Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/300

 

 

 

 

 

2023               3            16                                          2023/ДШМ/300                                   

 

Н.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Н.Ж-д холбогдох 2307000000003 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж-,

Шүүгдэгч Н.Ж- нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 58 минутын үед Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх олон улсын А0101 дугаартай замын 84 дэх километр дэх хэсэгт хойноос урагш чиглэлд ****улсын дугаартай “Subaru Forestor” загварын авто тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр Э.О-ийн жолоодон явсан ****улсын дугаартай “Toyota prius 30” загварын машиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Ж- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Ж- нь хохирогч С.О-ийн эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 1.654.042 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.З-д баримтаар нэхэмжилсэн 657.910 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.О-эд эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 702.900 төгрөг, авто тээврийн хэрэгслийн хохиролд 9.807.500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О- нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Н.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана", 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах,... ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ж- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол хуульд заасны дагуу хорих ялаар солих агуулгатай дүгнэлт хийсэн боловч торгуулийн ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар шүүхээс хугацаа тогтоогоогүй, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт дурдаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ял биелүүлэх хугацааны талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Ж- нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 58 минутын үед Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх олон улсын А0101 дугаартай замын 84 дэх километр дэх хэсэгт хойноос урагш чиглэлд ****улсын дугаартай “Subaru Forestor” загварын авто тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр Э.О-ийн жолоодон явсан ****улсын дугаартай “Toyota prius 30” загварын машиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.О-ийн эрүүл мэндэд зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосны суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.О-ийн “...О-э тээврийн хэрэгслээ бариад дүүргийн замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан чинь гэнэт юмтай мөргөлдсөн. ...” /хх 115/,

О.З-ын хохирогчоор өгсөн “...Багахангай дүүргийн цагдаагийн пост өнгөрөөд явж байхад өөдөөс яах ийхийн зуургүй нэг машин орж ирээд тас няс гээд явсан.  ...Би тэр үед жолоочийн хажуу талын суудалд, зүүн талд нь сууж явсан.  Яг миний сууж явсан талаас ирж, манай машины урд талаас зам голлож ирээд мөргөсөн. ...” /хх 26-27/,

Н.Ж-ы яллагдагчаар өгсөн “...зөөлөн явсаар байгаад дүүрэг рүү орж ирсэн чинь замын баруун тал мөстчихсөн байхаар нь замаа голлоод явж байтал урдаас ирж явсан тээврийн хэрэгслийн хурц гэрэл ойгоод зам харагдахгүй болсон. Тэгтэл урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...” /хх 82-83/ гэсэн мэдүүлгүүд,

“...С.О-ийн биед зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосны суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15491 дүгээр дүгнэлт /хх 52-53/,

Н.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалтыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /хх 71/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Ж- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас С.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Н.Ж-ы хохирлоо нөхөн төлсөн болон бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” Гэж, мөн хуулийн 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус заасантай нийцэх юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. …” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН