Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2024/00446

 

 

 

 

 

2024 11 11

132/ШШ2024/00446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00446/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие П.Ганнэмэхтэй 1995 онд гэр бүл болсон үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд хадам аав Л.Пунцаг, хадам ээж Б.Жавзан нартай хамт тасралтгүй 29 жил мал маллаж байна. Нийгмийн даатгалаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарах гэсэн боловч малчнаар ажилласан жил тогтоогдохгүй байна. Иймд 1995 оноос өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-П.Галнэмэхийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн *******ын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,

- Булган аймгийн *******ын*******ийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

- Булган аймгийн *******ын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 9-19-р хуудас/,

-нэхэмжлэгчийн баталгаажилтын хуудас /хэргийн 20-р хуудас/,

-Малын А дансны хуулбар /хэргийн 23-52-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Б.Жавзан, Л.Пунцаг нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан боловч хадам аав Л.Пунцаг, хадам ээж Б.Жавзан нарын нэр дээр малаа тоолуулдаг байсан учраас малын А данс хадам аав, ээжийн нэр дээр гарсан тул шүүхээр малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь, малын А данс болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, гэрч Б.Жавзан, Л.Пунцаг нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан хугацаа нь нэхэмжлэгчийн 0400001776 дугаартай баталгаажилтын хуудсаар ажилласан жилийг улсаас нөхөн тооцсон баримт хэрэг авсагдсан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд нэхэмжлэгчийг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Баяртын Отгончимэг /РД:ГЭ74071420/-ийг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА