| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/06206/И |
| Дугаар | 102/ШШ2024/01526 |
| Огноо | 2024-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/01526
| 2024 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/01526 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Нархан хотхон * байр, * тоот хаягт оршин суух, * ургийн овогт *н /РД:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байр, * тоот хаягт оршин суух, * ургийн овогт *
Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч *,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд,
хариуцагч *,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,
гэрч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь *д холбогдуулан цалин хөлс болох 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ** Сүхбаатар дүүрэг, 7 буудлын эцэс, Бүрэн плаза худалдааны төвийн 2 дугаар давхарт *нэртэй хоолны газар касс, менежер зэрэг ажлын байранд нэг сарын 3,000,000 төгрөгөөр тохирч ажиллахаар тохирсон. Уг *хоолны газар нь аж ахуйн нэгжээр бус иргэн * хариуцан ажиллуулж буй болно. Тохирсон ёсоор миний бие касс, менежер гэх мэт ажил үүргийг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 31-нд анхны цалинг бэлнээр гаргаж өгсөн. Гаргаж өгсөн цалингийн цэсээр нотлогдож байна. Сард 2 удаа цалингаа олгодог. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан БНХАУ-д эмчилгээ хийлгэх /харвалтын дараах/ шаардлагатай байсан тул чөлөө авч 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 2023 оны 4 дүгээр сарын 27 хүртэл хугацаанд БНХАУ-д 10 хоногийн эмчилгээ, сувилгааг хийлгүүлээд ирсэн. Энэ хугацаанд 2023 оны 3 дугаар сарын цалин хөлсийг 15 хоногоор бодож 1,500,000 төгрөгөөр нэг удаа цалин хөлс бодож олгосон ба 2023 оны 4 дүгээр сард мөнгөн хөрөнгө бага байгаа тул 300,000 төгрөгийг олгосон ба үлдэгдлийг дараа олгохоор болсон боловч өнөөг хүртэл цалин хөлс олгоогүй тул *гийн ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрэн плаза-1 үйлчилгээний төвд Зоогийн газар ажиллуулахаар гэрээ байгуулсан. *г миний бие касс, менежерийн ажилд нэг сарын 3,000,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохиролцоогүй юм. Тус зоогийн газрын кассанд анхнаасаа * ажиллуулж байгаа. * менежер, кассын ажлыг хийгээгүй. Миний бие үйл ажиллагаа нь тогтворжоогүй байхад ийм өндөр хэмжээний цалин амлаж хүн ажилд авахгүй. Тэгээд *г ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байгуулсан цалин тохиролцсон гэрээ хэлцэл огт байгуулаагүй юм. Харин Хандсүрэн нягтлангийн мэргэжилтэй тул манай үйл ажиллагаа явуулж байх үеийн тайлан гаргаж өгөхөөр тохиролцсон байсан. * түүний нөхөр * нарыг таньдаг бөгөөд намайг уг Зоогийн газрыг түрээсэлж ажиллуулахыг мэдээд бид хоёр 20,000,000 төгрөг оруулья гээд Зоогийн газрын үйл ажиллагаа жигдэрээд ирэхээр бид хоёр танайд хамтран ажиллах эсвэл цалинжиж ажиллахаа шийдье гэж ярьж тохиролцоод *, * нар одоо байгаа нь 13,000,000 төгрөг байна гээд уг мөнгийг үйл ажиллагаанд оруулсан. Ингээд *гийн нөхөр * нь Хятад улс руу 2023 оны 4-р сарын 12-ны үед эмчилгээнд явах боллоо гээд хөрөнгө оруулсан 13,000,000 төгрөгөө орлогын мөнгөнөөс гаргаж аваад явсан. Үүнээс хойш *, * нар нь ажил дээр ирээгүй. Манайх сар бүрийн 15 болон 30-наар цалин бодогддог. Энэ хүн нягтлан тайлан тооцооны ажлыг ирэн очин хийсэн. Энэ хүн нэг сарын хугацаанд 1.500.000 төгрөгийн цалин авсан. Гадагшаа яваад ирэхэд нь 300.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээр ирсэн байсан. 4 дүгээр сарын 31-нд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 3/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4-36/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 37/, Дотоод шүүрлийн эмчийн үзлэг /хх 38/, Мэдрэлийн эмчийн үзлэг /хх 39/, Хэвтэх бичиг /хх 40/, *, * нарын гадаад паспортын хуулбар /хх 41/, * ХХК-иас авсан цалингийн жагсаалт /хх 43/, *ХХК-ийн ажилчдын 2023 оны 3 дугаар сарын цалингийн тооцоо /хх 44/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 73-74/, итгэмжлэлийг хүчингүйд тооцох тухай /хх 75/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 53/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 54/, Иргэдтэй хийх түрээсийн гэрээ /хх 60-62/,
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн талын хүсэлтээр *ХХК-ийн ажилчдын 2023 оны 4-р сарын урьдчилгаа цалингийн тооцоо /хх 71/, Ажилчдын 2023 оны 4-р сарын Цагийн бүртгэл /хх 72/-ийг хариуцагчаас гаргуулсан, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр *н газарт байршиж байгаа хайрцагтай баримтуудад үзлэг хийсэн /хх 80-105/, гэрчээр *ыг асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч *д холбогдуулан Бүрэн зоогийн газарт ажилласан цалин хөлс болох 2,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Бүрэн зоогийн газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Сарын үндсэн цалин 3,000,000 төгрөгөөр тогтоосон. 3 дугаар сарын цалин хөлсийг 15 хоногоор бодож 1,500,000 төгрөг олгосон. 2023 оны 4 дүгээр сарын цалин хөлснөөс 300,000 төгрөгийг олгосон ба үлдэгдэл цалин хөлсийг олгоогүй тул *гийн ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 2,700,000 төгрөгийг гаргуулна.
3. Хариуцагч * нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч *г ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байгуулсан цалин тохиролцсон гэрээ хэлцэл огт байгуулаагүй. Харин Хандсүрэн нягтлангийн мэргэжилтэй тул тайлан гаргаж өгөхөөр тохиролцсон, тайлан тооцооны ажлыг ирэн очин хийсэн. Нэг сарын хугацаанд 1.500.000 төгрөгийн цалин авсан. Гадагшаа яваад ирэхэд нь 300.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээр ирсэн байсан. 4 дүгээр сарын 31-нд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж татгалзсан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч * нь Бүрэн зоогийн газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж буй хариуцагч *гийн амаар гаргасан шийдвэрээр 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус зоогийн газарт нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан болох нь *ХХК-ийн ажилчдын 2023 оны 3-р сарын цалингийн тооцоо баримт, *ХХК-ийн ажилчдын 2023 оны 4-р сарын урьдчилгаа цалингийн тооцоо баримт, Ажилчдын 2023 оны 4-р сарын Цагийн бүртгэл баримт, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч *гийн амаар гаргасан шийдвэрээр нэхэмжлэгч * 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Бүрэн зоогийн газарт нягтлан бодогчоор ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин хариуцагчийн зүгээс *тэй дээрх томилсон албан тушаал дээр нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн нэг сарын цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохиролцоогүй гэж маргаж байна.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар хариуцагч * болон нэхэмжлэгч * нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Тодруулбал хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.1-д ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч * нь сар бүр тогтмол цалин хөлс олгох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь 4 дүгээр сарын үлдэгдэл цалин хөлс 2,700,000 төгрөг авах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох нэг сарын 3,000,000 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцсон болохоо нотлох үүднээс гэрч асуулгах хүсэлт гаргасны дагуу * гэрчийн мэдүүлэг өгсөн боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.
Хэргийн 44 дүгээр талд авагдсан *ХХК-ийн ажилчдын 2023 оны 3-р сарын цалингийн тооцоо баримтыг авч үзвэл, *гийн албан тушаал менежер, үндсэн цалин хөлс 1,500,000 төгрөг, гарт олгосон цалин 1,500,000 төгрөг, бэлэн гэж бичжээ. Уг баримтыг *ХХК-ийн ажилчдын 2023 оны 3-р сарын цалингийн тооцоо баримттай харьцуулан үзвэл хариуцагч *гийн ...Энэ хүн нэг сарын хугацаанд 1.500.000 төгрөгийн цалин авсан. Гадагшаа яваад ирэхэд нь 300.000 төгрөг өгсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн цалин хөлс болох 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч *гийн цалин хөлс 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН