| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/00940/И |
| Дугаар | 102/ШШ2024/00976 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/00976
| 2024 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/00976 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,* дугаар хороо,* байр, * тоотод оршин суух, *овогт * /рд: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * хороолол, ард аюуш, * тоот хаягт байрлах * ХХК /рд: */
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 4,100,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 7,502,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч *,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
гэрч *, *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь * ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр * ХХК-тай Баянгол дүүрэг * дугаар хороо, * байр * тоот хаягт 300 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг ресторан паб ажиллуулах зорилгоор 1 жилийн хугацаагтай сарын 4,100,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн байрыг хүлээн авснаас хойш 3 сарын түрээсийн хугацаанд ашигтай ажиллаж чадаагүй. Тиймээс миний бие тус компанийн захирал *т гэрээ цуцлах мэдэгдлийг өгөхөөр 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *ын утас руу нь залгахад холбогдохгүй байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк чатаар холбогдоход * Солонгос улсад байгаа талаар хэлсэн. * нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Солонгос улсаас ирээд улмаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр * нь түрээсийн байрыг өөрийн биеэр ирж хүлээж авсан. Түрээсийн байрыг хүлээлгэж өгөхөд бүх эд зүйлийг * нь шалгаж хүлээн аваад барьцаа мөнгө болох 4,100,000 төгрөгийг өөр түрээслэгч олсон тохиолдолд буцааж өгнө гэж хэлсэн. Миний бие 2023 оны 1 дүгээр сарын дундуур тухайн түрээсийн байрыг өөр түрээслэгч түрээслэсэн болохыг мэдсэн. Гэтэл * нь барьцаа мөнгийг буцаан өгөөгүй өдий хүрч байна. Иймд хариуцагчаас түрээсийн барьцаа мөнгөнд шилжүүлсэн 4,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Бид 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэг жилийн нэг сарын 4,100,000 төгрөгийн түрээс төлөхөөр харилцан тохирч орон сууцны өргөтгөлийн паб рестораныг *т түрээсэлсэн. Түрээслэгч мөн байрны ашиглалтын зардлыг төлөхөөр харилцан тохирч эд хөрөнгө хүлээн авах акт үйлдэж манай хөрөнгийг хүлээн авсан. Тухайн үед уг газрыг түрээсэлж авах хүсэлтэй олон хүн байсан бөгөөд ямар ч асуудалгүй гэрээний хугацаанд ажиллана гэж * гуйж, уг газрыг түрээсэлж авсан, бид итгэсэн. Гэтэл ресторан пабын үйл ажиллагааны хамгийн их орлоготой саруудад /9-12 сар/ ажиллуулаад гэнэт ажиллуулж чадахгүй боллоо. Хуучин ажлаас залгаад байна би ажилдаа орох гэж байна гээд чат бичсэн. Дор хаяж 14-21 хоногийн өмнө шалтаг шалтгаанаа боломжит хугацаанд албан бичгээр мэдэгдэж бид дараагийн түрээслэгчээ олох ёстой байсан. Паб рестораны хамгийн эрэлттэй, орлоготой сар нь дууссан тул түрээслэгч олдохгүй тогтмол сар бүр олдог орлогоо олж чадахгүйд хүрч 1 сар 6 хоног орлого олохгүй хохирсон. 1 сарын дундуур нэг хүн түрээслэх гээд ирсэн байхад * ресторанаас өөрийн архи пиво ундааг авахаар ирэхдээ тухайн хүнд юу гэж хэлснийг мэдэхгүй уг хүн түрээслэхээ больсон. Мөн * нь түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй, 2 хөргөгч эвдэлсэн, маш бохир болгосон байсан. Түлхүүр авчирч өгчихөөд яваад өгсөн. Мөн 9 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ний хоорондох хог тээвэр, СӨХ-ийн мөнгө болох нийт 270,000 төгрөг огт төлөөгүй, 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн халаалт усны төлбөр 631,069.66 төгрөг төлөөгүй байсан. Хэлэхээр барьцаанаас аваарай гэсэн. Маш олон удаа зар өгсөн бөгөөд 150,000 төгрөг болсон. Ингээд 1 дүгээр сарын 26-ны өдөр түрээслэгч олж гэрээ байгуулсан боловч 2 дугаар сарын 01-ний өдрөөс уг түрээслэгч түрээсийн хугацаагаа тооцсон. Учир нь * объектыг бохир болгож, 2 ширхэг хөргөгч эвдэлсэн байсан тул түрээслэгч цэвэрлэгээ засвар хийж авна гээд 2 дугаар сарын 01-нээс түрээсээ тооцсон. Бид хугацаанаасаа өмнө гэрээ цуцалснаас болж түрээсийн орлого 4,900,000 төгрөг олох ёстой байснаа олж чадахгүй хохирсон. Түрээсийн болон ашиглалтын зардал эд хөрөнгийн зэрэг маш их хохирол амссан тул уг зардлуудаа сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ * ХХК нь *тэй 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаатай нэг сарын 4,100,000 төгрөгөөр, ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр тохирч Инээмсэглэл паб караоке ресторанаа түрээсэлсэн. Түрээсийн гэрээ болон хавсралт хэсэгт дор хаяж 14-21 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байхад энэ үүргээ зөрчиж 9 хоногийн өмнө мэдэгдсэн. Бид дараагийн түрээслэгчээ олох зар байршуулж 2 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэх хүн олж оруулсан. * нь түрээсийн зүйлийг акт үйлдэж хүлээн авсан боловч буцааж өгөхдөө акт үйлдээгүй түлхүүр авчирч өгөөд яваад өгсөн. Манай нэг шилэн хөргүүр хөргөгч, нэг гал тогооны хөргөгчийг эвдэлсэн байсан. Нэг бүрийг нь 500,000 төгрөгөөр үнэлж 2 ширхэг хөргөгч, 1,000,000 төгрөг болж байгаа. Мөн байрны СӨХ-ийн төлбөр сард 50,000 төгрөг, хогны төлбөр 40,000 төгрөг нийт 90,000 төгрөг хавсралт хэсэгт зааснаар сар бүр шилжүүлэх ёстой байсан боловч өгөөгүй бөгөөд 9 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 сар нь 270,000 төгрөг болсон. 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх ус дулааны төлбөрт 631,069 төгрөг, цахилгааны төлбөр 42,658 төгрөг төлөх ёстой байсныг төлөөгүй төлсөн. Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас болж 12 дугаар сарын 24-нөөс 2 дугаар сарын 01 хүртэл түрээсийн олох ёстой байсан орлогод нэг сар 6 хоногийн төлбөрт 4,900,000 төгрөг, UNEGUI.MN-д зар байршуулсан төлбөрт 149,280 төгрөг, нийт 5,558,460 төгрөгөөр хохирсон. Иймд *ээс 2 ширхэг хөргөгчний үнэ 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ний хугацааны хог, СӨХ-ийн төлбөрт 270,000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний хугацааны ус дулааны төлбөрт 631,069 төгрөг, цахилгааны төлбөрт 42,658 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 5,558,460 төгрөг, нийт 7,502,187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа хариуцагч * ХХК-ийн 7,502,187 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь * ХХК нь Баянгол дүүрэг 7 дугаар хороо 12 байр 289 тоот орон сууцны өмчлөгч нь биш, түрээслэх эрхгүй атлаа түрээсийн гэрээ байгуулсан. Тиймээс түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. * ХХК нь 1,000,000 үнэ бүхий хөргөгчийг надад хүлээлгэн өгөөгүй. Тэр хоёр хөргөгчийг нь ерөөсөө ажиллуулаагүй, хэрэглээгүй болно. Тухай хөргөгчийг хэрэглэх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл тамхины өрөөнд байсан. Энэ фото зураг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Гэрээ байгуулах, гэрээ хийх эрхгүй мөртлөө гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх шалтгаанаар хохирол нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээнд заасан хугацаанд мэдэгдсэн. 9 хоногоос өмнө мэдэгдсэн тэгэхэд *ын утас холбогдохгүй байсан. Дараа нь өөрөө би Солонгос улс руу явсан байсан гэсэн. Энэ нь хил хамгаалахын лавлагаагаар нотлогдоно. Түрээслэх хугацаанаас өмнө * нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т заасан Инээмсэглэл паб хяналтын камер шаардлага хангаагүй гэх зөрчил гаргасан байсан бөгөөд * ХХК-д 1,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах гэсэн шийдвэр гарсан байсан. * намайг түрээслэгчийн хувиар иргэн дээр 100,000 төгрөгөөр торгуулаад өгөөч гэж гуйснаар арга хэмжээг авхуулсан. Үүнээс шалтгаалан миний ирээдүйд гарах хор уршиг, мөн надад бүртгэгдсэн хэргийн арилгаж болохгүй хар толбо үүсгэсэн үүнийг үнэлэн нэхэмжлэх хүсэлтэй байна гэжээ.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, *ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, Түрээсийн гэрээ /хх 4-5/, * гэх фэйсбүүк хаягийн зураг /хх 6-8/, *ийн * ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/, фото зураг /хх 63, 68/, Шийтгэлийн хуудас /хх 65/, Мөрдөгчийн мэдэгдэл /хх 66/, Шаардлага /хх 67/, Өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 109-110/,
6.Хариуцагчаас тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: сөрөг нэхэмжлэл /хх 19-20/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 21/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 22/, Түрээсийн гэрээ, хавсралт /хх 23-32/, Төлбөрийн нэхэмжлэл /хх 33/, Хэрэглэгчид үйлчлэх 13-р төвийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх 34-35/, Ө.*ын Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 36/, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК Баянгол хэрэглэгчид үйлчлэх төв №3 Бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн нэхэмжлэл /хх 37-38/, * ХХК-ийн Итгэмжлэл олгох тухай /хх 39/, Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ /хх 40-41/, Хуримтлалын гэрээ /хх 42-44/, Галын аюулгүй байдлын дүгнэлт /хх 45/, Тусгай зөвшөөрөл /хх 46/, фото зураг /хх 47-57/,
7. Шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын 2-4в/2879 тоот албан бичиг /хх 71/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 5/11214 тоот албан бичиг /хх 107/, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 155-156/, гэрчээр *г асуусан,
Хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Б/39 тоот тайлбар хүргүүлэх тухай /хх 91/, гэрчээр Б.Мөнхсайхан, * нарыг асуусан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/12431 тоот албан бичиг, хавсралт /хх 121-150/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *ийн 4,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч * ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 1,943,727 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 5,558,460 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээг цуцалсан тул түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн гэрээ болон хавсралт хэсэгт дор хаяж 14-21 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байхад энэ үүргээ зөрчиж 9 хоногийн өмнө мэдэгдсэн. Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас болж 12 дугаар сарын 24-нөөс 2 дугаар сарын 01 хүртэл түрээсийн олох ёстой байсан орлогод 1 сар 6 хоногийн төлбөрт 4,900,000 төгрөг, UNEGUI.MN-д зар байршуулсан төлбөрт 149,280 төгрөг, нийт 5,558,460 төгрөгөөр хохирсон гэж тайлбарласан.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 2 ширхэг хөргөгч эвдэрсэн байсан хөргөгч тус бүрийг 500,000 төгрөгөөр үнэлж 1,000,000 төгрөг, ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр тохирсон байсан тул 9 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ний хугацааны хог, СӨХ-ийн төлбөрт 270,000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний хугацааны ус дулааны төлбөрт 631,069 төгрөг, цахилгааны төлбөрт 42,658 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 5,558,460 төгрөг, нийт 7,502,187 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. * ХХК нь 1,000,000 үнэ бүхий хөргөгчийг надад хүлээлгэн өгөөгүй. Тэр хоёр хөргөгчийг нь ерөөсөө ажиллуулаагүй, хэрэглээгүй болно. Гэрээ байгуулах, гэрээ хийх эрхгүй мөртлөө гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх шалтгаанаар хохирол нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэг талаас * ХХК, нөгөө талаас * нар Түрээсийн гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр * Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 байр, 289 тоот хаягт байршилтай 300 м.кв талбай бүхий объектыг үйлчилгээний зориулалтаар, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар, түрээсийн төлбөрийг нэг сарын 4,100,000 төгрөгөөр тооцож түрээслэхээр, нэг сарын барьцаа төлбөр төлөх, мөн ашиглалттай холбоотой гарах цахилгаан, ус дулаан, хог тээвэр, сууц өмчлөгчдийн холбооны зардал, төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгыг хянаж үзээд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Гэвч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх түрээсийн гэрээ байжээ.
Зохигчид өөрсдийн байгуулсан гэрээг эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/11214 тоот албан бичиг, мөн зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/12431 тоот албан бичгээр түрээсийн зүйл нь иргэн Б.Мөнхсайханы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхаас гадна Б.Мөнхсайханаас ...уг түрээсийн зүйлийг бусдад түрээслэхийг * ХХК-д зөвшөөрсөн, тухайн компанийн эзэмшилд байсан гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн болно.
Талууд хуульд заасан шаардлага хангаж, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.
6.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4,100,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6.3. Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 2 ширхэг хөргөгчийн үнийг шаардах эрхтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс * ХХК нь 1,000,000 үнэ бүхий хөргөгчийг надад хүлээлгэн өгөөгүй. Тэр хоёр хөргөгчийг нь ерөөсөө ажиллуулаагүй, хэрэглээгүй болно гэсэн тайлбарыг гаргасан боловч хавтаст хэргийн 29-31 дүгээр талд авагдсан Инээмсэглэл ресторан, караокений эд хөрөнгийн бүртгэл хавсралтаар 2 ширхэг хөргөгчийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч * шүүх хуралдаанд ...Тэр өрөө рүү бараг ордоггүй байсан ба байгаа эсэхийг мэдээгүй. Хуучин гэдэг утгаар нь огт хэрэглэдэггүй байсан гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт цугларсан өөр бичгийн баримтуудаар давхар нотлогдохгүй байна. Хариуцагчаас тухайн маргаан бүхий 2 ширхэг хөргөгчийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шүүхийн журмаар шинжээч томилуулсан боловч 2 ширхэг хөргөгчийг бусдад худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Б/39 тоот албан бичгээр тогтоогдсон.
6.4. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ байх тул талуудын хоорондын маргаантай асуудалд гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт үйлчлэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.
Хэдийгээр үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсон боловч түрээсийн зүйл болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 байр, 289 тоот хаягт байршилтай 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаангүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 3 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг төлж ашигласан боловч 3 сарын турш хэрэглэсэн цахилгаан, дулаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө хариуцагчаар төлүүлж, зардлаа хэмнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар хариуцагч нь цахилгаан, дулаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 1,943,658 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,943,658 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
6.5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 5,558,460 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учруулсан гэм хор, хохирлыг арилгах, нөхөн төлбөр хийх үүргийг зохицуулсан бөгөөд хэлцэлд оролцогч хоёр тал нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн бол учирсан хор хохирлыг нөхөн төлүүлэх эрх эдлэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,558,460 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,990 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 80,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 46,050 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 4,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгож, нэхэмжлэгч *ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,943,727 төгрөгийг гаргуулан хариуцагч * ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,558,460 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,990 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 80,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т, нэхэмжлэгчээс 46,050 төгрөгийг гаргуулан хариуцагч * ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН