| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/00381/И |
| Дугаар | 102/ШШ2024/01251 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/01251
| 2024 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/01251 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-*, Виста оффис,* давхарт байрлах, *ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Тээвэрчний гудамж, Уран ган ХХК-ийн байранд байрлах, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг,* дүгээр хороо, 17020 хаягт байрлах, * ХХК,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * гудамж, өөрийн байранд байрлах, *,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
/Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*ХХК нь Зайсангийн аманд байрлалтай Танктай дулаан дамжуулах төвөөс Зайсан скай хотхон хүртэлх дулааны шугамыг дангаар өмчилдөг билээ. 2010 оноос эхлэн Зайсан толгойн зүүн болон зүүн урд талаар аялал жуулчлалын цогцолбор, орон сууцны хороолол, хотхон ихээр баригдах болсонтой холбогдуулан тухайн бүсэд шинээр барилга барьж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд нь манай өмчлөлийн дулаан дамжуулах төвд холбогдож, дулаанаар хангагдах хүсэлт ихээр гаргах болсон. Улмаар Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ нь манай компанид хүсэлт гаргасны дагуу бид 2016 оны 9-р сарын 30-ны өдрийн 16/25 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ нь гэрээний С-д заасны дагуу 109/2014 тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу өөрийн гишүүн хуулийн этгээдүүдтэй хамтран, тэдний оруулсан хөрөнгөөр Шинэ дулаан дамжуулах төв-ийг барьж ашиглалтад оруулах, гэрээний 2.1.1-д заасны дагуу шинээр баригдсан дулаан дамжуулах төвийн барилга, түүний дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг манай өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бол харин *ХХК нь шинэ дулаан дамжуулах төв барих газрын зөвшөөрлийг газрын хууль ёсны эзэмшигчээс авах, гэрээний 2.2.1-т заасны дагуу шинэ дулаан дамжуулах төвийг өөрийн өмчлөлийн дулааны шугамд холбох, гэрээний хавсралт 1-д заасан хуулийн этгээдүүдийг гэрээний 2.1.2-д заалтын дагуу дулааны шугамд холбогдохыг зөвшөөрөх, шинэ дулаан дамжуулах төвийн ашиглалтыг хариуцан ажиллах үүргийг тус тус хүлээсэн болно. *ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэ дулаан дамжуулах төв барих газрын зөвшөөрлийг авч хариуцагчид дулаан дамжуулах төвийн барилга барих, түүний дотор дулаан солилцуурын иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах нөхцөл боломжийг бүрдүүлсний үндсэн дээр хариуцагч нь шинэ дулаан дамжуулах төвийн барилгыг барьж, тус барилгын дотор дулаан дамжуулах иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2016 оны 10 дугаар сард хийж дуусган манай компани өөрийн дулааны шугамд холбож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын гишүүн хуулийн этгээдүүдийн барилгуудыг гэрээний 2.1.2-т заасны дагуу шинэ дулаан дамжуулах төвийн дулааны шугамд холбож, дулаанаар хангасан байдаг. Гэтэл хариуцагч нь дулаан дамжуулах төвийн ашиглалтыг бидэнд шилжүүлэн өгсөн хирнээ өмчлөх эрхийг нь бидэнд шилжүүлэлгүй, өөрсдийгөө бусдад тус дулаан дамжуулах төвийн өмчлөгч хэмээн тайлбарлаж, мэдэгдэж бидний зөвшөөрөлгүйгээр дулаан дамжуулах төвд шинээр хэрэглэгч холбогдох зөвшөөрөл өгч дулаан дамжуулах төвийн ачааллыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн хариуцагчийн зөвшөөрлөөр дулаанд холбогдсон иргэн, аж ахуй нэгж нь биднийг тус төвийн өмчлөгч гэж үзэлгүй, ашиглалтын зардлыг хариуцахаас зайлсхийж, гэрээ байгуулахаас татгалзах болсноор манай компанийг ашиглалт, үйлчилгээний их хэмжээний төлбөрийг дангаар хариуцахад хүргэж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шинэ дулаан дамжуулах төвийн барилгыг 334,601,100 төгрөгийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан болох нь Итгэлт эстимэйт ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж маргаж буй дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийг нэр бүхий олон компаниуд хамтарсан хөрөнгө оруулалт хийж барьж байгуулсан. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д дулаан дамжуулах сүлжээ гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг 3.1.14-д дулаан түгээх сүлжээ гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг, 30.1-д хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй, 30.1.13-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх гэж хуульчилсан. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 5.1-д Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд 5.1.18-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, 5.1.19-д шинээр барилга байгууламж холбуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн, анхдагч хаалт суурилуулсан, холболтын схемийг өөрчилсөн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцах, 5.1.20-д дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолоор баталсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний Холболтын журам-ын 2.1-д Шинээр барих, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дулааны техникийн нөхцөл авна, 2.11-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхээр тусгасан байдаг, 5.3-д тухайн объектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбохын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харъяа дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан дамжуулах, түгээх сүлжээг зайлшгүй өргөтгөхтэй холбогдон гарах зардлыг объектоо холбуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд хариуцна, 5.8-д шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөсөн бол өргөтгөсөн тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд үлдэнэ гэжээ. Дээрх хууль, дүрэм, журамд зааснаар дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглол, дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу төрийн өмчлөлд шилжүүлэхээр байх бөгөөд дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь * байна. Тэгэхээр нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд * ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдаад буй дангаар өмчилдөг гэх Зайсангийн аманд байрлалтай Танктай дулаан дамжуулах төвөөс Зайсан скай хотхон хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийг барихад маш олон компаниуд нийлж хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд манай компани 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №* дугаартай гэрээний дагуу 40,297,204 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул тус дулааны шугам, тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгчдийн нэг юм. Гэтэл дээрх дулаан шугам, тоног төхөөрөмжүүдийг хэн эзэмших, өмчлөх эрхтэй, хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох шаардлага бүхий *, * ХХК-ийн нэхэмжлэлтэй, * ХХК, *-д холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд байгаа. Тус хэрэгт манай компани мөн гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн дангаар өмчилдөг гэх дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хэн болохыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төвлөрсөн дулаан хангамжийн тухай яригдана. Нийт Зайсангийн зүүн салаанаас Танктай ДДТ гээд цогцоороо юм. Нэгдүгээр хэлхээнээс авахгүй бол өөр хаанаас дамжуулан авах юм. Нэгдүгээр хэлхээ, хоёрдугаар хэлхээ бол техникийн ойлголтууд. Хуулийн ойлголт бол дамжуулах сүлжээ, хангах түгээх сүлжээ. Үйлдвэрлэгчээс дулаан хуваарилах төв хүртэлх шугамыг дулаан дамжуулах сүлжээ, хэрэглэгч хүртэлх шугамыг хангах түгээх сүлжээ гэнэ. Дамжуулах сүлжээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 200 мм-ээс дээш голчтой шугам нь дамжуулах сүлжээ юм. *ХХК-ийн барьсан шугам нь 300 мм, 350 мм, 400 мм тул дамжуулах сүлжээнд хамаарна. Хангах түгээх сүлжээ биш. Хоорондоо уялдаатай тул нэгдүгээр хэлхээ, хоёрдугаар хэлхээ гэж нэрлэж байгаа. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хангах түгээх гэх тусдаа зөвшөөрөл байдаг. Техникийн нөхцөл дээр 200 мм-ээс дээш голчтой тул дамжуулах сүлжээ мөн гэж тусгагдсан. * нь түгээх сүлжээ, дамжуулах сүлжээний тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа гэжээ.
5.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 5/, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, хавсралт /1хх 6-8/, Техникийн нөхцөл №109/2014, хавсралт /1хх 9-14/, Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 15-31/, итгэмжлэл /1хх 32, 44, 2хх 40, 2хх 118/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу *ХХК-ийн дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний төлөв байдалд хийсэн дүгнэлт, хавсралт /1хх 175-179/, Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдын УДДТ-ийн хоногийн үйл ажиллагааны мэдээ /1хх 180-181/, зураг /1хх 182-188/, Зайсан дахь Шинэ ДДТ-ийн өндөр бүсийн тоног төхөөрөмж, шугам хоолойн жагсаалт /1хх 189-191/, зураг /1хх 192-198/, Хөндлөнгийн мэргэжлийн дүгнэлт /1хх 199-214/, Хот байгуулалт, хөгжлийн газар Акт шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан /1хх 215-216/, Зайсан дулаан хуваарилах төв №2-ийн засвар шинэчлэлийн ажлын төсөв /1хх 217-250, 2хх 1-22/, Зайсан скай ХХК-ийн 22/005 тоот санал хүргүүлэх нь албан бичиг /2хх 106/, Нэвтрэх суваг ХХК-ийн 037 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг /2хх 107/, *-ийн 06/1883, 12/938, 01/1679, 01/177, 10/912, 01/1780, 10/1319 тоот албан бичиг /2хх 108, 109, 111, 112, 113, 114, 115-116/, Ханбэлчир ХХК-ийн 24/01 тоот албан бичиг /2хх 110/, Эх газрын эрдэнэс ХХК-ийн 24/01/08-01 тоот албан бичиг /2хх 117/,
6.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 35, 39, 45/, хариу тайлбар /1хх 40/, Акт Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан /1хх 87/, *-ийн техникийн шаардлагуудыг хангаагүй тухай албан бичиг /1хх 61/, Эрчим хүчний зохицуулах хорооны Үүрэг даалгавар өгөх тухай тогтоол /1хх 62/, Дулааны хос Ф426, 530 метр урт шугам угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1хх 63-65/, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1хх 66, 67/, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын албан бичигт хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх 68/, *-ийн Техникийн шийдэл хэрэгжүүлэх гэрээний биелэлт хангуулах тухай албан бичиг /1хх 69/, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын албан бичиг /1хх 70/, *-ийн Шугам тоноглолын тухай албан бичиг /1хх 71/, Техникийн шийдэл хэрэгжүүлэх гэрээ /1хх 72/, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын санал хүргүүлэх тухай албан бичиг /1хх 73/, Зайсан дэд бүтэц холбооны барилгуудын төвлөрсөн дулаан хангамжинд холбох цэг, техникийн шаардлагууд /1хх 74/, зураг /1хх 75-76/, хариу тайлбар /2хх 152-153/,
7.Гуравдагч этгээд * ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 159/, Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ /1хх 160-161/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1хх 162-163/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 164/, хариу тайлбар /2хх 41/,
8.Гуравдагч этгээд *-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /2хх 35, 39/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /2хх 36-37/, ийн 01/1575 тоот албан бичиг /1хх 147-154/,
9.Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 5/979 тоот албан бичиг, хавсралт /1хх 85-87/, *-ийн 01/1420 тоот албан бичиг /1хх 88/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 08/3420 тоот албан бичиг /1хх 89-90/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 962 тоот албан бичиг, хавсралт /1хх 103-145/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 3/1603 тоот албан бичиг /1хх 146/, *-ийн 01/1575 тоот албан бичиг /1хх 147-154/,
Шүүхийн санаачилгаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 951 тоот албан бичиг, хавсралт /2хх 29-33/, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 19/875 тоот албан бичиг /2хх 34/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 2.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь хууль, дүрэм, журамд зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэх үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хавтаст хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нотлох баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон.
4.1 Дээрх гэрээгээр Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ нь Шинэ Дулаан дамжуулах төвийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг *ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ, №* тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын хавсралт 1-д багтсан нэр бүхий хуулийн этгээд нь *ХХК-ийн эзэмшлийн дулааны шугам сүлжээнд холболтын хураамжийг харилцан тохирч гэрээ байгуулан, төлсний дараа Дулаан дамжуулах төв болон дулааны шугамаас холболт авах эрхтэй. Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ нь шинээр баригдсан Дулаан дамжуулах төвийн угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниас барилгын хуулийн дагуу 3 жилийн баталгаат хугацааг гаргуулж өгнө гэж, *ХХК нь одоо байгаа Дулаан дамжуулах төвийг дулааны шугамаас салгаж, үндсэн шугамыг шууд холбон Шинэ Дулаан дамжуулах төвд дулаан шууд очих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй, мөн Шинэ Дулаан дамжуулах төвийн ашиглалтыг хариуцаж ажиллах ба ашиглалттай холбоотой зардлын асуудлыг Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ болон түүний гишүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гишүүн тус бүртэй гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ. *ХХК нь гэрээний 2.1.2-т заасан Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын нэр бүхий хуулийн этгээдийг гэрээ хийсний дараа дулааны шугамд холбогдоход аливаа саад учруулахгүй байх үүрэгтэй ба гагцхүү тухайн гишүүн Шинэ Дулаан дамжуулах төвд хөрөнгө оруулсныг тодорхойлсон Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын тодорхойлолтыг үндэслэж *ХХК зөвшөөрч холбуулна. Дулаан дамжуулах төв болон дулааны шугам сүлжээ, цахилгаан хангамжид гарах ашиглалтын зардал болон засвар үйлчилгээний зардлыг хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу хуримтлал үүсгэж бүрдүүлнэ. *ХХК Шинэ Дулаан дамжуулах төвийг байрлаж буй газрын төлбөрийг бүрэн хариуцна, мөн Шинэ Дулаан дамжуулах төв бүхий дулааны шугамд 2.1.2-т зааснаас бусад хэрэглэгчийг шинээр холбох эрхийг дангаар эдэлнэ. Дулаанаар хангагч эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд Шинэ Дулаан дамжуулах төвийн хэрэглэгчдийг зуны улиралд хэрэглээний халуун усанд зориулж ажиллуулна гэж тохиролцсон байна.
Түүнчлэн дээрх гэрээний А-д *ХХК нь Зайсангийн аманд Танктай дулаан дамжуулах төвөөс Зайсан скай хотхон хүртэлх дулааны шугамыг дангаар захиран зарцуулах эрхтэйгээр эзэмшдэг болох, В-д Эрчим хүчний яамнаас олгосон №* тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу Эрчим төсөл ХХК-иар Зайсангийн зүүн салааны дулаан хангамжийн зураг төслийг хийлгүүлсэн, С-д Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ нь Зайсан толгойн зүүн хойд талд шинээр Дулаан дамжуулах төвийг нэр бүхий гишүүдийнхээ хөрөнгөөр барьж байгуулж, ашиглалтанд оруулсан болох, D-д Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын гишүүн байгууллагууд Техникийн нөхцөл, зураг төслийн дагуу Шинэ Дулаан дамжуулах төвөөс дулаанаар хангагдах болохыг тус тус заасан байна.
Гэрээний шинж, зүйл, талуудын эрх үүрэг, хариуцагчийн хийж гүйцэтгэх ажил зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн гишүүн байгууллагуудын хөрөнгөөр гэрээнд заасан Шинэ дулаан дамжуулах төвийг хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь Шинэ дулаан дамжуулах төвийн ажлын үр дүнг хүлээн авч, Шинэ Дулаан дамжуулах төвийн ашиглалтыг хариуцаж ажиллах, Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-ын нэр бүхий хуулийн этгээдийг дулааны шугамд холбогдоход аливаа саад учруулахгүй байх үүргийг хүлээж, мөн Шинэ Дулаан дамжуулах төвийг нэхэмжлэгч *ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. Түүнчлэн, мөн зүйлийн 343.2-т зааснаар дээрх ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Шинэ дулаан дамжуулах төв байна.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаангүй.
4.2 Талуудын маргааны зүйл нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 2.1.1-д заасан Шинэ ДДТ-ийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг *ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэсэн гэрээний үүрэг байна.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 2.1.1 дэр заалтаар тодорхойлж байна.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгчийн эрх, үүргийг заасан бөгөөд 30.1.13.нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж хуульчилжээ.
Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг шинэчлэн баталсан байна. Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1-т Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд: 5.1.20. дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хуулийн энэ зориулалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн.
Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Дулааны хос * метр урт шугам угсралтын ажил гүйцэтгэх гэрээ авагджээ. Уг гэрээг Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ болон * ХХК нар байгуулсан байх бөгөөд гэрээгээр 2014/108 тоот техникийн нөхцөлөөр, зургийн дагуу Зайсан толгой зүүн хэсгийн 530 метр урттай дулааны хос шугамыг одоо байгаа сувагтай зэрэгцүүлэн Ф426мм-ийн шугам шинээр угсрах ажлыг батлагдсан төсвийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Мөн хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд * ХХК-иас гаргаж өгсөн Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан бөгөөд уг гэрээний талуудын хамтын хөрөнгөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зайсангийн аманд байрлах аялал жуулчлалын цогцолборуудын гадна холбогдох БНбД-үүд болон УБДС ХК-ийн техникийн нөхцөлийг баримтлан эрх бүхий байгууллагуудаар баталгаажсан зураг төсвийн дагуу анхны огтолгоо хийсэн цэгээс Эх Газрын Эрдэнэс ХХК-ийн холбогдох цэг хүртэл дулаан хангамжийн 2Ф325x8мм болон 2Ф377x8мм голчтой ган яндан, үл нэвтрэх бетон сувагтай гадна дулааны шугам, дэд станцын барилга тоног төхөөрөмжүүдийг хийж гүйцэтгэхээр болсон байна.
Хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан баримтаар *-иас ...2008 оноос хойш танай барилгуудыг дулааны эрчим хүчээр хангадаг дулааны худаг 110-17 цэгээс Зайсан дэд бүтэц холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагын шинээр барьсан дулаан дамжуулах төв хүртэлх 2300мм голчтой шугамыг техникийн нөхцөл болон батлагдсан зургийн дагуу өргөтгөж, төрийн өмчид шилжүүлэн ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх тал дээр та бүхэн саналаа өгч, хамтран ажиллахыг хүсье гэж хариуцагчид 10/883 тоот албан бичгийг хүргүүлж байжээ.
Дээрх гэрээ болон албан бичгээр маргааны зүйл болж буй Шинэ дулаан дамжуулах төв нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.20-д хамаарахаас гадна тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дулаан дамжуулах сүлжээ гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг гэж зааснаар дулаан дамжуулах сүлжээ гэдэгт хамаарч байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр Шинэ Дулаан дамжуулах төвийг нэхэмжлэгч *ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалт нь Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсгийг зөрчсөн байна.
Гэрээний дээрх заалт нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,830,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Зайсан дэд бүтэц холбоо ГҮТББ-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай *ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,830,956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН