” гэхээр нь би хаячихсан байсан юм. Тэгсэн чинь 2 хоногийн дараа нөгөө дугаараас залгаад “танд би хөнгөлөлт үзүүлж байна, 237.500 төгрөг шилжүүлэх юм бол 1 цагийн дараа таны зээлсэн 9.000.000 төгрөг данс руу чинь орох болно” гээд над руу 5356057181 дугаарын данс явуулсан бөгөөд тухайн данс руу би хадамаас мөнгө зээлж шилжүүлээд “хийчихлээ” гэсэн чинь дахиж холбогдоогүй. ...” /хх 15-16/,

гэрч Б.Чингүүний “...Манай байгууллагаас зээлийн хүсэлт явуулсан иргэдийн мэдээллийг Кридет стори системээр дамжуулан зээлийн шийдвэрээ гаргадаг учраас тухайн хувь хүний зээлийн хүсэлт илгээсэн мэдээлэлтэй манай байгууллагын ажилтан танилцах боломж байхгүй. Зээлийн хүсэлт илгээсэн хүмүүс рүү ажилтан ардаас холбоо барихгүй байгаа. ...” /хх 18-19/,

гэрч Г.Буян-Очирын “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ байхад Б гэх тэргэнцэртэй хүн эхнэрийн хамт манай байгууллага дээр ирээд “Энхбаяр гэдэг менежер байдаг уу” гээд нэг Юнителийн дугаар надад хэлээд асуухаар нь “манай байгууллага дотоод ажилтан нарынхаа мэдээллийг гаргадаггүй болохоор мэдэхгүй байна” гэсэн чинь “гэрээ байгуулах гэсэн юм” гэхээр нь “за та оочирлож байгаад гэрээ байгуулаарай” гээд тухайн хүнтэй уулзаад гэрээ байгуулсан бөгөөд тухайн хүн гэрээ байгуулсны дараа өөрийнх нь утсан дээрх аппликейшнээр ороод зээлийн эрхийг нь шалгасан чинь татгалзсан гэсэн хариу гарч ирсэн. Тэгээд тухайн хүнд яагаад татгалзсан талаар тайлбарлаж хэлсэн чинь “танай менежер чинь эрх үүснэ гэж хэлсэн. Тэр хүн надаас мөнгө авсан” гэхээр нь би энэ хүнийг залилуулсан юм байна гэж бодоод “та цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн. ...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

“Юнител” ХХК-ийн 05-01/040 дугаартай “88477191 дугаар нь Б.Цын нэр дээр бүртгэлтэй” гэх албан бичиг /хх 29/, Б.Цын Хаан банкны 5956057181 тоот дансны хуулга /хх 32-35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Цыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Цын иргэн Б.Бд “Simple” гэх нэртэй апплейкшинаас зээл авхуулахаар бүртгэл хийсэн гэж итгүүлэн өөрийн эзэмшлийн 88477181 дугаараас өөрийгөө “Simple” ХХК-ийн менежер гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, өөрийн Хаан банк дахь 5956057181 тоот дансанд 237.500 төгрөг шилжүүлэн авсан” үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Б.Цын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/Ш/06 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/Ш/06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “...шүүгдэгч Б.Цт оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар тодорхой газраас буюу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Б.Цт оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар тодорхой газраас буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ