Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02013

 

МАГАДЛАЛ

 2020.09.23                                           Дугаар 2013

 

 

 

 

 

 

“ДНББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01659 дугаар шийдвэртэй, “ДНББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 843 778 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “ДНББСБ” ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Ц.Днь зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болно. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2 270 158 төгрөг, зээлийн хүү 2 837 697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 923 төгрөг, нийт 5 843 778 төгрөгийн төлбөртэй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 16-209 б тоотод оршин суудаг. 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 15 дугаар хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаанд н.Анхзаяа гэж эмэгтэй банкнаас зээл авах гэсэн батлан даагч хэрэгтэй байгаа тул батлан дааж өгөөч гэж ИНХ-ийн дарга болох н.Булганцэцэгийг гуйхад тухайн үед батлан даагчаар гарын үсэг зурсан, зээл аваагүй болно. Гэтэл миний нэр дээр зээл авсан гэдгийг 2019 оны 11 дүгээр сард эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээд очиж уулзахад мэдсэн. Тэр үедээ иргэн н.Анхзаяатай холбогдож зээлээ төлөх төлөх талаар хэлэхэд “уучлаарай, зээлээ төлж байгаа дахин чамруу залгуулж янз бүр болохгүй, удахгүй төлж дуусгана” гэсэн. Мөн надад хаан банкны данс байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-гээс  үндсэн зээл 2 270 158 төгрөг, хүү 2 837 697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 923 төгрөг, нийт 5 843 778 /таван сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун далан найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ”ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “ДНББСБ” ХХК-ийн 108 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гээс  улсын тэмдэгтийн хураамжид 108 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДН ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж даалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Днь “ДНББСБ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5 000 000 төгрөгийг “ДН ББСБ” ХХК-аас  зээлсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд Иргэний хуулийн 281-286 дугаар зүйл нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцно. “ДН ББСБ” ХХК  нь Ц.Д-тэй зээлийн гэрээ байгуулсан боловч бодит зээлийн н.Анхзаяа авсан тул зээлийн гэрээний үүргийг тэр хариуцах ёстой байхад анхан шатны шүүх хэргийн баримтыг бүрэн судлаагүй.

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Капитал банкны шаардах эрхийг зээлийн сүүлийн төлөлт болох 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болж байна гэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн хуваарь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгдээгүй тасалдаж зээлдүүлэгчийн эрх зөрчигдөж эхэлсэн тул энэ үеэс шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ДН ББСБ” ХХК  нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээл 2 270 158 төгрөг, зээлийн хүү 2 837 697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 923 төгрөг, 5 843 778 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ДН ББСБ” ХХК  нь Ц.Д-тэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-8-10/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч зээлийг энэхүү гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

“ДН ББСБ” ХХК  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хаан банк” ХХК дахь Ц.Д-гийн эзэмшлийн 5042331186 тоот дансанд 4 950 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. Иймд зээлдэгч Ц.Днь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл болон түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд талуудын хүсэлтээр шүүх зээлийн хүүг бууруулах талаар зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлэх төрлийн гэрээний харилцаанд эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх төрлийн зээлийн гэрээнд хамаарах Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасан нь хамаарахгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “...шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж зааснаас дүгнэвэл нэхэмжлэгч “ДНББСБ” ХХК-ийн шаардах эрх 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04971 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02005 дугаар шийдвэрээр Ц.Даваасүрэнг эрэн сурвалжилсан байна. Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар үнэлээгүй, тооцооллыг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж залруулах боломжтой байна.

 

Ц.Днь 5 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн тул сарын хүү 150 000 төгрөг, гэрээнд заасан 24 сараар тооцоход зээлийн хүүд 3 600 000 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг, нийт 8 600 000 төгрөг төлөхөөс зээлдэгчийн төлсөн 5 014 590 төгрөгийг хасахад 3 585 410 төгрөг төлөх бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 645 373 төгрөг, бүгд 4 230 783 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01659 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-гээс  4 230 783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДН ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 612 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...хариуцагч Ц.Д-гээс  улсын тэмдэгтийн хураамжид 108 500 төгрөг” гэснийг “... хариуцагч Ц.Д-гээс  улсын тэмдэгтийн хураамжид 82 642 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 108 451 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                                    Д.БАЙГАЛМАА