Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 290

 

 

 

 

А.М, Д.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч А.Мн өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, А.М, Д.Ч нарт холбогдох 1819000000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2002 оны 4 дүгээр сарын 3-нд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2005 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувийн группэд байдаг, Ш овогт Д.Ч,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2003 оны 4 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2004 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 2010 оны 5 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын 85 хувийн группэд байдаг, Т овогт А.М.

Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт,

шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч, А.М нарыг бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч А.Мг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Чод 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Д.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мн цагдан хоригдсон 9 сар 1 хоног, шүүгдэгч Д.Чын цагдан хоригдсон 8 сар 9 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мгаас 200.000 гаргуулж, хохирогч Б.Нямгэрэлд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мн өмгөөлөгч Б.Дагийнамжилийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, таамаглалаар ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй болно.

Учир нь цонхны тавцан дээр гарсан гутлын мөр нь Дампилын 14-25 тоот хашаанд явж орсон байдаг бөгөөд тухайн үед миний өмсөж явсан пүүзийг хураан аваад уг мөртэй харьцуулан шинжлээгүй орхигдуулсан. Уг мөрийг миний пүүзний мөртэй харьцуулж шинжлэх нь хэргийн нөхцөл байдлыг тодруулахад туйлын ач холбогдолтой байсан бөгөөд үүнийг хийхгүйгээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг яллах нотлох баримт болгоогүй тул авч хэлэлцээгүй орхигдуулсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн16.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Надаас хураан авсан пүүзийг хэрэгт хавсаргаагүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шамшигдуулсан байхад энэ талаар ямар нэгэн хариуцлага тооцоогүйд гомдолтой байна. Шүүх надаас 200.000 төгрөгийн хохирол гаргуулсан байхад миний 280.000 төгрөгийн үнэтэй пүүзийг алга болгосон. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хуулийн дагуу хэргээ бүрдүүлсэн гэх үндэслэлгүй байхад нэг нь ялласан болоод нөгөө нь ял оноосон болоод хүний хувь заяагаар арай дэндүү тоглож байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Хэргийн газрын үзлэгийг нөхөж хийсэн. Цонхны шилнээс миний хурууны хээ илэрсэн гэх нөхцөл байдал нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Хагарсан цонхны зургийг бэхжүүлж аваагүй, хурууны хээ илэрсэн гэх цонхны шилний хагархайг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхээс гарах шийдвэрт ноцтой нөлөөлсөн. Наалдамхай туузан дээр бэхжүүлж авлаа гэж үзэх нь үндэслэл биш юм. Надад эрүү шүүлт тулгасан асуудлаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргахад намайг ямар ч хамаагүй аргаар хэрэг нэмж тохох гэж хуурамч нотлох баримт бүрдүүлж байгаа болно. Миний пүүзний улны мөр нь цонхны тавцан дээр гарсан мөртэй таараагүй учир миний пүүзийг зориуд устгасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг хуулийн дагуу хянаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч А.Мн өмгөөлөгч Б.Дагийнамжил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 2-91 тоотод амьдрах Б.Нээс 200.000 төгрөгийн үнэ бүхий зурагт хулгайд алдагджээ. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ...хохирогч Б.Нийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01/049 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна” гэжээ. Хохирогч Б.Н хулгайд зурагтаа алдсан талаар мэдүүлэг өгөхдөө ... А.М зурагт хулгайлсан тухай мэдүүлэг өгөөгүй болно. Хаанаас олж ирсэн цонхны шилэн дээрээс хурууны хээ болох нь тодорхойгүй эд зүйлээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан. А.М зурагт хулгайлсан болох нь нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд зурагт хулгайлсан этгээд маш олон зүйлд хүрсэн байдаг. Үнэтэй эд зүйл хадгалдаг сейф сав, зурагт байсан гэх стенк, залгуур, цонхны давцан болон бусад зүйлд хүрч ул мөр үлдээсэн байх боломжтой талаар дурдсан боловч шалгаагүй орхигдуулсан. Мөн хэргийн газрын үзлэгээр гутал /пүүз /-ны мөр илрүүлсэн гэх боловч зурагт хулгайлсан этгээдийн мөр мөн эсэхийг тогтоогоогүй. Мөнгөншагайн пүүзийг хураан авсан боловч хэрэгт ач холбогдолтой эсэхийг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар хавсаргаагүй, хураан авахдаа хууль, журмын заалт ноцтой зөрчсөн, хулгайд алдсан гэх зурагтын хэмжээ, хулгай орсон гэх салхивчны хэмжээ тодорхойгүй, уг зурагт салхивчаар багтаж гарах эсэхийг шалгаагүй, зурагт хулгайлсан байж болзошгүй этгээдийн мөр Дампилын 14-25 руу орсон тухай тэмдэглэлд дурдсан боловч шалгаагүй, хулгайлсан зурагтыг олж илрүүлэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэрэв дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийсэн бол зурагт хэн хулгайлсныг тогтоох боломжтой гэж үздэг. Анхан шатны шүүх нотлох баримт нь эргэлзээтэй, дутуу шалгасан, бүрэн нотлоогүй хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутайд тооцон ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, А.Мг дээрмийн гэх хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгосон боловч шийдвэрлээгүй, хэргийг тусгаарласан боловч энэ хэргийн материалд дээрмийн хэргийн талаарх нотлох баримтууд эх хувиараа хавсаргаатай байна. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын /пүүз/ ул мөрийг бэхжүүлсэн гэх боловч хураан авсан эд мөрийн баримтыг алга болгосон, хойшлуулшгүй ажиллагаа шуурхай хийгээгүй, А.М нь 2018.3.28-наас 2018.5.22 хүртэл ноолуурын хулгайн хэрэгт шалгагдаж байхад хэргийг хамтад нь шалгалгүй ял эдлээд 7-8 сар болсны дараа түүнийг яллагдагчаар татаж эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд А.Мг “зурагт хулгайлсан нь тогтоогдож байна” гэх анхан шатны шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолыг шударга ёсны, хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн 29 дүгээр магадлалыг хянуулж, А.Мд холбогдох зурагт хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч А.Мг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой утга ижил байх ба давж заалдах шатны шүүх гомдлыг няцаасан үндэслэлээ магадлалд дурдсан байна. Хохирогч Б.Нийн гэрээс зурагт хулгайлагдсан гэмт хэрэгт хэргийн газрын үзлэгээр 6 ширхэг гарын мөр илрүүлж, бэхжүүлж авсан бөгөөд 4 дугаартай мөр нь санд бүртгэгдсэн А.Мгийн баруун гарын долоовор хурууны дардастай тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Б.Н цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу хэргийн газрын үзлэг хийж, гарын мөр илэрсэн, уг мөр нь А.Мгийн гарын мөр байсан тул түүнийг шалгасан нь хууль зөрчөөгүй. Хохирогч эд зүйлээ хулгайд алдсан, хэн хулгайлсныг хараагүй тул А.Мг хулгайлсан гэж мэдүүлэх боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан гомдлыг үндэслэн А.М, Д.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.Отгонбаярын гараашны цоожийг лапатак төмрөөр эвдэн нэвтэрч 33.5 кг ноолуур хулгайлан 3.182.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, Дампилын 2-91 тоот хохирогч Б.Нийн 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч, 200.000 төгрөгийн үнэ бүхий “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч Д.Ч, А.М нарыг бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч А.Мг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Чыг 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мг 2 жил хорих ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны шөнө хохирогч Б.Нийн орон сууцнаас “Панасоник” загварын 32 инчийн зурагт хулгайлсан үйл баримтыг тогтооход шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогч Б.Нийн Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайд алдсан талаарх мэдүүлэг /1хх-40/, А.М урьд нь хохирогч Б.Нийн гэрт орж байгаагүй атал хэргийн газрын үзлэгээр түүний гарын хээ хагарсан цонхны шилэнд үлдсэнийг бэхжүүлж хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26/, “Хүний гарын мөр буюу хурууны хээ нь дахин давтагдашгүй хувийн онцлогтой бөгөөд хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь дүгнэлтэд тусгагдсан папиляр шугамуудын байрлал, хувийн шинж тэмдгүүдээрээ А.Мгийн гарын дардастай тохирсон” тухай Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 01/049 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-83/, шинжээч С.Чулуунпүрэвийн мэдүүлэг /1хх-58/ зэргийг няцаан үгүйсгэх буюу дээр дурдсан нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна А.Мн өмсөж явсан гэх гутлын мөрийг харьцуулан шинжлээгүй нь түүнийг цагаатгах үндэслэл болохгүй,  мөн түүний гутлыг эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан тухай баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч А.Мн “Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, таамаглалаар ял оногдуулсан. Хэргийг хуулийн дагуу хянаж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын “А.Мд холбогдох зурагт хулгайлсан гэх хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ                       

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН