Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00562

 

2024 11 25 156/ШШ2024/00562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00550/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *********** оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.******* нь 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн Худалдааны газарт нярваар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Залуучуудын холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр насны тэтгэвэрт гарах гээд ажилласан жилээ баталгаажуулахаар шүүхэд хандаж байна. Би номын санд 7 сар ажилласан. Номын санд ажиллаж байсан байдлыг маань гэрчлэх хүн байхгүй байгаа юм. Надтай хамт цуг ажиллаж байсан дарга Улаанбаатар хотод байдаг учраас ирж чадаагүй. Би ******* аймгийн Залуучуудын холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Надтай цуг ажиллаж байсан нягтлан н.Дашдорж гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Манай дарга БНСУ-д амьдарч байгаа учраас тухайн үед ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан н.Болормаа гэх хүн тодорхойлолт бичиж өгсөн. Улаанбаатар хотод ажилладаг учраас ирэх боломжгүй гэсэн гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/363 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал),

2. ******* аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг дарыгн тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-9 тал),

5. Хүсэлт гаргагчийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

6. Хүсэлт гаргагч Г.*******ын 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12-16 тал)

7. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 16 тал),

8. Гэрч Я.Дашдоржийн шүүхэд өгсөн ...Би 1973 оноос 1975 он хүртэл Бөөний худалдааны бараа баазад ачигчаар, 1975-1978 онд цэргийн алба хааж, 1978-1979 оныг хүртэл Бөөний бараа баазад шалгагчаар, 1979-1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл тус баазад тооцооны нягтлан, зээлийн нягтлангаар, 1986 оны 4 сарын 10-наас 1996 оныг дуустал МҮЭТЗ-ийн харъяа Пионерын Хэрлэн зуслангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Монголын Улаан заглмайн нийгэмллэг, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхдийн төлөө төв, Скаудын холбоонд тус тус нягтлангаар хавсран (цалингүй) ажиллаж байсан. Олон нийтийн байгууллага гэж байсан 1990 онд Арьдчилсан хувьсгалд шилжиж намайг хавсаран гүйцэтгэх гэж тухайн үед үүрэг өгч байсан. Хавсран ажиллаж байх үеийн баримт архивт хадгалагдаагүй тухайн байгууллагатаа хадгалдаг байсан. 2008 онд МҮЭТЗ харъяа Пионерын Хэрлэн зуслан хувьчлагдсан. 2008 оноос 2017 он хүртэл Хүүхдийн төлөө төвд нягтлангийн орон тоо гарч нягтлангаар тус тус ажиллаж байсан. Г.******* 1992 оноос 1995 оныг дуустал Залуучуудын холбооны орон тооны зохион байгуулагчаар ганцаараа ажилдаг байсан. Даргаар нь Болормаа гэж орон тооны бус сонгуульт ажлаар цалингүй ажилдаг байсан. Болормаа нь Аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсийн мэргэжилтнээр ажилдаг байсан. Болормаа болон би тухайн үед цалингүй ажилдаг байсан. Г.******* нь ганцаараа цалинтай орон тооны ажилтан байсан. Сүүлд Залуучуудын холбооны даргаар Оюунбаатар гэдэг хүн ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 30 тал) авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Г.*******ыг 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн Худалдааны газарт нярваар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Аймгийн Залуучуудын холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 23ы өдрийн 8/363 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Г.******* нэр дээрх 015067 дугаартай 1980-1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газрын хэлтсийн дарга Цэрэнбалтав гэсэн гарын үсэг зурагдаж, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газар гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтэрт бичигдсэн ажилд томилсон, чөлөөлсөн бичилтэд засвар ороогүй, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, мөн 1980-1995 оны бичилтүүд дээр байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Г.******* нь 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн Худалдааны газарт нярваар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Залуучуудын холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СЮ64110617/-ыг 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн Худалдааны газарт нярваар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Залуучуудын холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА