Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01020

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01020

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, ** дүгээр хороолол, * гудамж * ХХК хаягт оршин суух, * /рд:*****/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж * байр, * тоотод оршин суух,* /рд: АК76082738/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 7,104,000 төгрөг гаргуулах хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төрбат,

Хариуцагч *,

Хариуцагч өмгөөлөгч Д.Даваа,

Иргэдийн төлөөлөгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *аас гэм хорын хохиролд 7,104,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот орохоор өөрийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн * сумын нутаг дэвсгэрт явж байтал 22 цагийн орчим замын хажуу талын овгор шорооны ардаас даага гэнэт үсрэн гарч ирж машинтай мөргөлдсөн. Тухайн үед би эхнэр хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Даага гэнэт гарч ирэхэд зогсоох арга хэмжээ шууд авсан бөгөөд даага байгааг харах боломжгүй байсан ба даага шууд машины урдуур үсрэн гарч ирж мөргөлдсөн бөгөөд дааганд ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Харин миний машины урд буфер хагарч цуурсан, капут нугларч тахийсан, урд карказ хонхойж чихэгдэж гулзайсан, чирэгчийн таг хагарсан, антен хугарсан, зүүн урд гэрлийн суурь хонхойж гулзайсан зэрэг гэмтэл учирсан. Тухайн үед би замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлэн, хурдтай явсан бол тухайн даага шидэгдэж үсрэх, бэртэл гэмтэл авах байсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийг баримталж явсан, тээврийн хэрэгслийг шууд зогсоох арга хэмжээ авсаны үр дүнд малд ямар нэгэн гэмтэл учраагүй. Мөн Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч * 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн ослын магадалгаагаар малчин * нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан бөгөөд миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь тогтоогдсон. Мөн малчин * нь мэдсээр байж хатуу хучилттай замын 50м дотор гэр барьж морь уяж байсан. Дээрх Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн улмаас миний тээврийн хэрэгсэлд 6,662,000 төгрөгийн хохирол учирсан. Миний бие малчин * тай учирсан хохирлын талаар харилцан тохиролцох санал тавьсан боловч цагдаа, шүүхээрээ яваа би төлж чадахгүй гэсэн. Тиймээс тээврийн хэрэгслийн хохирол 6,620,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 328,000 төгрөг, Улаанбаатар хотоос Төв аймгийн Цагдаагийн газар руу 3 удаа дуудагдан очсон түлшний зардал 156,000 төгрөг, нийт 7,104,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Надаас гэм хорын хохиролд 7,104,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн * ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төв аймаг дахь замын цагдаагийн газрын цагдаа ахлах дэслэгч Түмэнбаяр нь иргэн намайг замын хууль дүрэм зөрчсөн гэж 20,000 төгрөгөөр торгосон ба манай өмгөөлөгч эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, прокурорт хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хариу мэдэгдэл өгсөн ба прокурор зөрчлийн хэргийн талаар дүгнэлт бичиж Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэж 2023.09.05-ны өдрийн 680 тоот, 2023.08.14-ний өдрийн №**** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч * маргааны талаар дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын машины марк ямар машин байсан нь тодорхойгүй, удаан явлаа гэхэд даага ирээд мөргөхөд 6 сая төгрөгийн хохирол учрах нь эргэлзээтэй, мөн үнэлгээний газраар хариуцагч талаас харилцан байлцаагүй. Хариуцагч талын хувьд өөрийн малаа хариуцлагатай маллаагүйгээс малд хохирол учраагүй ч бусдын эд хөрөнгөнд их бага хэмжээгээр хохирол учруулсан тул их бага хэмжээгээр хохирлыг барагдуулах ёстой байх гэсэн саналтай байна. Хохирлын үнэлгээг дахин гаргуулж хариуцагч талаас байлцуулах мөн саналтай байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 4/, Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 5/, фото зураг /хх 6-12/, итгэмжлэл /хх 13/, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 14/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 15/, төлбөрийн баримт /хх 16/,

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 22/, Төв аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /хх 23/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх 24-27, 28-29/, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 30-31/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зам тээврийн ослын магадалгаагаар малчин * нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан бөгөөд миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь тогтоогдсон. Тиймээс тээврийн хэрэгслийн хохирол 6,620,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 328,000 төгрөг, Улаанбаатар хотоос Төв аймгийн Цагдаагийн газар руу 3 удаа дуудагдан очсон түлшний зардал 156,000 төгрөг, нийт 7,104,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, прокурорт хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хариу мэдэгдэл өгсөн ба прокурор зөрчлийн хэргийн талаар дүгнэлт бичиж Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 680 дугаар шийтгэвэрээр 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №0084154 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Зохигч талуудын тайлбар, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 680 дугаар Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шийтгэвэр, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМЗ/21 магадлал нотлох баримтаар 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар Арвайхээр чиглэлийн А0301 авто замд Цанын бааз гэх газраас зүүн тийш 46 дахь километрийн шонгийн орчим Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг * нь жолоодож яваад иргэн *ын эзэмшлийн 1 тооны малыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

6.Нэхэмжлэгч нь Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

7.Хариуцагч нь өөрийн эзэмшлийн малыг Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаар маргаагүй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.

 

9.Гэвч нэхэмжлэгч * нь Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмших, өмчлөх, учирсан хохирлыг шаардах эрхтэй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй.

 

10. Учир нь хэрэгт нотлох баримтаар Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч *ийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч гэсэн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтаас үзвэл Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь М.Ижилбаярыг гэж үзэхээр байна.

 

 

11.Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгааг дүгнэж, хохирлыг арилгуулах тухай дүгнэлт гаргасан.

 

12. Эд хөрөнгийн өмчлөгч этгээд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч * нь Lexus RX 450H /Лексус ар икс 450 эйч/ маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13.Иймд хариуцагч *аас 7,104,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *аас гэм хорын хохиролд 7,104,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч *ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

Ш.ОЮУНТУУЛ