| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05070/И |
| Дугаар | 102/ШШ2024/01130 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01130
| 2024 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/01130 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, нз ** байр, ** тоот оршин суух, * овогт * /РД: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байр, * тоот оршин суух, * овогт * /РД: ****/
Нэхэмжлэлийн шаардлага: 97,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хэрлэнчимэг,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч * эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч * холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие 2022 оны 1 дүгээр сард хариуцагч * 1 м.кв нь 18,000 төгрөгийн үнэ бүхий 2670 м.кв буюу нийт 445 ширхэг булан төмөр худалдсан. * нь төмрийн нийт үнэ болох 48,000,000 төгрөгийг өгнө хэмээн ямар ч төлбөр төлөлгүйгээр барааг авч явсан. Гэтэл * 1 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан төмрийн үнийг төлөөгүй бөгөөд миний бие түүнд төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч удахгүй төлнө хэмээн хойшлуулсаар төлбөр огт төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Мөн хариуцагч * 2022 оны 1-р сарын 13-ны өдөр миний Монгол улсад орж ирсэн дугаар аваагүй 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Jeep Cherokee маркийн автомашиныг 85,000,000 төгрөгийн үнээр худалдан авсан. Тэрээр автомашины төлбөрт урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд миний бие автомашиныг ББСБ-ын зээлийн барьцаанаас чөлөөлж, * хүлээлгэн өгсөн. Харин * нь үлдэх 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусна хэмээн автомашиныг авч явсан боловч өнөөдрийг хүртэл надад ямар ч төлбөр төлсөнгүй. Миний бие нь хариуцагч *ыг өөрийн хамаатан, ажил төрөл нь гайгүй явж байгаа залуу хэмээн ойлгож, намайг хохироохгүй байх гэдэгт итгэж түүний хэлсний дагуу эд хөрөнгүүдээ ямар нэгэн барьцаагүй, булаг төмрийг урьдчилгаа төлбөргүйгээр өгч явуулсан. Гэтэл * нь булан төмрийн үнэ болох 48,000,000 төгрөг, автомашины үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг буюу нийт 93,000,000 төгрөгийг төлөхгүй намайг хохироож байх тул шүүхэд хандаж байна. Миний бие өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 4,000,000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу булан төмрийн үнэ болох 48,000,000 төгрөг, автомашины үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс, зардал 4,000,000 төгрөг, нийт 97,000,000 төгрөгийг хариуцагч *аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Хэлцэл Төлбөр тооцоо барагдуулах тухай /хх 5-6/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 7/, гэрэл зураг /хх 8-10/,
3. Хариуцагчаас хариу тайлбар, баримт ирүүлээгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч * нэхэмжлэлээс 93,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ ...2022 оны 1 дүгээр сард хариуцагч * 1 м.кв нь 18,000 төгрөгийн үнэ бүхий 2670 м.кв буюу нийт 445 ширхэг булан төмөр худалдсан. * нь төмрийн нийт үнэ болох 48,000,000 төгрөгийг ...1 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан төмрийн үнийг төлөөгүй. Мөн хариуцагч * 2022 оны 1-р сарын 13-ны өдөр миний Монгол улсад орж ирсэн дугаар аваагүй 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Jeep Cherokee /Жийп Чирокий/ маркийн автомашиныг 85,000,000 төгрөгийн үнээр худалдан авсан. Тэрээр автомашины төлбөрт урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлсөн ...үлдэх 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусна хэмээн автомашиныг авч явсан боловч өнөөдрийг хүртэл надад ямар ч төлбөр төлсөнгүй гэж тодорхойлсон.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч * нь дээрх нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан 2022.02.28 Хэлцэл-Төлбөр тооцоо барагдуулах тухай гэсэн бичгийн нотлох баримтаас үзвэл, Миний бие * нь иргэн *аас Jeep Cherokee маркийн автомашиныг худалдан авсан бөгөөд автомашины нийт үнэ 85,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 45,000,000 төгрөгийг 2022 оны 7 сард багтаан төлөх хэлцэлд хүрсэн болно. Төлбөрийн үүрэг хүлээгч * гэж бичээд гарын үсэг зурсан байна.
Мөн хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтыг үзвэл, Миний бие * 2022 онд *тай БНХАУ-аас авсан гэх булан төмрийг нийт 2670 м 445 ширхэгийг нэг метр нь 18,000 төгрөг үнэлгээтэй байхаар авсан. Иймд төмрийн 48 сая төгрөгийг 2023 оны 4 сарын сүүлд багтаан олгох /өгөх болно/. Иргэн * гэж бичээд гарын үсэг зурсан байна.
Нэгэнт нэхэмжлэгчийн ...2022 оны 1 дүгээр сард хариуцагч * 1 м.кв нь 18,000 төгрөгийн үнэ бүхий 2670 м.кв буюу нийт 445 ширхэг булан төмөр худалдсан. Мөн хариуцагч * 2022 оны 1-р сарын 13-ны өдөр миний Монгол улсад орж ирсэн дугаар аваагүй 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Jeep Cherokee /Жийп Чирокий/ маркийн автомашиныг 85,000,000 төгрөгийн үнээр худалдан авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
4.2. Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хавтаст хэргийн 5, 6 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч * нь Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашины үлдэгдэл төлбөрт 45,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сард багтаан төлөх, нийт 2670 метр 445 ширхэг булан төмрийн төлбөрт 48,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын сүүлд багтаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч *ыг нэхэмжлэгч *тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 93,000,000 төгрөг төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *аас Худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *аас 93,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
4.4. Нэхэмжлэгчээс өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 4,000,000 төгрөг төлсөн гэж уг зардлыг хариуцагчаас шаардана гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 622,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *аас 93,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 622,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН