Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/223

 

                                                             Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох, Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох 2209 00000 0971 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Г овгийн Б-н А, ....................., /РД: .................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Б.А нь .......... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Canon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Саnon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Cаnоn 70-200 ММ Е/2.8 IS III мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 15.733.440 төгрөгийг гаргуулж хохирогч А.Х-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Баяртогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Миний үйлчлүүлэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ бодит байдал дээр Турбо дент майхан, оффис камер, цоожийг авч хувьдаа завшсан зүйл огт байхгүй бөгөөд энэ талаар мөрдөн байцаах шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой тогтвортой мэдүүлдэг /хх 18-20, 29-30/. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь бодит байдлыг тогтоож чадаагүй, мөн анхан шатны шүүх зөвхөн 2022 оны 05 дугаар сарын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн /хх 21-23/, шүүгдэгч Б.А-с 15.733.440 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, турбо дент, майхан, оффис камер, цоожны нийт үнэлгээ нь 1.383.000 төгрөг болж байгаа. Эдгээр эд хөрөнгийг Б.А нь хувьдаа завшсан зүйл огт байхгүй, нөгөө талаас завшсан хөрөнгийн зах зээлийн үнийг 2020 оны ханшаар бус 2022 оны 05 дугаар сарын ханшаар үнийг тооцож тогтоосон нь эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байна. Б.А нь “А” ХХК-д ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын орон тооны бус ажилтан болох Б-н хамтаар Canon 5D загварын камерыг линзний хамт Модны 2-т байрлах Алтан гахай ломбардад 1.200.000 төгрөгөөр Б-н нэр дээр тавьсан талаарх мэдүүлэг өгсөөр байтал мөрдөгч, прокурор нь Б-г дуудаж гэрчээр тайлбар мэдүүлэг огт аваагүй, тухайн хэрэгт Б.А болон Б нар нь хамтран оролцсон хэлбэр байсан эсэх зэрэг хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Мөн дээрх үйлдэлтэй холбоотой тус байгууллагын захирал Д.Ө, А.Х нар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б болон Б.А-с камер, линзны төлбөрийг нэхэмжилсэн, ингээд Б нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5.200.000 төгрөгийг, мөн 2021 оны 1 дүгээр сард Саnon 5D mark 3 загварын камер, линзийн хамтаар тус байгууллагын захирал Д.Ө болон А.Х нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл энэ үйл баримтын талаар хохирогч, гэрч, Б нараас огт тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай. Б.А нь эрх зүйн мэдлэггүйгээс болж дээрх нөхцөл байдлыг тогтоолгож чадаагүй нь тодорхой харагдаж байна.

Мөн Б.А нь тус хэргийг шалгаж байсан мөрдөгч, прокурорт мэдүүлэг өгч байхдаа дээрх нөхцөл байдлын талаар удаа дараа хэлж байсан бөгөөд Турбо дент майхан, оффис камер, цоожийг аваагүй, захирлын танил болох цахилгааны инженер Төрөө гэх хүнд гэрийн хаягийн дагуу Алтай хотхоны замын эсрэг талд гэрийн гадаа нь хүргэж өгсөн болохоо удаа дараа хэлсээр байтал хэн ч энэ асуудлыг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. “А” ХХК нь шүүгдэгч Б.А болон орон тооны бус ажилтан Ба нартай Монгол Улсын хууль тогтоомжид заасан “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” ажлын байрны үүргийг тодорхойлохгүйгээр ажиллуулж байгаа нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллага нь хүний хөдөлмөрийг хуулиас гадуур мөлжиж, цалин хөлсөө цаг тухайд нь өгдөггүйгээс болж, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн байдаг. Дээр дурдсан бодит нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг аргилган хохирогч Д.Ө-д төлбөрийг бүрэн барагдуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед А.Х биш, компанийн захирал Ө надад “майханыг грашнаас нөгөө байрны граш руу хийгээрэй” гэхэд нь тухайн байрны граш руу нь хийж байсан. Оффис камер болон цоожийг би инженерт хүлээлгэж өгөөд гарын үсгийг зуруулж өгч байсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ц.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. “Дамно” ХХК-ийн үнэлгээ хийхдээ жишиг аргачлалаар гаргасан бөгөөд хэрхэн, ямар зүйлтэй жишиж байгаа нь тодорхойгүй. Камерыг үнэлэхдээ тоогоор нь буюу хэдэн ширхэг зураг дарсан, хэдэн ширхэг зураг дарах боломжтой гэдгээр үнэлэгддэг. Гэтэл “Дамно” ХХК-ийн үнэлгээнд огт дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэг шалгах ажиллагааны явцад үнэлгээнд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Мөн түүнчлэн Canon 5D, 4 загварын камерыг орлуулсан гэх Canon 5D, 3 загварын камерыг хэрхэн үнэлэх, тооцох, тооцохгүй бол авах юм уу гэдэг асуудлыг тогтоогоогүй. Шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийг өнөөдөр Canon 5D, 3 загварын камерын зах зээлийн үнэлгээгээр төлөх боломжтой байсан. Canon 5D, 3 загварын камер unegui.mn, фейсбүүкийн зарууд дээр хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох нь харагддаг. Хэргийг прокурорт буцааснаар анх ломбардад камерыг цуг тавьсан Б-г хэрэгт холбогдолтой эсэхийг шалгуулах боломжтой болно. Иймд Б.А-д холбогдох хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн Б.А нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүнд холбогдох хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг хуульд зааснаар багасгаж, 3 жилийн хугацаанд хохирол, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжтой байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-с яллагдагч болон гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд хуульд заасан эрх, үүргийг мөн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд орохдоо шүүгдэгч Б.А нь өөрийн сайн дураар өмгөөлөгч аваагүй. ... Турбо дент майхан, оффис камер, цоожийг хүлээлгэж өгсөн гэж ярьж байна. Энэ талаар мөрдөн шалгах болон, анхан шатны шүүх хуралдааны явцад урьд мэдүүлж байгаагүй. Canon 5D, 4 загварын камерыг аваад орлуулж Canon 5D, 3 загварын камерыг өгсөн гэдэг асуудлын хувьд мөрдөн байцаах шатанд шүүгдэгч Б.А-с гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаагүй, “энэ талаар нотлох баримт байна уу” гэхэд “байхгүй” гэдэг. Хохирогч А.Х-н хувьд камер нь солигдсон учраас гомдол гаргасан гэж хэлдэг. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хүнийг өршөөлд хамруулахаар хуульчилсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирлын хувьд маргаж байна. Энэ хэрэгт Б гэх хүнийг холбогдолтой гэж байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад завших гэмт хэргийн шинж нь зөвхөн Б.А-н үйлдлээр илэрдэг. Б-н хувьд завших гэмт хэргийн үйлдэлд оролцсон үйл баримт тогтоогдоогүйгээс гадна зөвхөн шүүгдэгч Б.А нь “Б-тэй хамт мөрийтэй тоглоом тоглохын тулд тухайн эд хөрөнгийг ломбардад тавьсан” гэж мэдүүлсэн. Мөн Canon 5D загварын камер болон түүний дагалдах линзний үнэлгээг мэргэжлийн шинжээчийн эрхтэй “Дамно” ХХК-ийн тусгай мэргэшсэн шинжээч үнэлгээ гаргасан. Үнэлгээг гаргахдаа эд зүйлийн тухайн үеийн ханшийн дундаж үнэлгээгээр гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн маргаж байгаа Турбо дент майхан, оффис камер, цоож зэргийг шүүгдэгч Б.А-д хүлээлгэн өгч “агуулахад хийгээрэй” гэж хэлсэн байсан. Гэтэл Б.А нь тухайн эд зүйлийг агуулахад хийгээгүй. Мөн “хаалганы цоожийг сольж, зараад оронд нь мөнгийг нь авчирч өгөөрэй” гэж явуулахад мөнгийг өгөөгүй талаар хохирогч, гэрч нар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимыг тодорхойлсон.

Прокуророос Б.А-д ...... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Canon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Саnon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Cаnоn 70-200 ММ Е/2.8 IS III мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Б.А-г бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолыг биелүүлэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна, шүүгдэгч Б.А нь “Canon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Саnon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Cаnоn 70-200 ММ Е/2.8 IS III мэргэжлийн линз зэргийг барьцаат зээлийн газар барьцаанд тавьж мөнгийг Б гэх хүнтэй хамт хэрэглэсэн, мөн компанийн цахилгааны инженер гэх хүнд Турбо дент майхан, оффис камер, цоож зэрэг эд зүйлийг өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн байтал дээрх хүмүүсийг асуух ажиллагааг хийгээгүйн улмаас Б.А-дхолбогдох хэргийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй гэж үзэв.

Тухайлбал, Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “...гэмт хэрэг гарсан байдал, 1.2 дахь хэсэг “... гэмт хэргийг хэн үйлдсэн...”, 1.5 дахь хэсэг “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” зэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, уг ажиллагаанд прокурор хяналтаа хангалттай тавиагүй байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй.

    Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

     Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Анхан шатны шүүх Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үндэслэлгүйгээр урт хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсныг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР