| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00469/И |
| Дугаар | 143/ШШ2024/00389 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 143/ШШ2024/00389
2024 оны 11 сарын 12 өдөр Дугаар 143/ШШ2024/00389 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х******* овогт Л************ын Г*******
Хариуцагч: С*************** овогт Х***********ийн Э*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б******** овогт Э*************ын Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 33 143 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, хариуцагч Х.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, гуравдагч этгээд Э.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэдийгээр Э******* ХХК-ийн нэр дээр байгаа ч нэхэмжлэгч Л.Г******* зээлийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашигладаг болно. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Д************** сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Г*******ийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Э******* жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан юм. Тухайн үед харуй бүрий болсон байсан, урдаас хоёр автомашин зөрж байсан учир Э.Э******* жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын тусгалд шилжүүлэн хөдөлгөөнд оролцож байсан ба зам дээр хажуугаас гэнэт гарч ирсэн тэмээг хараад зогсоож амжилгүй тэмээг мөргөж осол гарсан.
Осол гармагц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.С************ тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.Э*******д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Харин хариуцагч Х.Э*******д Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.С************ нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Э******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.8.д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.з. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан юм. Гэтэл осол болсны дараа тэмээний эзэн Х.Э*******д хандаж ...бид автомашиндаа учирсан хохирлоо яах вэ гэхэд өөдөөс тэмээний хохирлоо нэхэж, ...та нар зүгээр амьд үлдсэндээ баярла! хэмээн биднийг үл ойшоож байгаад гомдолтой байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.Э*******өөс тээврийн хэрэгслийн хохиролд 31 726 400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг нийт 33 143 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага маань замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болоод учирсан хохиролтой холбогдуулж гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн 8383УНЧ улсын дугаартай Прадо 150 маркийн автомашин байгаа. Энэ гэрчилгээ нь хэдийгээр Э***************** компанийн нэр дээр байдаг ч нэхэмжлэгч Л.Г******* үүнийг зээлийн гэрээний үндсэн дээр эзэмшиж ашигладаг эзэмшигч юм. 2023 оны 02 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Д********* сумаас Улаанбаатар руу явах чиглэлд хатуу хучилттай засмал замын 21 дэх километр дээр Л.Г*******ийн эзэмшлийн Прадо 150 маркийн автомашиныг Э.Э******* Л.Г*******ийн зөвшөөрөлтэйгөөр жолоодож явж байгаад хатуу хучилттай зам дээр автомашиныг зогсоох боломжгүй зайд тэмээ гарч ирснээр тухайн тэмээг мөргөж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Осол болох үед харуй бүрий болсон байсан. Урдаас 2 машин зөрж байсан учраас Э.Э******* жолоочийн хувьд тээврийн хэрэгслийн гэрлийг шилжүүлж ойр дээр тавьсан байсан. Ийм учраас ойрын гэрэлд гэнэт тэмээ гарч ирсэн тул машиныг зогсоох боломжгүй, осол болсон. Ингээд осол гаргаад Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад С************ гэж хүн энэ ослыг шалгасан. С********** үзлэг шалгалтыг хийсний үндсэн дээр Э.Э*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7-51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Гэсэн хэдий ч энэ шийтгэлийг эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаад шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Харин Х.Э*******ийн хувьд хариуцагчийг Замын хөдөлгөөний дүрэм 27.2 дахь хэсгийн з буюу Хатуу хучилттай засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээмэл амьтан оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7-52.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байгаа. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Х.Э******* нь мөн Замын хөдөлгөөний дүрмийн 26.8 зам дээр Зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2 дахь хэсгийн з-д заасан замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байгаа. Х.Э*******өөс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг В********* компаниар үнэлүүлээд гаргасан байгаа. Хохирол 31 726 400 төгрөг, мөн тус хохирлын үнэлгээ хийлгэхэд 1 417 000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 33 143 400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн нөгөө талдаа учруулсан, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх зарчим Иргэний хуульд үйлчилдэг. Тэгвэл тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаант холбоо ердөө л замын хөдөлгөөний 27.2 дахь хэсгийн 3, 26.8-д зааснаар зам дээр хараа хяналтгүй хариулгагүй мал буюу тэмээ байсны улмаас үүссэнтэй шууд шалтгаант холбоо нь харагдаж байгаа. Хариуцагч Х.Э*******ийн нэхэмжлэгчид учруулсан хохирол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус ба энэ нь аргагүй хамгаалалт болон гарцаагүй байдалд мөн хамаарахгүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын хөдөлгөөний дүрмийн 26.8 болон 27.2 дахь хэсгийн 3 дээр авто замын хэсэг дээр 50 метрээс дотогш ямар нэгэн байдлаар мал оруулж болохгүй гэж шууд хориглосон зан үйлийн заалт байгаа. Энэ дээр шөнө оройн цаг ч гэдэг юм уу, өдөр гэгээтэйд гэдэг цаг хугацааг бол ямар нэгэн байдлаар нарийвчлан заасан зүйл байхгүй. Шууд 50 метрээс дотогш оруулахыг хориглоно гэсэн байгаа. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч торгуулсан. Торгуулсан гэм буруутай асуудал нь шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болчихсон. Тэгэхээр энэ тэмээ гарч ирээд мөргөлдөж байгаа, тээврийн хэрэгсэл мөргөж байгаа энэ хоёр яалт ч үгүй хоорондоо шалтгаант холбоотой. Иймд бид нарын хувьд Х.Э*******өөс нэхэмжлээд явж байгаа.
Жолооч Э.Э*******ын хувьд торгосон зөрчлийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр жолооч Э.Э******* нь нэхэмжлэгч Л.Г*******ийн хохирлыг хариуцах гэм буруу байхгүй гэдэг байдал үүсээд байгаа. Тиймээс хариуцагчийн яриад байгаа зүйл үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Э*******өөс гэм хорын хохирлоо гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэв.
2. Хариуцагч Х.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 02-ны үдэш Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотын чиглэлд Тоуоta Land Cruiser Prada J150 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заасан харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй хурд хэтрүүлж маш их хурдтай явсны улмаас зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан.
Манайх тэмээ, адуу, хонь, ямаа гэх 4 төрлийн малтай үүнээс хонь ямаа саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг. Харин энэ дайрагдсан тэмээ маань өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай үүгээрээ малчид бид өв соёлоо хадгалж яваа. Хөдөө аж ахуйн салбарын нэгэн хэсэг юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө нөхөн төлөх эд хөрөнгийг засах зэргээр/буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэж нэхэмжилсэн байна.
Би Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 З-т зааснаар хариуцлагаа хүлээж торгуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл зам дээр зүгээр зогсож байхад нь манай тэмээнүүд бүлэглэж хурд хэтрүүлж очоод тоормос гишгэлгүй машиныг дайрч сүйтгээгүй амьд биет мал хаана явахыг үргэлж харж дагаж явах боломжгүй ухаант хүн бид амь амьжиргаагаа залгуулахын тулд малаа орхиж төв суурин газраар зорчих хоол хүнс бензин тосоо базааж явах шаардлагатай байдаг. Энэ хөдөө хээрийн хатуу хучилттай замыг гатлан мал малчин мөн зэрлэг ан амьтан явдаг, Тэр машины жолооч хэрэв зэрлэг амьтан дайрч машинаа эвдэлсэн бол тэр амьтнаас хохирлоо байсан уу? Манайд хандаж нэхэмжлэл гаргасан Лувсандагва овогтой Г******* гэх хүнийг бид мэдэхгүй танихгүй энэ хүнд ямар нэгэн өглөг байхгүй. Энэ нэхэмжилж буй хохирлоо тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Э.Э*******ын хурд хэтрүүлсэн жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон гэж би бодож байна. Хэрэв энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа заасан боломжит хурдаар явж байсан бол зам дээр гарч ирсэн саадыг буюу тэмээг тойрон гарах боломжтой ингэснээр тэр машинд эвдрэл хохирол учрахгүй байсан. Тиймээс Г******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3-т болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн б, 12.2, 13.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй, машины жолоогоо шилжүүлж өгсөн Э*******аас хохирлоо нэхэмжлэнэ үү. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тухайн нэхэмжилсэн мөнгийг гаргах боломжгүй. Би уламжлалт аргаараа мал аж ахуйгаа маллаж, хариулж байгаа. Тэгээд өдрийн цагаар мал аж ахуйгаа хатуу хучилттай замаас холдуулдаг. Шөнийн нөхцөлд бол Монгол улсын аль ч замын нутаг дэвсгэр дээр бод малыг шөнө хариулаад явж байдаг хүн бараг байхгүй, боломжгүй байгаа. Хоёрдугаарт Э******* тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Г*******өөс мөнгө төгрөгөө нэхэмжлэх байтал надаас, миний тэмээ очоод машиныг нь дайрчихсан мэт хэлж байгаад харамсаж байна. Тухайн захиргааны хариуцлагын тухай хуулиар би торгуулсан нь үнэн. Замын хөдөлгөөний дүрэм дээр хатуу хучилттай замд 50 метрээс ойр зайд малаа оруулсан торгууль хүлээлгэнэ гээд 20 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгуулсан. Түүн дээр нь илүү дутуу юм яриад яах вэ гээд би тэрийг төлсөн нь миний буруу болж хувирч байгаа юм байна. Хоёрдугаарт тухайн үед Э******* надтай утсаар холбогдоход би маргааш өглөө нь тэмээнийхээ осол аваарын газар очсон. Одоо ч тэр тэмээний аваар болсон газраас нааш 80 километр цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэг Улаанбаатар хот руу явахад 21 дэх километрийн зам дээр бүх тэмдэг байж байгаа. Тэмээнийхээ ээмгэнд би цацруулагч гэж хийдэг. Тухайн үед ээмгэнд бол цацруулагч хийсэн. Манай ээмэг энэ байна /биетээр нь үзүүлэв/. Тухайн үед тэмээнд байсан хүзүүвч энэ байна /биетээр нь үзүүлэв/. Ийм хүзүүвч бүх тэмээндээ хийдэг байсан. 2023 он, осол болсноос хойш одоо манайх ойлгогч хийдэг болсон. Ээмэг бол өөрчлөгдөөгүй энэ чигээрээ байдаг. Тэгээд Г*******, Э******* нарын нэхэмжлэл дээр би заналхийлээд тэр зам дээр аваачсан юм шиг ярьж байна. Тэр зам дээр би өдөр тэмээгээ холдуулаад явдаг. Шөнийн нөхцөлд бод мал, тэмээний бэлчээр хаана ч байдгийг та нар мэдэхгүй байж битгий тийм юм ярь. Уламжлалт аргаараа бид малаа маллаж байгаа. Фермержсэн аж ахуй болохоор шөнийн цагаар малаа хашдаг тэжээдэг байх. Манай энд бол фермержсэн аж ахуй одоохондоо явагдаж гүйцээгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг маргааны хувьд анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа. Хариуцагч Э******* болон өмгөөлөгч миний зүгээс дээрх нэхэмжлээд байгаа хохирол төлбөрийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж байгаа. Маргааны гол зүйл маань Э*******ын унаж явсан Тоёота 150 маркийн 8383УНЧ дугаар машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хариуцагч Э*******ийн тэмээг дайрч уг тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Тухайн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр нийт 33 143 400 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг Э*******өөс нэхээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэ маргаан өмнө нь Зөрчлийн хууль болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгагдаж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 131 тоот шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгосон байгаа. Энэ шийтгэврээр оролцогчийн өмгөөлөгч авах, гомдол гаргах эрхээр нь хангаагүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ шийтгэлийг хүчингүй болгочихсон юм чинь Э******* буруугүй, дүрэм зөрчсөн гэх асуудлаас Э******* нь чөлөөлөгдөнө. Ийм учраас нэхэмжлэхгүй гэдэг зүйлийг шүүх хуралдаанд тайлагнаж байна. Ийм маргаан бүхий зүйлийг үндэслээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүрэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад иргэний журмаар нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн миний хувьд өмнөх шүүх хуралдаан дээр энэ зүйлийг тайлбарлаж хэлж байсан. Ийм учраас төлөх үндэслэлгүй гэдгийг нь тайлбарлаж хэлэхийг хүсэж байна.
Мөн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 тоот магадлал байгаа. Үүн дээр зам тээврийн осол хэний буруутай үйлдлийн улмаас гарсан болохыг тогтоосон, тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт гараагүй, зам тээврийн ослын шалтгааны хөтөлбөргүй тогтоосон хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ийм учраас зөрчлийн хэрэг нь дуусаагүй, хэн нь гэм буруутай гэдэг зүйл нь шалгагдаж тогтоогдож, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Өнөөдрийн байдлаар давж заалдах шатын шүүхийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй. Магадлалд дурдсан үндэслэл биелэгдээгүй байгаа тул Л.Г*******ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Э******* гэдэг хүн илт худлаа ярьж байна. Би Э******* гэдэг хүнтэй утсаар ерөөсөө сүүлд нэг удаа ярьсан. Энэ хүн миний утсыг олоод над руу залгасан. Тэгэхдээ яагаад залгасан гэхээр, чи Өмнөговь аймгийн прокурор дээр ирчихсэн явж байна гэж байна, чи одоо ирээд тэмээ төл гэж над руу залгасан. Тэгээд залгахдаа чам шиг юм тэмээ мөргөхөөр үхчихдэг юм, чи харин ч азтай амьд үлдсэндээ баярлаарай гэж заналтай нь аргагүй хэлсэн. Хоёрдугаарт намайг прокурор дээр очсоныг яаж мэдээд байдаг юм бол, тухайн үеийн утасны бичлэгийг гаргаж болдог бол өөрт нь сонсгомоор байна. Гуравдугаарт та түрүүнээс хойш хэлээд байна. Ингээд амьжиргаагаа залгуулж, уламжлалт аргаар тэмээ хариулдаг гээд байна. Энэ ингэж хүн алан тэмээ хариулах хэрэг байдаг юм уу, наадах чинь анх удаа гарч байгаа хэрэг биш шүү дээ. Ер нь ингээд хариулгагүй мал, тэмээнээс болоод өчнөөн хүн амьтан үхэж үрэгдээд осол аваарт ороод байдаг. Эд хөрөнгөөрөө хохироод байдаг. Гэтэл та болохоор энд юу ч болоогүй юм шиг хариулахгүй, хотлуулахгүй байгаа гээд суугаад байх юм. Тэр хооронд би азтайдаа амьд үлдээд, өнөөдөр зарга үүсгээд явж байгаа. Азгүй нь тэгээд үхээд дуусах юм уу, ийм сонин тайлбар тавиад байх юм. Тэгээд та үнэхээр амьжиргаагаа залгуулахаар тэмээ хариулж байгаа юм бол хариуцлагатай байх хэрэгтэй. Тэмээндээ цацруулагч зүүгээд, тухайн үед шинжээч нь ирээд ямар ч цацруулагч юм алга гээд бүх зураг хөргийг нь аваад явсан. Одоо болохоор цацруулагч байгаа гээд шинээр нэг юм авчраад үзүүлээд байх юм. Тухайн үед ямар ч цацруулагч байгаагүй. Тэр зураг, шинжээчийн дүгнэлт дээр ч байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ анх удаа гарч байгаа, над дээр тохиолдсон юм биш. Ийм хэрэг гардгийг мэдсээр байж тэмээндээ анхаарлаа тавиад, эсхүл чадахгүй бол больж болдоггүй юм уу гэв.
4. Нэхэмжлэгчээс: 2023 оны 10 сарын 17-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн L1-00388 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, В****** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42719 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, автомашины гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ЗШ/131 дугаартай шийтгэвэр, Хариуцагчаас: Ослын гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ЗШ/131 дугаартай шийтгэвэр, Ашид б******* ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 0087608 дугаартай шийтгэлийн хуудас, Хариуцагч талын хүсэлтээр: 2022 оны 02 сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Г******* нь хариуцагч Х.Э*******д холбогдуулан гэм хорын хохирол 33 143 400 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 02 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Г*******ийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Э******* жолоодон явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан.
Жолооч Э.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр түүнд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Харин хариуцагч Х.Э*******д Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч Х.Э*******ийн дээрх заалтыг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэн түүнээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 31 726 400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг, нийт 33 143 400 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Х.Э******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Э******* Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хурд хэтрүүлж явсаны улмаас зав тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Манайх тэмээ, адуу, хонь, ямаа гэх 4 төрлийн малтай үүнээс хонь, ямаа, саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг. Харин энэ дайрагдсан тэмээ өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдана. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай гэж тайлбарлан маргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Г*******ийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Э******* нь жолоодож яваад засмал зам дээр 1 тооны тэмээг дайрч зам тээврийн осол гарсан.
4.2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Сугирхүү 2022 оны 02 сарын 08-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргасан. Уг магадлагаанд:
Жолооч Э.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа: ...Э.Э******* нь ******* дугаартай В ангилалтай жолоодох эрхийн хугацаа дууссан хүчинтэй төлөвт байна.
Жолооч Э.Э******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн.
******* маркийн ******* улсын дугаартай автомашин нь 1 тооны тэмээг дайрч зам тээврийн осол гарахад тэмээний эзэн малчин Х.Э******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. з-д зааснаар Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн.
Жолооч Э.Э******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон байна.
Иргэн малчин Х.Э******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. з-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон байна гэжээ.
4.3 Тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Э.Э*******д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0087605 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэврээр уг шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.4. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.С************ тэмээний эзэн Х.Э*******д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ************ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4.5. 0087608 дугаартай шийтгэлийн хуудсанд: Х.Э*******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з дэх хэсэгт заасан хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн гэжээ.
4.6. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42719 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд улсын дугаартай, Toyota LC prado-150 машинд дараах дүгнэлтийг гаргажээ. Нийт шууд бусад зардал 7 776 400 төгрөг, Нийт шууд зардлын дүн 23 960 000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон дүн 31 726 400 төгрөг гэжээ.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Х.Э*******ийн хариуцлага хүлээх үндэслэл нь түүний гэм хор учруулсан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, үүний улмаас хохирол учирсан байх, үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна тэрээр гэм буруутай байх ёстой.
Эдгээр нөхцөлдүүд бүрэн тогтоогдсоноор гэм хорын эрх зүйн хариуцлага хүлээх үндэслэл болдог.
6. 2023 оны 02 дугаар сарын 02-ны оройн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Г*******ийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Э******* нь жолоодож яваад засмал зам дээр 1 тооны тэмээг дайрч зам тээврийн осол гарсан.
Хариуцагч Х.Э*******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан хэдий ч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруу нь дан ганцаараа түүнд шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* Бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн нөгөө талдаа учруулсан, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх зарчим Иргэний хуульд үйлчилдэг. Тэгвэл тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаант холбоо хариуцагч Х.Э*******ийн зам дээр хариулгагүй мал буюу тэмээ байсны улмаас үүссэнтэй шууд шалтгаант холбоотой гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь хариуцлагыг үндэслэх шалтгаант холбоог агуулж байх тул түүний тайлбар үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Э*******ийн мал буюу тэмээгээ хариулгагүй байлгасан гэх малчны эс үйлдэхүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалт зөрчсөн байх бөгөөд энэ нь түүний эс үйлдэхүй болон эрхийн зөрчлийн хоорондын шалтгаант холбоог агуулж байна.
Харин малаа хариулгагүй байлгасан эс үйлдлээс хохирол учирсан байх нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаардаг. Х.Э******* нь малаа хариулгагүй байлгасан эс үйлдлээс тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул түүний эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй гэж үзнэ.
7. Иймд Х.Э******* нь автомашинд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э*******ийн хүсэлтээр Э.Э*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. /хх-51/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан.
Хэрэгт гуравдагч этгээд Э.Э*******тай холбоотой Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэвэр авагджээ.
Дээрх шийтгэврээр зөрчилд холбогдогч Э.Э*******д ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх ба тэрээр тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх, уг зөрчил хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаагаас гадна бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э*******д холбогдох асуудлыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд Э.Э*******тай холбоотой шийтгэврийг хэрэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
9. Иргэдийн төлөөлөгч Б.Болорчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгч Б.Болорчимэгийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
10. Эрх бүхий этгээдийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан магадалгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэ нь зөрчил гарсан цаг хугацааны хувьд зөрүүтэй тул осол болсон шалтгаан нь Х.Э*******ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-д заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэх магадалгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Э*******өөс 33 143 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧИД Р.УРАНЧИМЭГ
Г.БАТМӨНХ