Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 216/МА2020/00013

 

М.Н нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэртэй, М.Н нэхэмжлэлтэй Д.П холбогдох Хас банк ХХК-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.С нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч М.Н миний бие нь 2010 онд Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг худалдаж авсан байсан. Орон сууцныхаа мөнгийг төлөх зорилгоор Хаан банк ХХК-иас зээл авах гэж Г.Я бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлсэн. Г.Я нь миний биед мэдэгдэлгүйгээр Д.П гэгчид худалдах, худалдан авах гэрээгээр миний орон сууцыг шилжүүлсэн байна. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 00978 дугаар тогтоол зэргээр тус тус орон сууцыг олж авсан хэлбэр болох бэлэглэлийн, худалдах худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцогдож, миний Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг Г.Я өмчлөлд Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Харин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н миний биеийг тогтоосноор миний бие орон сууцаа 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаарт бүртгүүлж, 000597311 дугаар гэрчилгээг гаргуулсан. Ингэж миний бие өөрийн орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн нэр дээр орон сууцаа бүртгүүлсэн хэдий ч нэр бүхий хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн орон сууцыг захиран зарцуулах эрх зөрчигдсөөр тус орон сууц нь өнөөдрийг болтол Говьсүмбэр аймаг дахь Хас банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа.

            Иймд, Хас банкны зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.П миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь байр авсан шүүхээр шийдэгдээд буцаад миний нэрээс шилжсэн болно. Байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн Говьсүмбэр салбарыг төлөөлж Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нэхэмжлэгч нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Дээрх шаардлагын үндэслэлээ “Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н миний биеийг тогтоосноор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаарт бүртгүүлж, 005997311 дугаар гэрчилгээг гаргуулсан. Ингэж миний бие өөрийн орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн нэр дээр орон сууцаа бүртгүүлсэн хэдий ч нэр бүхий хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн орон сууцыг захиран зарцуулах эрх зөрчигдсөөр тус орон сууц нь өнөөдрийг болтол Говьсүмбэр аймаг дахь Хас банкны зээлийн барьцаанд барьцаалагдсаар байна” гэж тайлбарлажээ. Хас банк ХХК нь Д.П буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн өмчлөгчтэй 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1120010732 дугаартай барьцааны гэрээ байгуулан Д.П өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-122 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай 48 м.кв 3 өрөө орон сууцыг хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах эрх бүхий этгээд болох өмчлөгчтэй байгуулах бөгөөд гэрээ байгуулагдах үед Д.П орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь 000219167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байсан болно.

            Хас банк ХХК нь Д.П өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах үед хожим Д.П, Г.Я нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ тус тус шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцогдож, орон сууц өмчлөгчөөр өөр этгээд тогтоогдох талаар урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд барьцааны гэрээ байгуулах үед орон сууцны өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээг байгуулсан. Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарах аливаа үндэслэлийг нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч өөр этгээд болсон нь өмнөх өмчлөгчтэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Энэ байдлаараа Хас банкны зээлдэгч Д.П байгуулсан зээлийн гэрээний үүргийг, М.Н өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах эрх зүйн харилцаа бүхий гуравдагч этгээдийн барьцаатай зээлийн харилцаа болж байгаа юм.

            Нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон 134/ШШ2019/00121 дүгээр шүүхийн шийдвэрт Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 001/ХТ2017/00978 дугаартай тогтоолд “... хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох орон сууц нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Хас банк ХХК-ийн барьцаанд байх ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болох ба ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэж болохгүй талаар мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан байна. Иймд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул энэ шийдвэр нь гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй болно” гэж дурдсаныг иш татан шийдвэрлэсэн байх тул М.Н өмчлөгчөөр тогтоохдоо зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, банкны барьцааны эрхэд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх тул тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл М.Н нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авснаар банк болон Д.П нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолд Г.Я, Д.П нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Ингээд үүнээс үүдсэн хэлцлүүд болон бэлэглэлийн гэрээнүүд нь тус тус хүчингүй болсон. Нэхэмжлэгч  М.Н нь 2019 оны 08 дугаар сарын 22-нд шүүхийн шийдвэр гарч тус орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Өнөөдөр нэхэмжлэгч нь тус орон сууцны өмчлөгч мөн боловч тухайн орон сууцыг захиран, зарцуулах эрх нь зөрчигдсөн. Тухайн орон сууц нь Хас банкны зээлийн барьцаанд байдаг. Энэ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрх үүснэ гэж үзсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд барьцааны зүйлийн чанар байдлыг шалгах гэсэн зүйл байдаг. Уг зүйлд зааснаар маргаан бүхий байрыг шалгаж үзсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Уг байранд 2011 оноос хойш нэхэмжлэгч М.Н хүү амьдарч байсан. Мөн гуравдагч этгээд тухайн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ямар нэгэн зураг авч ирээд манайх ингэж шалгаад нотолсон гэсэн нотлох баримт өнөөдрийг хүртэл байдаггүй. Гуравдагч этгээд тухайн хуулиар олгосон эрхээр шалгах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл тухайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106.1.1, 106.1.2, Үл хөдлөх барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж үзсэн.

Уг үндэслэлийг тайлбарлахад Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг дурдах ёстой. Үүнд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г.Я Д.П шилжүүлсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан. Тухайн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулсан. Тухайн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Д.П зээл авсан. Зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээг байгуулсан. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ хоёр нь холбоотой. Харин Улсын Дээд шүүхээс худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Ингээд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж үзсэн. Мөн 2019 онд М.Н нь тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарч, тухайн орон сууцыг М.Н өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг улсын бүртгэлтэй холбогдуулан тухайн орон сууцыг эзэмшлээр бусдаар захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн. Ингээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Мөн Үл эд хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн үндэслэлүүдтэй танилцлаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ганц барьцааны гэрээ биш зээлийн гэрээ хамт байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр шаардаж байгаа гэдэг нь эзэмшлийн талаар яригдана. Хууль бус эзэмшлээс өмчлөгч шаардах эрхтэй. Хэний эзэмшлээс энэ байрыг шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус. Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйл ч мөн хууль бус эзэмшилтэй холбоотой заалт. Эзэмшлээс шаардаж байгаа болон өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маш их ялгаатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ямар хэлцэл нь хүчин төгөлдөр бус болоод тэр хэлцэл нь өнөөдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа вэ? Миний бодлоор нэхэмжлэгч М.Н, Г.Я нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайн шүүхийн шийдвэрийн үндсэн уг хуулийн заалтыг хэрэглэх гэж байна гэж харсан. Тэгэхээр уг бэлэглэлийн гэрээ байгуулсан Г.Я шаардахгүй яагаад Д.П шаардаж байгаа вэ? гэдгийг тодруулмаар байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.4 дэх заалтыг харах хэрэгтэй. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтаа дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй. Би бэлэглэлийн гэрээ гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт нь эзэмшил, ашиглалтаас өмчлөх эрхээ шаардахтай холбогдуулан ерөнхий заасан заалт. Уг заалтыг Иргэний хуулийн 154, 171 дүгээр зүйлүүдэд тодорхой зааж өгсөн тул бид нарийвчилсан заалтуудыг хэрэглэдэг. Үүнийг Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэж тогтоож өгсөн. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар шаардсан гэсэн. Бид нарийвчилсан зохицуулалтаа хэрэглэж байж дараа нь ерөнхий зохицуулалтаа хэрэглэнэ гэж үзсэн. Миний хувьд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хэн хариуцах вэ? Д.П байр авсан ч байр нь М.Н гэх хүний нэр дээр шилжиж очсон. Тэгвэл энэ хүн байргүй байж дахин зээл төлөх үү? үүнийг бодох хэрэгтэй. Д.П гэх хүний эрхэд халдаж болохгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Г.Я энэ дундаас ашиг олж байна. Тиймээс Д.П тайлбар үндэслэлтэй. Уг барьцааг суллуулахын тулд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Г.Я зээлээ төлүүлж, барьцаагаа суллуулж ав гэдэг үндэслэлээр бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууцныхаа төлбөрийг төлөх зорилгоор Хаан банк ХХК-д барьцаанд тавих зорилгоор Г.Я бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн байдаг.

Үүнээс яг ямар зорилгоор байрыг шилжүүлсэн нь харагддаг. Мөн барьцааны зүйлийг шалгаагүй гэж өмгөөлөгч ярьсан. Барьцааны зүйлийг шалгаагүй нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа вэ? барьцааны зүйлийг шалгаагүй нь өөрөө энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болох уу? энэ талаар тайлбарлах ёстой. Үүнийг тайлбарлахгүйгээр гуравдагч этгээдийн дотоод журамд хамаарах асуудлыг ярьж болохгүй. Бид энэ талаар ярилцаагүй. Зөвхөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг ярих ёстой. Барьцааны гэрээтэй холбоотой үндсэн гэрээ гэдэг нь юу вэ? зээл авахын тулд барьцааны гэрээг дагалдаж байгуулдаг. Барьцааны гэрээ дангаараа хийгдэхгүй. Зээл аваад зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч хангаагүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулна гэж Иргэний хуульд заасан. Нэхэмжлэл гаргахдаа хэргийн агуулгыг сайн ойлгож байж гаргах эрхтэй байсан. Бид нэг хүний эрх ашгийг хангуулна гэж нөгөө хүний эрх, ашгийг хөндөж болохгүй. Сая гуравдагч этгээд Улсын Дээд шүүхийн 978 дугаар тогтоолыг судлуулсан. Түүнд зээлийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээр уг зээлийг хангуулах эрх нь гуравдагч этгээд буюу Хас банк ХХК-д байгаа гэдгийг тогтоосон гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасныг баримтлан М.Н нэхэмжлэлтэй Д.П холбогдох Хас банк ХХК-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч  Э.С нар давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шийдвэртээ: Хуулийн зохицуулалтаас үзэхэд Иргэний хуулийн 56.1.1-56.1.9-д заасан үндэслэлээр хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ гэж үзэж, хүчин төгөлдөр бус болох талаар зохицуулсан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК, хариуцагч Д.П нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хуульд заасан нөхцлийг агуулаагүй.

Түүнчлэн өмнөх худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Учир нь иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгэгч шаардлагаа баталгаажуулах зорилгоор болон өмчлөгч өөрийн өмчөө бусдын үүргийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулдаг ба маргаан бүхий орон сууц Д.П өмчлөлийн орон сууц болох нь хэрэгт авагдсан 000219167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл банк үндсэн буюу зээлийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хохирлоо арилгуулахаар барьцааны гэрээг зээлийн гэрээнд үндэслэн байгуулсан бөгөөд үндсэн эрхгүйгээр барьцааны гэрээг дангаар байгуулах боломжгүй юм гэжээ.

-Д.П нь худалдах худалдан авах гэрээг 2016 оны 06 дугаар сарын 20-нд байгуулж маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө авсанаар Хас банкнаас зээл авах, барьцааны гэрээ байгуулах нөхцөл үүссэн.

-Д.П маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор өмчлөөгүй болох нь тогтоогдож орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчинтөгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон.

Монгол улсын Үндсэн хуулинд Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй. М.Н нь Сүмбэр сум 3-р баг, 4 дүгээр байр 122 тоотод орон сууцыг шударгаар олж авсан, байгууллага, иргэнд өөрийн болон бусдын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгоогүй.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй зөвхөн хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хууль бусаар хамгаалсанд гомдолтой байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчиийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Д.П-д холбогдуулан Хас банк ХХК-ийн Чойр салбарын зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

           Учир нь хэргийн материалд авагдсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэр/хх-2/, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоол/хх-42/, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас  үзвэл :

            Нэхэмжлэгч М.Н нь 2010 оны 06 сард Г.Я гэгчид өөрийн эзэмшлийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4-122 тоотын 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 3 жилийн хугацаатайгаар бэлэглэлийн гэрээний дагуу  шилжүүлсэн, 

             Г.Я нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр байх хугацаанд буюу 2014 оны 06 сард хариуцагч Д.П /орон сууц/ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Д.П нэр дээр бүртгэгдэж, Д.П нь Хас банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр Хас банкнаас 35 000 000 төгрөгийн зээл авсан.

Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий орон сууц нь хариуцагч Д.П өмчлөлд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, түүнд өмчлөх эрх үүссэн ба тэрээр Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан.ас банкны барьцаанд Хас  

Гэтэл Г.Я гэгч нь М.Н тохиролцсон хугацаандаа орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч М.Н нь түүнтэй  байгуулсан “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  2016 оны 06 сард шүүхэд  гаргаж, шүүх 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон,  уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн Г.Я гэгч нь Д.П байгуулсан худалдах, худалдан авах/орон сууц/ гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцуулах, уг гэрээгээр Д.П-д шилжүүлсэн 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 08 сард гаргасан, энэ хэрэг нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн.

Үүнээс хойш нэхэмжлэгч М.Н нь Г.Я холбогдуулан Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, шүүх 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр ... орон сууцны өмчлөгч нь М.Н болохыг тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000597311 дугаартай гэрчилгээ  М.Н 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон  зэрэг үйл баримтууд тогтоогдсон,  энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч М.Н нь Д.П, Хас банк ХХК-н Говьсүмбэр салбар хоёрын  хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаар дан ганц Д.П-г заасан, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 4-н “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйийн 3.1-н ”Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж  заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан  гэж үзлээ. 

Харин анхан шатны шүүх, Хас банкны ХХК-н Чойр салбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй болохыг мэдэгдсэн нь буруу биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хас банк ХХК-н Чойр салбарын хувьд энэхүү “барьцааны гэрээ”-ний нэг тал тул банкны эрх, ашиг хөндөгдөхөөр байна гэх үүднээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт/хх-34/ гаргасан, шүүх хүсэлтийг хангаж/хх-38/ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд тайлбар гаргасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 107 дугаар зүйлийн 107.3,107.5 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч тал нь  Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан  бэлэглэлийн гэрээ, Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон, нэхэмжлэгчийн хувьд маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож,  улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан боловч     захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байгаа ... хариуцагч Д.П, Хас банк ХХК-н Чойр салбар хоёрын хооронд байгуулагдсан “барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэнэ хэмээн  тодорхойлжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй,байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон, ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар барьцааны гэрээ биш зээлийн гэрээ хамт гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна.Иргэний хуулийн 106 дугаар зүйл,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлүүд нь  эзэмшилтэй холбоотой . Хэний эзэмшлээс шаардаж байгаа  гэдэг нь тодорхой бус. ...зээл авахын тулд барьцааны гэрээ дагалдаж байгуулагддаг, дангаараа хийгдэхгүй. Бид нэг хүний эрх ашгийг хангуулна гэж нөгөө хүний эрх, ашгийг хөндөж  болохгүй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн хариуцах, уг барьцааг чөлөөлүүлэхийн тулд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Г.Я зээлээ төлүүлж барьцаагаа чөлөөлүүлж  ав гэдэг үндэслэлээр бид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны ХХК-н Чойр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг  тайлбарынхаа үндэслэл болгож, ...барьцааны гэрээг байгуулах үед орон сууцны талаар аливаа маргаан байхгүй байсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр заасан иргэнтэй барьцааны гэрээг байгуулсан. Хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч өөр этгээд болсон нь өмнөх өмчлөгчтэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. ...Бид зээлийн гэрээг судлуулсан, энэ нь орон сууц худалдаж авч байгаа зорилтот зээл. Банк хууль ёсны өмчлөгч П гэж үзэж зээлийн гэрээ байгуулсан. Барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх тул тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд болох банкны эрх, ашиг сонирхлыг хөндөлгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...гэсэн агуулга бүхий  тайлбарыг тус тус  гаргаж мэтгэлцсэн байна.

Хариуцагч Д.П нь үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээдийнхээ хувьд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дугаар зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг тус тус зөрчөөгүй.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах, баталгаажуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгч  нь үүрэг гүйцэтгэгчээс авч буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн эрхийг  барьцаа гэдэг.

Хариуцагч Д.П, Хас банк хоёрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны/ипотек/ гэрээ байгуулагдсан /хх-24-31/ уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар  барьцааны гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар талуудын хооронд барьцааны эрх үүсч, Хас банк нь барьцаалагч болсон байна.

Барьцаалагч Хас банк нь барьцаалуулагч Д.П-г тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол тэрээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар  шударга эзэмшигч болно.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4-д зааснаар   барьцааны гэрээ нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй, барьцааны эрх нь үндсэн шаардлагад хамаардаг болно.

Мөн хариуцагч Д.П нь барьцааны зүйл болох орон сууцыг хууль бусаар олж авсан, хууль ёсны өмчлөгч нь уг үл хөдлөх эд хөрөнгөө түүний хууль бус эзэмшлээс гаргуулан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзлээ. 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6 дахь хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах үүргийг  хангавал хариуцагч болон Хас банкны Чойр салбар нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйл болох орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхөөс гадна нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс шаардах эрхтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Н болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                           О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА