Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/301

 

 

 

 

2023                03           16                                        2023/ДШМ/301                                  

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.Х-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208000001982 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Х-, 1

 

Шүүгдэгч Б.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, *****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хадам аав Ч.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаас солихыг шүүгдэгч Б.Х-т сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс надад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие эхнэр болон 03-05 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж, олсон орлогоороо гэр бүлээ тэжээдэг ба эхнэр, хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг. Би шүүхийн шийдвэрээр 240 цагийн албадан ажил хийсэн тохиолдолд тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, улмаар гэр бүлийн орлогогүй, амьдрахад хүнд байдалд орохоор боллоо. Иймд миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Х- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эсрэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, *****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.С-г зодож эрүүл мэндэд нь баруун завжинд цус хуралт, шарх, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн хадам аав Ч.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт, баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зүсэгдсэн шарх, дээд уруулын баруун хэсэгт зурагдсан зулгаралт, баруун ташаан төвгөрийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Э-ы “...хүргэн Б.Х- хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд согтуурсан үедээ намайг дарамталж ганц хоёр удаа цохидог байсан. 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал охин Э.С- муухай дуугараад “аллаа” гэж орилохоор нь би тэдний гэр лүү яваад ороход хүргэн охиныг маань газарт унагаагаад зодож байхаар нь би “чи болилдоо” гэж хэлээд салгаад охиноо аваад гарах гэтэл намайг цамцны захаас татаад боож унагаасан. Гэнэт ногоон өнгийн иштэй заазуур хаанаас авсан юм бүү мэд гартаа бариад хоолой хэсгийг зүссэн. Энэ үед миний хоолойноос цус гарсан. Дахиад зүсэх гээд дайрахад нь би баруун гараараа хаасан. Тэр “би та нарыг бүгдийг чинь ална. Одоо алчихъя” гээд орилоод байсан. ...” /хх 24-26/,

хохирогч Э.С-гийн “... манай нөхөр намайг “архи уу” гэхээр нь би “уухгүй” гэхэд миний нүүр лүү хундагатай архи цацаад, хоёр удаа толгойн дээр шар айраг асгаад “чи миний өгсөн архийг уусангүй” гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би “чи болилдоо” гэж хэлэхэд миний баруун талын хацар хэсэг рүү маш хүчтэй хоёр удаа алгадсан. Тэр үед амнаас нилээд цус гарсан. Тэгтэл аав орж ирээд намайг гаръя гээд аваад гарах гэтэл намайг болон аавыг түлхэж унагаагаад тогооны савны ойролцоо байсан ногоон иштэй заазуурыг аваад “та хоёр хаашаа явдаг юм” гэж хэлээд аавыг дарж унагаагаад хүзүү хэсгийг нь зүссэн. Тэр үед би сандраад гарч гүйгээд “хүн байна уу” гэж орилоход араас гарч ирсэн, энэ үед аав мөн гарч ирэхэд бид хоёрыг чирч гэрт оруулаад түлхэж унагаагаад, дээр гарч суугаад “аминдаа хайртай л юм бол аятайхан байгаарай” гэж хэлсэн. ...Тэгээд миний уруул, нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. ...” /хх 35-37/,

гэрч Н.Н-ын “...сэрээд хартал Б.Х- ах хадам аавыгаа энгэрээс нь барьчихсан, хоолойноос нь боогоод байж байсан. ...Ч.Э- ахын хүзүү хэсгээс нь цус гарч байсан. ...С- эгч Э- ах хоёр гараад явтал араас нь Х- ах гарч яваад гэртээ буцаагаад чирээд оруулаад ирсэн. ...Тухайн үед гартаа заазуур барьсан байсан болохоор айгаад суусан. ...Сүүлд С- эгчийг гэрээс гарч явах гэлээ гэж хэлээд нүүр лүү нь хоёр удаа цохисон. ...” /хх 47-48/,

Б.Х- яллагдагчаар өгсөн “...эхнэр Э.С- тухайн үед над руу шар айраг цацахаар нь би зөрүүлээд ууж байсан шар айргаа цацсан. Эхнэр гараад явахаар нь би үлдсэн архи болон шар айргаа уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар огт санахгүй байна. ...” /хх 89-90/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Ч.Э-ы биед хүзүүнд зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт, баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зүсэгдсэн шарх, дээд уруулын баруун хэсэгт зурагдсан зулгаралт баруун ташаан төвгөрийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15088 дугаар дүгнэлт /хх 56-57/,

“...Э.С-гийн биед баруун завжинд цус хуралт, шарх, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15087 дугаар дүгнэлт /хх 61-62/, хэргийн газар, хүний биед болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-14/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Х- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Х-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.С- болон хадам аав Ч.Э- нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Х- “...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН