Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02014

 

МАГАДЛАЛ

 2020.09.23                                           Дугаар 2014

 

 

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дугаар шийдвэртэй, Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох, 11 271 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Б.С-аас 2018 оны 6, 7 дугаар сард тоёото приус 20 болон тоёото приус 30 маркийн 2 ширхэг автомашины урьдчилгаа төлбөрт 11 271 100 төгрөгийг зээлсэн. Д.Б-тай зээлийн гэрээ байгуулаагүй гэх боловч түүний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарт тус автомашинуудын урьдчилгааг Б.С, түүний нөхөр И.Баттулга нараас авсан гэдгээ зөвшөөрсөн. Талууд тухайн үед зээлийн гэрээ байгуулахгүйгээр “Нэт капитал ББСБ” ХХК-д урьдчилгаа төлбөрийг төлж автомашиныг эзэмшиж, ашигласан ба тэрхүү төлбөрийг Б.С төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл Д.Бнь Б.Сд мэдэгдэлгүйгээр автомашинуудыг хувьдаа авч, худалдан борлуулж ашигласан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Д.Б-наас 11 271 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бнь Б.С-аас мөнгөн хөрөнгө зээлээгүй. Хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд зээлсэн тухай асуудал яригдаагүй тул зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ямар учраас уг мөнгийг авсан, юунд захиран зарцуулсан талаар дурдсан байна. Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн талуудын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд Д.Б-ны мэдүүлгийн агуулгад зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн утга байна. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн баримтыг иргэний хэргийн нотлох баримт гэж үзэхгүй ба албан бичгийн агуулгаас үзэхэд урьдчилгаа авсан талаар дурдсан боловч зээлж авсан гэдгийг тогтоогоогүй. Б.С нь Д.Б-д өгөх ёстой цалин хөлсийг өгөөгүй тул буцаан авахгүй гэж өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Б-наас 11 271 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 195 286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Б.С-ийн нөхөр И.Баттулга нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд Д.Б-ны унаж байсан 34-44 УБМ улсын дугаартай тоёото витиз маркийн автомашиныг унаж ашигласны хөлсөнд 3 000 000 төгрөг өгсөн. Д.Бнь И.Баттулгын жолоочоор ажиллаж байсан тул 1 500 000 төгрөг нэмж 4 500 000 төгрөг өгсөн. Б.С нь өөрийн нэр дээр зээл авах боломжгүй учраас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тоёото приус 20 маркийн автомашины зээлийн төлөлтийг хийгээд авъя гэж 4 500 000 төгрөгийн урьдчилгаа төлж авсан автомашины оронд 6 000 000 төгрөг өгсөн. Д.Буг 6 000 000 төгрөгөөр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тоёото приус 30 маркийн автомашиныг зээлээр авсан. И.Баттулгаас 3 000 000 төгрөг, Б.С-аас 6 000 000 төгрөг авсан гэх тайлбараа дурдсан боловч буцаан төлөх гэж авсан талаар дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн боловч хариуцагчийг 11 271 100 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тодорхой. бус байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлийг анхан шагны шүүхээс 2 удаа хүлээн авахаас татшлзаж шүүгчийн захирамж гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой болгохыг дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11 271 100 төгрөгийн задаргааг дурдаагүй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон шүүх хуралд тодруулахад тоёото приус 30 маркийн автомашин 6 000 000 төгрөг, тоёото приус 20 маркийн автомашин 4 500 000 төгрөг, татвар, даатгал нийт 770 100 төгрөг, зөрүү 1 000 төгрөгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүх Д.Б-ныг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтад үндэслэн Б.С нь 2 ширхэг автомашины урьдчилгаа төлбөр 11 271 100 төгрөгийг Д.Б-д өгч, “Нэт капитал” ББСБ-аас Д.Б-ны нэр дээр 2 автомашин зээлээр худалдан авсан байна. Б.С нь 2 автомашины үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй учир Д.Бнь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулан автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Д.Б-ны “Нэт капитал” ББСБ-д төлсөн мөнгийг Б.С нь Д.Б-д төлсөн тохиолдолд автомашиныг Б.Сд шилжүүлэн өгөх боломжтой талаар мэдүүлэг авагдсан байна гэж дүгнэсэн. Гэтэл прокуророос ирүүлсэн албан бичигт Д.Бнь 11 271 100 төгрөгийг өөртөө бус харин Б.С 2 ширхэг автомашиныг хувьдаа хэрэглэхээр хариуцагчаар худалдан авахуулахаар урьдчилгаа гэж өгч, автомашины үлдэх төлбөрийг худалдагчид төлөхөөр “Нэт капитал” ББСБ-аас Д.Батчулуунаар зээл авахуулсан гэж тусгажээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гомдлын хариуд бичигдсэн нэг хэсгийг үндэслэн “...нэхэмжлэгч Б.С нь 2 машиныг хувьдаа хэрэглэхээр Д.Батчулуунаар дамжуулан 11 271 100 төгрөгийг өгч баримтаар тогтоогдоогүй зүйлийг шууд үнэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Тодруулбал, хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өмгөөлөгч Д.Жамъяандавгад хүргүүлсэн гомдлын хариу мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардлагатай гэж үзэн цуглуулсан эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан хохирогч Б.С-ийн өгсөн 1 удаагийн мэдүүлэг, гэрч Д.Б-ны өгсөн 2 удаагийн мэдүүлэг зэргийг хооронд нь харьцуулж үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хоорондоо зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн эргэлзээтэй, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 11 271 100 төгрөг буюу түүний хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсхүл баримтаар тогтоогдсон зүйл байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй. Шүүх дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Б.С-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь Б.С-аас нэг удаа 6 000 000 төгрөг авсан тухайгаа, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн бөгөөд уг мөнгийг зээлсэн асуудал байхгүй нэхэмжлэгч Б.С нь зээл авах боломжгүй тул тоёото 20 маркийн автомашины төлөлтийг хийгээд өөр дээрээ авъя гээд оронд нь өгсөн мөнгө гэдгийг хариуцагч тодорхой дурдсан ба нэхэмжлэгч нь өөрөө төлөлтөө хийж яваагүй хураалгасан. Мөн нэхэмжлэгч Б.С нь хариуцагчид уг 6 000 000 төгрөгөөс гадна өөр мөнгө төгрөг өгсөн. хариуцагч нь уг 6 000 000 төгрөгөөс өөр мөнгө нэхэмжлэгчээс авсан түүнийгээ хүлээн зөвшөөрсөн эсхүл энэ талаар нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжилсэн 11 271 100 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Б-д холбогдуулан автомашин худалдан авахад зээлдүүлсэн 11 271 100 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээний харилцаа үүсээгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх агуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид шаардлагаа гаргасан боловч зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлэхэд талууд шилжүүлсэн мөнгөн буюу бусад төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг буцаан өгөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн хийгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан зохицуулалт нь талуудыг гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байхыг шаарддаг.

 

Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар Б.С нотлож чадаагүй. Б.С-аас Д.Б-д мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудсны агуулгаас үзэхэд Б.С Тоёото приус 20, Тоёото приус 30 маркийн 2 ширхэг автомашиныг ”Нэт капитал” ББСБ-аас худалдан авах зорилгоор Д.Б-д автомашины урьдчилгаа төлбөр 11 271 100 төгрөгийг өгч улмаар түүний нэр дээр 2 ширхэг автомашиныг зээлээр худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны дүгнэжээ.

 

Д.Бавтомашины үлдэгдэл төлбөрийг төлөхөөр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Нэт капитал ББСБ” ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 12 250 000 төгрөгөөр Тоёото приус 30 маркийн 28-23 УБЧ улсын дугаартай автомашиныг худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай, мөн тус компанитай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж Тоёото приус 20 маркийн 12-53 УНН улсын дугаартай автомашиныг худалдан авахаар 9 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийг төлж, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-58-62,65-67/

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.Б-ны өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн тайлбарт “...автомашин авъя гэхэд И.Баттулга надад 3 000 000 төгрөг өгсөн, Б.С 6 000 000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийг 11 271 100 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ. /хх-74-76/

 

Учир нь И.Баттулга, Б.С нар гэр бүлийн гишүүн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэж үзнэ. И.Баттулгаас Д.Б-д өгсөн 3 000 000 төгрөгийг түүнээс буцаан шаардах эрхийг Б.Сд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу хийлгэхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.С 6 000 000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Д.Б-наас шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-наас 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 271 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...хариуцагчаас 195 286 төгрөг” гэснийг “...хариуцагчаас 110 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 195 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА