Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 19

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би Б.Батсүхийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хариуцагдах

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 154 зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэх материалаа хуулийн хугацаанд бүрэн гүйцэд хүргүүлсэн. Гэвч Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 “Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Миний бие Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд томилогдсон. Одоо эрхэлж байгаа захиргаа аж ахуйн менежерийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахгүй энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 04 өдрийн А/30 тоот тушаалын 2 дугаар хавсралтанд захиргаа аж ахуйн менежер төрийн үйлчилгээний /ТҮ-7/ албан тушаал болон цалингийн шатлалыг тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 “Хуульд өөрөөр заагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасан дагуу ажил албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр орон нутгийн сонгуульд нэр дэвших үндэслэл болно.

Иймд Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгож Бавдай овогтой Батсүх миний Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн энэ шаардлагыг Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хангасан.

Б.Батсүх нь 2016 оны оны 06 сард болсон аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшсэн боловч дэмжигчдийн гарын үсэг хуурамч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэгдээгүй юм. Миний бие тухайн үед аймгийн сонгуулийн хороонд ажиллаж байсан энэ үндэслэлийг мэдэж байсан учраас Б.Батсүхийн ажилд томилогдсон тушаал өөрчлөгдсөн учраас дахин нэр дэвшсэн юм байна гэж үзэн Архангай аймгийн МСҮТ-ийн удирдлагад Б.Батсүхийн ажилд томилогдсон тухай тушаалын хуулбарыг ирүүлэх тухай албан бичиг явуулсан. Албан бичгийн хариу болгож Б.Батсүхийн ажилд томилогдсон тушаалын хуулбарыг ирүүлсэн. Тус тушаалд Б.Батсүх нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт буюу “Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн удирдах албан хаагч буюу ТҮМБ-5 зэрэглэлээр цалинждаг гэсэн байсан.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэж зааснаас биш нэр дэвшигчтэй уулзаж тайлбар, тодруулга авах тухай заалт байхгүй тул нэр дэвшигч Б.Батсүхээс тайлбар авах шаардлагагүй байсан. Б.Батсүх нь 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд сонгуулийн хороон дээр орж ирэн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаал шинээр гарсан юм байна. Манай удирдлагууд миний тушаалыг шинэчлээгүйгээс болж ийм асуудал үүссэн байна гэж хэлсэн. /Сонгуулийн хорооны жижүүрийн дэвтрийн 09 сарын 07-ны тэмдэглэл дээр/. Нөгөө талаар сонгуулийн хорооны шийдвэр нь дан ганц хүний шийдвэр биш хамтын шийдвэр байдаг гэдгийг нэхэмжлэгч мэддэггүй бололтой.

Сонгуулийн хороо нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын дагуу маргааныг шуурхай шийдвэрлэж 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Б.Батсүхийг 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн. 07, 08 дугаар тогтоолыг 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутанд Эрдэнэбулган сумын Ардчилсан намын дарга Э.Оюунчимэгт албан бичгээр хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, мөн өдрийн 16 цаг 35 минутанд Б.Батсүхэд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гарсан ирж авах уу гэж утсаар асуухад авахгүй байж байг гэж хэлсэн /сонгуулийн хорооны жижүүрийн дэвтрийн 09 сарын 08-ны тэмдэглэл дээр/ байна.

Нэхэмжлэгч Б.Батсүх нь сонгуулийн хорооны 04 дугаар тогтоол хүчингүй болж, нэр дэвшигчээр бүртгэгдсэн гэдгийг мэдсээр байж сумын сонгуулийн хороог хууль эрх зүй, хамаарах журмуудыг судлаагүй, нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар, тодруулга аваагүй, нэг талыг барисан хариуцлаггүй шийдвэр гаргасан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан төрийн нэрийн өмнөөс сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллага, хувь хүний нэр төрийг үл хүндэтгэсэн нь харамсалтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүхэд  Б.Батсүх нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна. Улмаар Б.Батсүх нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны захиргааны хэрэг үүсгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар Б.Батсүх нь орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай ” 07 дугаар тогтоолоор Б.Батсүхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр алдаатай гаргахад хүргэсэн байх тул Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай“ 08 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Бавдай овогтой Батсүхийг нэр дэвшүүлж бүртгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх 42-43/ нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батсүхийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хариуцагдах 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 69 дүгээр зүйлийн 69.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо/  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 /гучин тав мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.         Энэ  захирамжийг  захиргааны  хэргийн  шүүхийн  шийдвэрийн  нэгэн  адил  журмаар

биелүүлэхийг дурдсугай.

 

4.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2

дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА