Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/01365

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/01365

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байр * тоотод оршин суух хаягтай, * овогт * /рд: */,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Бага наран *, * тоотод оршин суух хаягтай, * овогт * /рд: ЦВ80031518/,

 

9,247,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч *,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч А. холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр, хувцас, хичээлийн хэрэгсэл, эмчилгээний зардалд 9,247,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14ий өдрийн * дугаар шийдвэрээр охин * эцэг * хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч * хүүхдийнхээ тэтгэмжийг сар бүр хариуцлагатай төлдөг боловч сар бүрийн хүнсэндээ хэрэглэж байдаг.

 

1.2. Охин 2 нас хүрч байхад бид тус тус амьдралаар амьдарч ирсэн. Одоо охин 6 нас хүрч сургуульд орсон. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд оруулсан. 2023 оны 6 дугаар сард аавд нь Хятад, англи япон хэлний сургалттай сургуульд сургаад цаашид тэтгэлэгтэй их сургуульд сурах боломж өндөр байна гэж хэлэхэд * 10 дугаар сард сургалтын төлбөрөөс нь төлөлцөнө гэсэн боловч одоо шүүхээр яваад мөнгө олж аваарай гэж хэлэх юм. Миний бие 2 хүүхдийн төлбөр ганцаар төлөхөд хүндрэлтэй, сар бүрийн тэтгэлэг нь хоолны мөнгөнд хүрэхэд хэцүү. Улирал бүр хувцас багадаж, охины өвлийн хувцасны зардалд 414,800 төгрөг зарцуулсан. Эрдмийн баяр тэмдэглэхэд гоёлын платье 89,000, туфль 11,000 төгрөгөөр авсан. Энэ бүх үүргийг би ганцаар үүрэхээс гадна хичээлээс авчрах, хоол унд хийж өгөх, даалгаврыг хийлгэх гээд ажил хийхэд хүндрэлтэй байдаг.

* сургуулийн 1 жилийн сургалтын төлбөрийн мөнгө болох 4,500,000 төгрөг, сургуулийн хоолны 9, 10 дугаар сарын төлсөн мөнгө болох 440,000 төгрөг, мөн сургуулийн хоолны 11, 12, 2, 3, 4, 5 дугаар сарын буюу нийт 6 сарын хоолны төлбөр 1,320,000 төгрөг, жил хэрэглэх Хятад хэлний номын төлбөр 200,000 төгрөг, нийт 6,460,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.3. Би .* тэй 2015 онд танилцсан бөгөөд 2016 оны намар ажлын шугамаар дахин уулзаж байсан ба улмаар дотно харилцаатай болсон. Тухайн үед А.* нь надаас охинтой больё гэж гуйхад би түүнд банкны их хэмжээний зээлтэй, бага насны хүүтэй, дахин хүүхэд төрүүлж болохгүй гээд эсэргүүцдэг байсан. Энэ удаад хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 4,247,400 төгрөгөөр ихэсгэж байна. Охин * сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 4,500,000 төгрөгийн 50% болох 2,250,000 төгрөгийг, сургуулийн 1 жилийн хоолны төлбөр 1,760,000 төгрөгийн 50% болох 880,000 төгрөгийг, номын төлбөр 200,000 төгрөгийн 50% болох 100,000 төгрөгийг, Эрдэмийн баярт 100,000 төгрөгийг зарцуулсан 50% болох 50,000 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу * орон байраар хангахын тулд миний бие 2031 оныг дуустал сар бүр 960,000 төгрөгийг Хас банкны ипотекийн зээлийн төлбөрт төлж байгаа тул 50% болох 480,000 төгрөгийг 12 сараар бодож 5,760,000 төгрөгийг нэгтгээд нийт 9,247,400 төгрөгийг А.*эс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Миний бие охин * 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 102/* дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасны дагуу охин * зарцуулагдсан нэмэлт зардлын 50 хувийг хариуцан төлнө.

 

2.2. Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, * нь хүүхдээр далимдуулж надтай танилцахаасаа өмнө ипотекийн зээлээр авсан орон сууцныхаа зээлийг надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.3. Миний охин * надтай ярилцаж зөвшилцөлгүйгээр өндөр төлбөртэй сургуульд сургасан нь цаашид сургалтын төлбөрийн асуудал байнга гарч маргахаар байна.

 

2.4. Би элэгний ховор төрлийн буюу дельта вирус хавсарсан В вируст элэгний хатуурал гэсэн оноштойгоор удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байгаа. Миний авдаг цалин одоогоор 1,000,000 төгрөг боловч эмч нарын зөвлөгөөнөөр орж хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох шаардлага үүсээд байгаа нь жил бүр хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг ч хариуцан төлөх боломжгүй нөхцөл байдалд орохоор байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Ерөнхий боловсролын Хүслийн өргөө бүрэн дунд сургуулийн нэхэмжлэх, кассын орлогын ордер /хх 5-8/, Хүслийн өргөө ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээ /хх 9/, нэхэмжлэгчийн орон сууцны зээлийн дансны хуулга /хх 10/, Ц.* төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 12/, Нийслэлийн Хүслийн өргөө ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх 13/, Зээлийн гэрээ /хх 30-32/, төлбөрийн баримт /хх 42, 43/,

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Эмнэлгийн магадлагаа /хх 44, 45/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн комиссын шийдвэр /хх 46/, Эмчийн тодорхойлолт /хх 47/, Гарро Энержи ХХК-ийн тодорхойлолт /хх 48/, Эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх 49-50/, Хаан банк ХК-ийн тодорхойлолт /хх 51/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 52/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Учир нь:

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд * төрүүлсэн, хүүхэд эхийн асрамжид өсч, хүмүүжиж байгаа, А.* нь шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байгаа, харин сургуульд орсонтой холбоотой нэмэлт зардал хариуцах үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргийг хуульд зааснаар эцэг, эх адил тэгш хэрэгжүүлэх үүрэгтэй гэж сургуулийн жилийн сургалтын төлбөр, сургуулийн жилийн хоолны төлбөр, сургуулийн номын төлбөр, хувцасны зардал, байрны опитекийн зээл тус бүрийн 50 хувийг шаардаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Миний бие охин * шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасны дагуу охин * зарцуулагдсан нэмэлт зардлын 50 хувийг хариуцан төлнө. Миний охин * надтай ярилцаж зөвшилцөлгүйгээр өндөр төлбөртэй сургуульд сургасан нь цаашид сургалтын төлбөрийн асуудал байнга гарч маргахаар байна. Би элэгний ховор төрлийн буюу дельта вирус хавсарсан В вируст элэгний хатуурал гэсэн оноштойгоор удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байгаа, одоогоор 1,000,000 төгрөгийн цалинтай боловч эмч нарын зөвлөгөөнөөр орж хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох шаардлага үүссэн тул жил бүр хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлөх боломжгүй нөхцөл байдалд орохоор байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, * нь хүүхдээр далимдуулж надтай танилцахаасаа өмнө ипотекийн зээлээр авсан орон сууцныхаа зээлийг надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин * төрүүлсэн байх ба шүүхийн шийдвэрээр хүүхэд эхийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов.

 

Мөн зохигчид хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр охин * эхийн асрамжид байгаа болон хүүхдийн тэтгэлгийг хариуцагч А.*эс төлж байгаа талаар маргаангүй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан боловч Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх хэсэгт зааснаар ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах эрхтэй.

 

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хүслийн өргөө ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээгээр * тус сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд суралцуулах, суралцсан хугацааны төлбөрийг * төлөх үүрэг хүлээж, нэг жилийн төлбөрийг 4,500,000 төгрөг байхаар тохирчээ. Тухайн сургууль нь Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсрол олгох бүрэн дунд сургууль байх бөгөөд уг сургалтаа *д 2023 оны 9 дүгээр сараас одоог хүртэл үзүүлж байгаа болох нь дээрх гэрээ, Нийслэлийн Хүслийн өргөө ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23/146 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд хариуцуулж буй нь тухайн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг хангах, өдөр тутам нийгмийн амьдралд оролцоход нь туслах, өдөр тутмын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хариуцуулж буй явдал бөгөөд хуульд заасан бүхий л үүргийг дангаараа хэрэгжүүлнэ гэж ойлгохгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан үүргийг эцэг, эх, асран хамгаалагч адил тэнцүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхдээсээ тусдаа амьдарч буй нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хүүхдийн сургалт, сургуульд орсонтой холбоотой гарсан зардлуудыг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4.2. Хавтаст хэрэгт авагдсан Хүслийн өргөө сургуулийн кассын орлогын ордер баримтаар нэхэмжлэгчээс 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,500,000 төгрөг, 2023-2024 оны гадаад хэлний сурах бичгийн төлбөрт 200,000 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилийн хоолны төлбөрт 440,000 төгрөгийг төлсөн, мөн тус сургуулийн нэхэмжлэхээр 2023-2024 оны хичээлийн жилийн хоолны төлбөрт 1,320,000 төгрөг төлөх нь тогтоогдож байна.

 

4.3. Хүүхдийн хувцасны зардалд 257,400 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор төлбөрийн баримтыг гаргаж өгсөн боловч дээрх төлбөрийн баримтаар гарсан зардал нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчээс 257,400 төгрөгийг хүүхдийн нэмэлт зардалд гарсан гэж үзэх үндэслэлгүй.

 

4.4. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар * орон байраар хангахын тулд Хас банкны ипотекийн зээлийн төлбөр төлж байна, уг төлбөрийн 50% болох 480,000 төгрөгийг 12 сараар бодож 5,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатайгаар жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн байна. Уг гэрээний үүрэг нэхэмжлэгчид хариуцагч А.*тэй хамтран амьдрахаас өмнө үүссэн байхаас гадна уг зээлийн гэрээний төлбөр нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хүүхдийн нэмэлт зардалд хамааралгүй.

 

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүүхдүүдийн нэмэлт зардалд 6,460,000 төгрөг гарсан гэж дүгнэв. Үүнээс 50 хувь болох 3,230,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 6,017,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *эс 66,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * 3,230,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлээс 6,017,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,010 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.*эс улсын тэмдэгтийн хураамжид 66,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН