Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00560

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00560

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 3-р багт оршин суух, ******* овогт ******* *******

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 5-р баг Дулааны 12-7 тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******

Хариуцагч Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Х.*******эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.*******тэй 2010 онд танилцаад 2012 онд гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр том охин Б., 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Б. нар төрсөн. Х.*******ийн хувьд надтай суухаасаа л архи уудаг байсан, хамтдаа амьдрах хугацаанд 2 жил л архи уухаа багасгасан боловч эргээд л маш ихээр уудаг болсон. Би хүүхдүүдээ эцэггүй өсгөхгүй гэж бодоод маш олон зүйлийг тэвчиж ирсэн. Бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байна. Гэрлэлт цуцлуулах шийдвэрийг гаргахад хоёр охины минь хэлсэн үг маш их нөлөөлсөн. Охид маань аавгүй гурвуулаа амьдарч болохгүй юу, аав архи ууж ирэхэд маш хэцүү байдаг, гурвуулаа амгалан тайван амьдаръя, та ааваас салж болохгүй юу гэдэг үгийг сонсоод маш их гайхсан. Би хүүхдүүдээ эцгээсээ холдмоор санагдтал хажууд нь байлгаад байсан юм байна гэж бодсон. Би хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонссоны дараа нэлээд их эргэцүүлж бодсон. Таны зовохыг харах бид хоёрт хэцүү байдаг, тийм учраас гурвуулаа аавгүй амьдарч болох уу гэдэг зүйлийг ярьдаг болсон болохоор гэрлэлт цуцлуулах шийдвэрийг гаргасан.

Х.*******ийн архи уух нь ихэссэн учраас сүүлдээ цагдаа дуудаж өгдөг болсон. Цагдаа дуудахаар эрүүлжүүлэх гэдэг зүйл байхгүй болсон гээд гэр лүү нь явуулдаг. Гэртээ ирээд яасан их цагдаа дууддаг юм гээд тэр нь гэр бүлийн хүчирхийлэл болдог байсан. Бид сүүлдээ айлд очиж хонодог байсан. Х.*******ийн ганц хэлдэг зүйл нь чи Монгол Улсын гэрчилгээгээр батлагдсан миний эхнэр, тийм учраас дарамталсан ч хэн юу ч хэлэхгүй гэсэн зүйлийг ярьдаг. Нэг жил гаруй хугацаанд байнгын дарамтад орж бид гурав 5 сарын хугацаанд гэртээ очихгүй машиндаа амьдардаг байсан. Хүүхдүүдээ гэртээ орхиод явах гэхээр Х.******* гэртээ хүмүүсийг авчраад архиддаг. Иймд өсөж яваа охидыг согтуу хүний хажууд байлгаж болохгүй юм байна гэдэг зүйлийг бодсон.

Х.******* бид хоёрын нэр дээр 5*8 харьцаатай хашаа байшин, газар байдаг. Үүнийг миний өмчлөлд үлдээж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш бид гурвыг гэртээ очихгүй байх хугацаанд өөрт хэрэгтэй гэсэн бүх зүйлүүдийг аваад ээжийнхээ хашаанд тавьсан. Бид гуравт хоосон хөндий байшин үлдээсэн тул хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр авч үлдэхийг хүсэж байна. Бид 10 жил амьдрах хугацаанд мөнгөний асуудал зөндөө байсан ч сүүлийн 1-2 жилийн хугацаанд Х.******* нэг ч төгрөг өгч тусалж байгаагүй. Хоёр хүүхэдтэйгээ ямар ч тусламж авахгүй явж байсан ч сүүлд арга мухардсан. 2023 онд өөрийнхөө ээжийнд хоёр хүүхдээ үлдээгээд би Оюу толгой руу ажил хийхээ явсан ч хүүхдүүд маань орхигдоод хэцүү байсан тул буцаж ирсэн. Энэ жилээс би ганцаараа бүх зүйлийг үүрэх ёсгүй юм байна гэж үзээд Х.*******ийн ээжийнд хоёр хүүхдээ байлгаж байгаа. Бид гурвыг хамт байхаар хүүхдүүдтэйгээ уулзахаар ирлээ гээд хэдэн цагт ч хамаагүй согтуу ирээд хаалга нүддэг. Ээжийнхээ хажууд хүүхдүүдээ дарамтлаад байхгүй байх гэж бодоод энэ жилээс хадам ээжийнд хоёр хүүхдээ байлгаж байгаа. Би ажил хийгээд ч барахгүй байна, чи бага боловч хэдэн төгрөг өгч болохгүй юм уу гэхээр би чамтай амьдраагүй, би наана чинь амьдарч байгаа биш чамд мөнгө өгөх шаардлага, шалтгаан байхгүй гэж хэлдэг. Би Х.*******ийг согтуу ирэх болгонд цагдаа дуудаж өгдөг байсан. Нэг удаа 7 хоног баривчилгаанд явсан байсан, өөрөөр ямар ч арга хэмжээ авч өгдөггүй. Цагдаагийн байгууллага надад хангалттай тусалж чадаагүй. Би ямар нэгэн зээл авах гэхээр гэрлэлтийн баталгаатай болохоор нөхрөө дууд гэдэг. Х.******* рүү залгаад надад туслаад гарын үсэг зураад өг гэхээр надад ямар ашигтай юм, надад ашиггүй зүйлд би очихгүй гэдэг. Иймд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Одоо шүүх хуралдаан дээр Х.******* бид хоёр ярилцаад ******* аймгийн ******* сум 3-р баг Баянмөнхийн 7-22 тоотод байрлах *******-Ундрах овогтой *******ийн нэр дээр байдаг хашаа, газар, дүнзэн байшинг Амарбарс овогт ******* миний нэр дээр шилжүүлж өгөхөөр, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б., 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б. нарыг эцэг Х.*******ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцлоо. Хүүхдийн тэтгэлгийг нэг нэгнээсээ шаардахгүй хоёр талаас хүүхдүүдийн хэрэгцээт зүйлийг хангаж байхаар тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан гэв.

3. Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс олгосон эвлэрлийн хугацаанд би найзынхаа машиныг аваад 7-22 тоотод очсон. Гэтэл А.******* нэг залуутай хамт хоёулахнаа согтуу сууж байсан. Би А.*******ийг надтай юм ярихгүй юм уу гэхэд намайг барьж аваад машинд маань баахан зодсон. Энэ цагаас хойш эвлэрүүлэн зуучлал дээр очъё гэж бодоогүй. Би архи уудаг нь үнэн. Гэхдээ байнга очиж дарамтлаад байдаггүй. 10 гаруй жил ханилсан болохоор заримдаа л очдог байсан. Надад А.*******ийг цохиж зодсон зүйл байхгүй. Шүүхээс олгосон эвлэрлийн хугацаанд А.*******ийн гэрт очиход нэг залуутай байсан учраас энэ хүн надтай эвлэрэхгүй юм байна гэж бодсон. Хоёр охин маань шүүх рүү дагуулж яваад аавтайгаа цуг баймаар байна гэж хэлүүлж болдоггүй юм уу гэсэн. Хүүхдүүд надтай байх дуртай байгаа. Би шинэ гэр аваад ээжийнхээ хашаанд барьчихсан хоёр охинтойгоо гурвуулаа амьдарч байгаа. Намайг ажилд явсан хойгуур хүүхдүүдийг манай ээж хардаг.

******* аймгийн ******* сум 3-р баг Баянмөнхийн 7-22 тоотод байрлах миний нэр дээр байдаг хашаа, газар, дүнзэн байшинг А.*******ийн нэр дээр шилжүүлж өгөөд, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б., 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б. нарыг би өөрийн асрамжид авахаар харилцан тохиролцлоо. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Х.******* нар нь 2010 онд танилцаж, гэр бүл болж, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Б., 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна. 

3. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс олгосон эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид нь эвлэрээгүй зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

4. Гэрлэгчид нь  2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б., 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б. нарыг эцэг Х.*******ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болно.

5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эх А.******* нь охин Б., Б. нарыг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

6. Гэрлэгчид нь ******* аймгийн ******* сум 3-р баг Баянмөнхийн 7-22 тоотод байрлах *******-Ундрахын *******, Амарбарсын ******* нарын хоёр хүний нэр дээрх Г-1817004018 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1817003334 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Амарбарс овогт *******ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр эд хөрөнгийн хувьд тохиролцсон бөгөөд хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдав.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,822 төгрөг /хх-ийн 3/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 161,622 төгрөгийг нэхэмжлэгч А.*******т буцаан олгохоор шийдвэрлэв. Учир нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөх бөгөөд уг шаардлагын үр дагавар болох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт *******-******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б., 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б. нарыг эцэг Х.*******ийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь ******* аймгийн ******* сум 3-р баг Баянмөнхийн 7-22 тоотод байрлах *******-Ундрахын *******, Амарбарсын ******* нарын хоёр хүний нэр дээрх Г-1817004018 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1817003334 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Амарбарс овогт *******ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 161,622 төгрөгийг нэхэмжлэгч А.*******т буцаан олгосугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА