| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00304/И |
| Дугаар | 102/ШШ2024/01872 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/01872
| 2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/01872 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,* дугаар хороо, * байр, * дүгээр орцонд байрлах * өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоот хаягт оршин суух, * овогт * * /РД:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 693,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос,
хариуцагч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч *ээс 693,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай * СӨХ нь 1999 онд байгуулагдсан. Одоо 14 байрны 720 өрхийн 2400 орчим хүн амд СӨХ-ны ажил үйлчилгээ үзүүлж байна. Холбоо нь оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. * СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу дундын өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал хариуцаж, түүнд загвар үйлчилгээ хийхээс гадна байрны өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээ хийж ажилтан ажилчдыг удирдлагаар ханган оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлж ажиллаж байна. Холбоо нь жил бүр оршин суугч иргэдэд хийсэн ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгөөний төсөл тарааж тайлангийн хурлаа тогтмол хийж хэвшсэн ба тухайн онд хийх ажлын төлөвлөгөөг иргэдээр батлуулан ажилладаг. Иргэн * нь 2021 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар дуусталх СӨХ-ны төлбөр 693,530 төгрөг төлөхгүй СӨХ-ны үйлчлэгч, жижүүр болон удирдлагыг үл ойшоон дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, үйлчилгээний зардлыг төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 148.2.3 дахь заалтыг зөрчиж байна. Оршин суугчдын төлдөг СӨХ-ны мөнгөнөөс байрны дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулагдахаас гадна орон сууцны байшингийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа явуулахад зарцуулагддаг. Үүнээс гадна тус мөнгөнөөс холбооны удирдлагын болон үйлчлэгч жижүүрийн нарын цалин хөлс санхүүждэг ба дундын өмчийн эд хөрөнгийн цахилгааны зардалд тус тус зарцуулагддаг. Иргэн *ийн СӨХ-д төлөх засвар үйлчилгээ, жижүүр, үйлчлэгчийн хуримтлалын төлбөрийн задаргаа 2021 оны 1-12 дугаар сарын төлбөр 222,890 төгрөг, 2022 оны 1-12 дугаар сарын төлбөр 228,240 төгрөг, 2023 оны 1-12 дугаар сарын төлбөр 242,400 төгрөг бүгд 693,530 төгрөгийг тэмдэгтийн хураамж 21,194.72 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: * СӨХ гэсэн холбооны үйл ажиллагааг * байрны оршин суугч * би үндсэн орши суугчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр олон оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй буйгаа илэрхийлж олон удаа маргаан гаргадаг. СӨХ-д дундын өмчлөлийн ашиглалтад хэрэглэсэн цахилгаан төлбөр гардаг. Түүнийгээ айл өрх бүрт хуваарилсан хуваарилалт нь буруу байдаг. Зарцуулалтын хэмжээнээс илүүгээр айл бүрт ногдуулан хуваарилсан нь ашгийг бий болгосон байдаг. Холбоо бол ашгийн бус байгууллага, гэтэл ашиг олоод байгаа. Мөн цахилгааны үнэ тариф өөрчлөгдөхөд хуваарилсан цахилгааны төлбөр дагаад өөрчлөгдөх ёстой, харин СӨХ өөрчилдөггүй. 2021 оны 4-5 дугаар саруудад орцонд цахилгааны щитэд засвар оруулсан ч мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн бус компаниар солиулсны улмаас эвдрэл гарлаа гэж дүгнэн тогтоосон. Сүүлийн 3-4 жилүүдэд жижүүр ажиллаагүй. Гэтэл сар бүр жижүүрийн мөнгө 4500 төгрөг авдаг нь Нарансайханы мөнгөн хөрөнгө шамшигдал ил тодорхой болсон байна. Энэ СӨХ нь *, 44б, 43 байруудын дундах тоглоомын талбай дээр 2012 оноос хойш нэг ч удаа тохижилт хийж байгаагүй. 2012 онд Нийслэлийн хот тохижилтоос тоглоомын талбай дээр сагсны талбай, хайс болон хүүхдийн тоглоом, ахмадуудад зориулсан дасгал хөдөлгөөний хэрэгсэл зэргийг байрлуулан тохижуулахад манай СӨХ хүлээж аваагүй учраас арчилгаа тордолгоог хийхгүй гээд зөрчилдөөн үүсгээд засвар үйлчилгээ хийгээгүй. Харин тэр тоглоомын талбайд граж барьж хувийн өмчийн газар болгон ашиглахаар 3-4 удаагаар жил бүрт явуулга явуулж байсан сууц өмчлөгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлдөг үйл ажиллагаатай. Хяналтын зөвлөл ажиллуулдаггүй. Энэ СӨХ-ны өмнөх үед би өөрөө хяналтын зөвлөлд ажиллаж байсан. Байр бүрийн доорх подволыг амьдрах өрөө болгон түрээслээд түрээсийн мөнгө сар бүр хураан авдаг. Түрээсийн орлого ашиг олдог. Энэ жил тоглоомын талбайг өөр компаниас тохижилт хийсний дараа арчилгаа, цэвэрлэгээ хийхгүй, хариуцахгүй гэсэн. Дээврийн засварын ажлыг төрийн төсвийн хөрөнгөөр хийлгэсэн ч хариуцлагагүйгээс чанаргүй гүйцэтгэлтэйгээ 2 жил дараалан дусаал гоожуулан харлуулсан. Байрны гадаа тавьсан 10-аад камераар хувийн мэдээлэл алдагдаад байсан. * СӨХ ирсэн даруйдаа оны эцсээр 3 сая гаруй төгрөгийг шагнал нэртэйгээр зарлагдсан нь тохижилт, засвар үйлчилгээнд зориулан хуримтлуулсан мөнгийг дүрмийн дагуу бус зарцуулсан. Сүүлийн 3 жил тайлангаа мэдээлээгүй. Иймд энэ * СӨХ-ны үйл ажиллагааг хууль бус үйл ажиллагаатай гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 4/, Итгэмжлэл /хх 5/, Баянзүрх СӨХ-ны 19а б, 20, 21-р байрны оршин суугчдын хурлын тэмдэглэл, тогтоол /хх 6-7/, * СӨХ-ны УЗ-ын хурлын тэмдэглэл, тогтоол /хх 8-9, 10, 13-14/, * СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол /хх 11, 12/, Төрийн банкны нэхэмжлэх /хх 15-18/, Иргэн Нарангэрэлийн тайлбарт хариу тайлбар өгөх нь /хх 29-31/, * СӨХ-ны 2016 оны ажлын тайлангийн хурлын тэмдэглэл /хх 32-33/, * СӨХ-ны гишүүдийн хурлын тогтоол /хх 34/, Гэрэл зураг /хх 35-36, 49/, * СӨХ-ны УЗ-ийн хурлын тэмдэглэл /хх 37-38/, * СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоол /хх 39/, Төлбөрийн нэхэмжлэл /хх 40/, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл Баянгол дүүрэг * СӨХ-ны 03 тоот Хүсэлт гаргах нь албан бичиг /хх 41/, * СӨХ-ны 38 тоот Хүсэлт гаргах нь албан бичиг /хх 42/, Фото зураг /хх 43-44, 55-59, 61-64/, * СӨХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтыг үзэж шалгасан тухай дүгнэлт /хх 45/, * СӨХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2022 оны санхүүгийн баримтыг үзэж шалгасан тухай дүгнэлт /хх 46-47/, * СӨХ-ны хяналтын зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 48/, * СӨХ-ны Удирдах зөвлөлийн бүх гишүүдийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоол /хх 50-52/, * СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 54-/, * СӨХ-ны 2021 оны төсөв, төлөвлөгөө /хх 60/.
4. Хариуцагчаас хариу тайлбар /хх 27-28/, болон нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч *д холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 693,530 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Хяналтын зөвлөл ажиллуулдаггүй. ...Байр бүрийн доорх подволыг амьдрах өрөө болгон түрээслээд түрээсийн мөнгө сар бүр хураан авдаг. Түрээсийн орлого ашиг олдог. ...хууль бус үйл ажиллагаатай гэсэн агуулгаар тайлбарлав.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
2. Хариуцагч * нь Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоот хаягт оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь * СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн *тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь * СӨХ-ны гишүүн байна.
3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 693,530 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 693,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * СӨХ-нд олгоно
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 21,295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *ээс 693,530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 21,295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН