| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00024/И |
| Дугаар | 143/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 143/ШШ2024/00388
2024 оны 11 сарын 12 өдөр Дугаар 143/ШШ2023/00388 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х************ овогт Ц*******ий Ц*******
Хариуцагч: Б********* халзан овогт Б*************ийн Х*******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1 036 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хүү хот явж охин бид 2 *******тын 12-32 тоотод ажлын байрандаа 3 хоног захиалгат зүйлээ хийж байсан юм. 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирэхэд хашаанд гэрийнхээ өмнө байсан Subaru Forestop ******* улсын дугаартай машин эвдэрч хагаран авах юмгүй болсон байсан тул цагдаа дуудан үзүүлсэн юм. Цагдаа ирж ул мөр хөөн урд хашааны айлын хүүхэд ирж хашаан дээгүүрээ давж орж ирэн манай машинаар тоглон эвдэж тоглосон болохыг тогтоосон юм. Энэ цагаас хойш хүүхдүүдийн эх эцгээс машин эвдэрсэн эдүүдийг цагдаагийн шаардлагаар үнэлгээний компаниас ирүүлсэн мөнгөө төлөхийг удаа дараа нэхэж хэлсэн боловч өөдөөс доромжлох, шүүхдээд авч чадвал ав гэх мэтээр одоог хүртэл хохирлыг нэг ч төгрөг өгсөнгүй энэ хугацаанд миний бие нь 7-р сургуульд сурдаг охиноо өглөө болгон 8:00 цагаас орж, 12 цагт гарж ирдэг, 2 цагаас сургууль хичээлдээ явж орой 18:30-д гарж гэртээ ирдэг тул үр хүүхдүүдээ өдөрт 14 000 төгрөгөөр таксидуулж байна. Таксигаар явж байгаа сард таксинд 400 орчим мянган төгрөг зарцуулж байна. Хамгийн гол нь охины минь гэр холоос өвлийн хүйтэнд зарим үед гэртээ алхан ирж харанхуй шөнө айж, цочин хэцүү байна.
Иймд унаа машинаа хурдан босгож хүүхдээ хүргэж баймаар байгаа. Манай гэр бүлийн зовлонг ойлгож охины минь аюулгүй байдалд анхаарах тухайн айла*******гээр тогтоогдсон 1 910 000 төгрөг үнэлгээ хийлгэсэн 96 000 төгрөг дахин үнэлгээний баримт хэвлүүлсэн 30 000 төгрөг нийт 2 036 000 төгрөг гаргуулж өгч тусална уу. Үр хүүхдүүдээ хүмүүжилд нь анхаардаггүй, асран хамгаалдаггүй айлын үнэтэй эд хөрөнгөөр тоглож эзгүй айлын хашаанд өдөржин болж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүний юмыг үр хүүхэд нь эвдэлсэн тохиолдолд асран хамгаалагч эх эцэг нь хохирлыг барагдуулах ёстойг ойлгуулж өгч тусална уу. Миний бие нь эдгээр эх, эцгүүдэд маш их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц******* нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Иргэн миний эзэмшил Subary Forester 17-60 ӨМӨ машиныг айлын хүүхдүүд хаашаа давж орж ирэн эвдэж хэмхэлж, тоглосон. Тухайн үед автотээврийн үнэлгээний газраар үнэлгээ гаргуулан 2 036 000 төгрөгийн хохирол барагдуулж өгнө үү хэмээн өргөдөл хүсэлт гаргасан билээ. Б.Х******* гэх эмэгтэй нь тухайн өдөр хүүхдүүдээ хашаа давж айлын үнэтэй цайтай хөрөнгө машинаар тоглосон байхад болиулаагүй ёс зүйн хариуцлагагүй үр хүүхдээ зөв хүмүүжүүлээгүйн дээр эд хөрөнгө эвдсэн хохирол болох 1 036 000 төгрөг одоо хүртэл төлөөгүй жил гаруй хугацаа өнгөрч байгаа тул яаралтай хохирол төлүүлж өгнө үү. Энэ хүний хариуцлагагүй хүүхдээ айлын хашаанд оруулж тоглуулсан нь санаатай үйлдэл гэж бодож маш их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Д*******ы 2-50 тоот хашаанд байсан Subaru Forestor 1760 дугаартай машиныг маань намайг эзгүй явах хооронд хариуцагч Б.Х*******ийн хүүхэд болон прокурор Г*******ын хүүхэд нийлээд 3 хүүхэд машин эвдэж тоглоё гэж манай хашаан дээгүүр давж орж ирээд, миний машиныг эвдэж тоглосон байсан. 2 өдөр дараалан эвдэж тоглосон гэдгийг хажуу айлын хашааны хүүхдүүд нотолдог. Тэгээд би анх машинаа эвдэрчихсэн байхыг хараад гайхаад юу болчхов гээд тэр дор нь цагдаа дуудсан. Тэгсэн цагдаа ирээд мөр хөөгөөд урд хашаан дээгүүр давж, тэр айлын хүмүүстэй уулзаад, 3 айлын хүүхдийг эвдсэн болохыг зөвшөөрч байна, эвдэлсэн юм байна гээд дагуулаад манайд ирсэн. Г******* дүү рүүгээ яриад 500 000 төгрөг авч өгсөн. Мөн өөрөөсөө 500 000 төгрөгийг төлсөн. Тэгээд 1 000 000 төгрөг төлөөд 1 036 000 төгрөгийг төлөхгүй одоо болтол хохироож явж байгаа. Миний машинд тэр үед нь 21 билүү, 22 ширхэг гэмтэл учруулсан байсан. Бүх цонхыг нь хагалсан, бүх дохио гэрлийг нь хагалсан, том жижиг бүх гэрлүүдийг нь хагалсан, хаалгануудыг нь зурж, дээр нь лоомны үзүүрээр зураад, дээр нь цөмөрхий гаргаад, баруун талын хаалгыг нь унжуулсан, 2 толийг нь унжуулсан, урд хойд кирланыг нь хагалсан байсан. Цагдаад үнэлгээний газар дуудаж үүнийг үнэлгээ гаргуул гэсэн. Үнэлгээний газар хаанахыг дуудах вэ гэхэд Х******* гэж байдаг, түүн дээр оч гээд тухайн үеийн Ууг******* цагдаа хэлсэн. Тэгээд би Х*******г сураглаж явж байгаад очоод гаргуулсан. Тэгэхэд зүүн хойд талын онгорхой бол хуучин байсан гэмтэл байна шүү дээ гэхэд тийм гэсэн. Тэгээд кирланыг бол тэр төлбөрөөс хассан байдаг. Тэгээд бүхэл бүтэн машингүй болчихсон байтал миний хохирол 2 000 000 төгрөгөөр тогтоогдсон. “Х*******” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 96 000 төгрөг болсон. Дараа нь баримтын зураг гаргаж өг гэсэн. Тэр зургийг авахад “Х*******” ХХК дахиад 30 000 төгрөгөөр автомашины эвдрэлийн зургийг гаргаж өгсөн. Түүний 30 000 төгрөг нийлээд 2 036 000 төгрөг болсон. 2 036 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн тул одоо 1 036 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батсүх овогтой Х******* нь Өмнөговь аймгийн Д********** сумын ************* дугаар баг ************** тоотод оршин суугч бөгөөд ам бүл дөрвүүл амьдардаг. Тайлбар гаргах нь: Ц.Ц*******т 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хүүхэд болон бусад хоёр хүүхдийн хамт энэ айлын хашаанд орж тоглосон нь үнэн. Мөн хашаанд байсан Subaru Forestor маркийн авто машины хоёр толь, хоёр жижиг дохио, хоёр арын гэрэл, зэргийг эвдэлсэн нь үнэн болно. Ц******* гэх хүн нь шинжээчээр үнэлгээ хийлгэж 1 920 000 төгрөгийн төлбөр нэхсэн. Бид гарсан дүнтэй санал нийлэхгүй учраас ахин хоёр талын хүмүүс цуг байлцаж шинжилгээ үнэлгээ хийлгэнэ гэхэд өөрөө ирээгүй хүүхдээ явуулж, тохиролци гэж хэлсэн учраас бид хүүхдүүдийнхээ эвдсэн зүйлсийг төлж өгөхөөр тохиролцсон. Мөн Ц******* гэх хүн машины бүтэн будаг 800 000 төгрөг, бүтэн гупер 400 000 төгрөгөөр авхуулна гэж нэхсэн. Уг машины бүтэн будаг буюу гуперыг хүүхдүүд эвдээгүй болно. Энэ нэхэмжилсэн мөнгөтэй санал нийлэхгүй байгаа учир ахин шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, “Х*******” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлыг үнэлгээний дүгнэлт, гэрэл зургууд, “Х*******” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт 2 ширхэг, насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хариуцагчаас: иргэний үнэмлэхийн лавлагаа, тайлбар, хүсэлт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Х*******ийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, “А*******” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Ц******* хариуцагч Б.Х*******т холбогдуулан гэм хорын хохиролд 2 036 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 000 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 1 036 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Ц.Ц******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2021 оны 10 сарын 18-ны өдөр манай Д*******ы 2-50 тоот хашаанд гэрийн гадаа байсан Subaru Forestor ******* улсын дугаартай машин эвдэрч, хагаран авах юмгүй болсон байсан тул цагдаа дуудсан. Цагдаа нар ул мөр хөөн урд хашаан дээгүүр хүүхдүүд давж орж ирэн машиныг эвдэж тоглосон болохыг тогтоосон. Намайг эзгүй явах хооронд хариуцагч Б.Х*******ийн хүүхэд болон прокурор Г*******ын хүүхэд нийлээд 3 хүүхэд машин эвдэж тоглосон байсан. Ингээд машины эвдрэл, хохирлын үнэлгээ 1 910 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 96 000 төгрөг, үнэлгээний хуулбар авсан 30 000 төгрөг, нийт 2 036 000 төгрөгийг хариуцагч Б.Х*******ээс гаргуулж өгнө үү. ...Г******* дүү рүүгээ яриад 500 000 төгрөг авч өгсөн. Мөн өөрөөсөө 500 000 төгрөгийг төлсөн. Тэгээд 1 000 000 төгрөг төлөөд 1 036 000 төгрөгийг төлөхгүй байгаа тул 1 036 000 төгрөгийг Б.Х*******ээс нэхэмжилж байна” гэжээ.
3. Хариуцагч Б.Х******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хүүхэд болон бусад хоёр хүүхдийн хамт энэ айлын хашаанд орж тоглосон нь үнэн. Мөн хашаанд байсан Subaru Forestor маркийн авто машины хоёр толь, хоёр жижиг дохио, хоёр арын гэрэл, зэргийг эвдэлсэн нь үнэн болно. Ц******* гэх хүн нь шинжээчээр үнэлгээ хийлгэж 1 920 000 төгрөгийн төлбөр нэхсэн. Бид гарсан дүнтэй санал нийлэхгүй учраас ахин хоёр талын хүмүүс цуг байлцаж шинжилгээ үнэлгээ хийлгэнэ гэхэд өөрөө ирээгүй хүүхдээ явуулж, тохиролцоё гэж хэлсэн учраас бид хүүхдүүдийнхээ эвдсэн зүйлсийг төлж өгөхөөр тохиролцсон. Мөн Ц******* гэх хүн машины бүтэн будаг 800 000 төгрөг, бүтэн гупер 400 000 төгрөгөөр авхуулна гэж нэхсэн. Уг машины бүтэн будаг буюу гуперыг хүүхдүүд эвдээгүй болно. Энэ нэхэмжилсэн мөнгөтэй санал нийлэхгүй байна” гэж тайлбар гаргасан.
4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, “Х*******” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Ц.Ц******* улсын дугаартай, Subaru Forester маркийн автомашины эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.2 Насанд хүрээгүй Н.Т*******, Г.Б*********, н.Д*************р нар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Д*********** сумын *******-р баг, *************** тоот хашаанд орж тоглож байх үедээ нэхэмжлэгч Ц.Ц*******ийн эзэмшлийн Subaru Forestor ******* улсын дугаартай автомашины эд ангиудыг эвдэж, хагалжээ.
4.3 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 858 дугаартай “Х*******” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Ц.Ц*******ийн эзэмшлийн Subaru Forestor ******* улсын дугаартай автомашинд үзлэг хийх үеийн техникийн бодит байдал: 2 толь хагарч хугарсан. Хойд буфер хагарч цуурч бутарсан. Хойд 2 ш гэрэл хагарсан. Багажны хаалганы бариал хагарсан. Хойд шил арчигч хугарсан. Нүүр сетка хагарсан. 4 хаалга хонхойж халцарсан. Орой хонхойсон капут хонхойсон. Зүүн урд крыло хонхойсон. Хойд шил болон бусад 3 хаалганы шил халцарч сааралтсан байв. Шууд зардлын дүн 850 000 төгрөг, ажлын хөлс 880 000 төгрөг, шууд бус зардлын дүн 180 000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 1 910 000 төгрөг гэжээ.
4.3 “Х*******” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “үнэлгээний хураамж 17-60 ӨМӨ” гэсэн гүйлгээний утгаар 96 000 төгрөгийг Ц.Ц******* төлсөн байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
6. Насанд хүрээгүй Н.Т***********, Г.Б********, н.Д************* нар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Д*******ы 2-50 тоот хашаанд орж тоглож байх үедээ нэхэмжлэгч Ц.Ц*******ийн эзэмшлийн Subaru Forestor ******* улсын дугаартай автомашин буюу эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь зохигч талуудын тайлбар, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Ц******* нь гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй.
7. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Н.Танан 09 настай, Г.Барсболд 06 настай, н.Дөлгөөнтамир 4-5 орчим настай байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна” гэж заасанд Н.Т**********; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна” гэж заасанд Г.Б***********, н.Д************* нар хамаарч байсан байна.
8. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим чадамжтай 3 этгээд хохирол учруулсан байна.
Хариуцагч Б.Х******* шүүхэд болон 2024 оны 10 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай хүүхэд Н.Т******** болон бусад хоёр хүүхдийн хамт энэ айлын хашаанд орж тоглосон нь үнэн. Г*******ынх хүүхдээ манайд нэг өдөр харуулахаар үлдээсэн байсан, тэгээд манай хүүхэдтэй тэдний хүүхэд, манай баруун талын хашааны жоохон хүүхэд гээд 3 хүүхэд ороод тэр машин дээр тоглосон” гэжээ.
Гэм хор учруулах үед Н.Т**************, Г.Б*********** нар нь хариуцагч Б.Х*******ийн хамгаалалт, хяналтад байсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Б.Х******* нь насанд хүрээгүй хүүхдүүдэд хараа хяналт тавих үүрэгтэй ба уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
9. Иймд иргэний эрх зүйн зарим чадамжтай Н.Т**********, иргэний эрх зүйн чадамжгүй Г.Барсболд нарын бусдад учруулсан гэм хорыг хариуцагч Б.Х******* хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх үзлээ.
10. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц******* нь “Х*******” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1 910 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 96 000 төгрөг, мөн үнэлгээний хуулбар авсан 30 000 төгрөг, гэм хорын хохиролд нийт 2 036 000 төгрөг гаргуулахаар анх шаардаж, улмаар 1 000 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 1 036 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Нэхэмжлэгч нь учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг шаардсан байх ба шүүх нөхөн төлөх хэмжээг “Х*******” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Харин 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 30 000 төгрөгийн баримтыг хасаж тооцох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Ц******* нь дахин үнэлгээний хуулбар авахад зарцуулсан гэх 30 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн байх боловч “Х*******” ХХК-ийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 30 000 төгрөг хураасан бэлэн мөнгөний орлогын баримтаар уг мөнгийг хэн, ямар зорилгоор тушаасан нь тодорхойгүй байх тул гэм хорын хохиролтой шууд хамааралтай баримт гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Ц******* нь гэм хорын хохиролд 1 006 000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул уг мөнгийг гэм хор учруулсан 3 этгээдэд хуваахад 335 333 төгрөг ногдож байна.
Иргэний эрх зүйн зарим чадамжтай Н.Т**********, иргэний эрх зүйн чадамжгүй Г.Б**************** нарын бусдад учруулсан гэм хорыг хариуцагч Б.Х******* хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Б.Х*******ээс 2 этгээдэд холбогдох хохирол 670 666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгож, нэхэмжлэлээс 365 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 526 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгох нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х*******, иргэдийн төлөөлөгч Э.Энхбаатар нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Х*******ээс 670 666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 365 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 526 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х*******ээс улсын тэмдэгтийн хураамж 20 645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ
Г.БАТМӨНХ