Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 216/МА2020/00014

 

 Г.О нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00161 дүгээр шийдвэртэй, Г.О нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн М Э г холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч П.Н нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч П.Н, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн М э г даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.О миний хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Нэхмжлэгч Г.О миний биеийг хариуцагч Ч.О нь ажлаас халахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яамнаас баталсан дүрэм, журмын дагуу санхүүгийн тайланг бэлтгээгүй, санхүүгийн тайлангийн аудитаар их хэмжээний материаллаг дүнтэй зөрчил гаргаж залруулга хийгдсэн аудитын байгууллагаар тогтоогдсон гэжээ. Миний бие нь тушаалд дурдсан үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зүйл байхгүй. Харин санхүүгийн тайланд техникийн шинжтэй алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Аймгийн аудитын байгууллагаас манай байгууллагын санхүүгийн тайланг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлэгдсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргасан.

Иймд Говьсүбэр аймгийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, М э газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн манай байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг Аудитын газраас хууль тогтоомж Сангийн сайдын баталсан дүрэм журмын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлэгдсэн тул зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаж байна гэж дүгнэсэн. Үүний дагуу Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаар тушаалаар зөрчилгүй гэж дүгнэгдсэн орон нутгийн дарга, нягтлан бодогч нарт 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Гэтэл манай дарга болох Ч.О нь өөрийнхөө нэрийг урамшуулалд оруулж, миний нэрийг хассан байна. Иймд Мал эмнэлгийн газраас нэг сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал 720 645 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.О миний бие Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Говьсүмбэр аймгийн М э газрын даргаар томилогдсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Г.О ахлах нягтлан бодогчоор түр томилон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамт ажилласан. Ажлын анхны өдөр сар, улирал, хагас, бүтэн жилийн мэдээ тайланг хугацаанд нь алдаагүй өгч байх, ялангуяа Шилэн дансны мэдээллийг хугацаанд нь оруулж байх, албан хаагчдын цалин, хөлс, бусад нэмэгдэл, нөхөх олговрыг тухай бүр зөв өгч байх талаар зөвлөж, хэлдэг байсан боловч нягтлан бодох бүртгэлийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн ажиллахгүй байсан. 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Төрийн аудитын газраас хийсэн хяналт шалгалтын тайлан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн тайлан байгаа. Энэ шийдвэрийг гаргахдаа аймгийн Төрийн аудитын газраас ирсэн тайлан, нягтлан бодогч Г.О хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг үндэслэсэн. Яамны хяналт-шинжилгээ үнэлгээ 2019 оны 9 дүгээр сард хийгдэж, хариу тайлан нь 2020 оны 03 дугаар сарын 04-нд үйлдэгдэж, хариу нь 2020 оны 04 дүгээр сарын 03-нд ирсэн. Эдгээр тайланг харьцуулаад харахад зарим зөрчил давтагдсан байгаа нь харагддаг. Даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн тохиолдолд хангалттай хэрэгжүүлдэггүй. Оны эхнээс буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4 чиглэлээр үүрэг даалгавар, зөвлөмжийг өгсөн. Иймд томилолтын зардлын задаргаа дутуу, шатахууны тооцоо нийлсэн акт хийгээгүй, шилэн дансны мэдээлэл хангалтгүй, хугацаанд нь бүрэн зөв оруулаагүй, зарлагын баримт үйлдээгүй, гахайн халдварт мялзан өвчинтэй холбоотой ажилласан эмч, ажилтнуудад томилолтын зардал олгоогүй, дутуу олгосон. Цалин хөлс нөхөн олговрыг буруу боддог гэсэн 6 зөрчил болон аудитын тайланг үндэслэл болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Энэ асуудлууд 2019 онд жилийн турш яригдсан. Зарим үүрэг даалгавар тэмдэглэлд тусгагдаж, зарим нь тусгагдаагүй байсан. Алдаагаа засаач, энэ нь болохгүй байна гэдэг үүрэг даалгавар, зөвлөмжийг удаа дараа өгч байсан боловч өгсөн зөвлөмжийг хүлээж авдаггүй, биелүүлдэггүй, үл тоосон байдал гаргадаг. Сүүлдээ ганцаарчилсан шийдвэр гаргасан, худлаа ярьсан, хүнийг гүтгэсэн, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй, гаргасан алдаагаа засахыг хичээдэггүй. Төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй. Шударга ил тод байх шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.О Говьсүмбэр аймгийн М э газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 637 042 төгрөгийг /НДШ, ХХОАТ-ыг суутгах/ хариуцагч Говьсүмбэр аймгийн М э газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.О ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн М э газарт даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийгн 128.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч Говьсүмбэр аймгийн М э газраас урамшуулал 720 645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн М э газраас улсын тэмдэгтийн хураамжинд 127 343 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж,... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.О давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00161 дугаар бүхий шийдвэртэй танилцаад шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.

1. Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 4 дүгээрт бичигдсэн “М э газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бараа, материал болон вакцин, шингэлэгч, халдваргүйтгэлийн бодис олгохдоо зарлагын баримт олгодоггүй явдалд няравт заавар, чиглэл, зөвлөмж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн зөрчилд  шүүгч “Энэ нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал байх бөгөөд уг зөрчлийг нэхэмжлэгч Г.О гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Харин М э газрын даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргийг дарга хүлээхээр байна” гэсэн шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна. Учир нь: Зарлагын баримтыг МЭГ-ын бүтцэд байгаа МЭТ-т бус вакцин, халдваргүйтгэлийн бодис багаж, хэрэгсэл хүлээн авч зарцуулж байгаа тусдаа данстай, тусдаа регистрийн дугаартай 3 сумын 9 МЭҮН-д олго гэсэн үүргийг удаа дараа өгсөн. Гэвч Г.Отгончимэгийн ажиллах хугацаанд огт хэрэгжээгүй. Уг үүрэг даалгаврыг зөв гэдгийг нэгжийн эмч нар хүртэл ойлгоод удаа дараа нэхэж шаардаж байсан ба огт олгоогүй гэдгийг Сүмбэр сумын “Чойр таван эрдэнэ хоршоо”-ны эмч Ж.Б, “Би Си Ай Эс” МЭҮН-ийн эмч Б.Г, малын эмч Х.Б, МЭГ-ын эмийн нярав Б.Е нар гэрчилсэн. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлтийн гүйцэтгэлд нягтлан бодогч хяналт тавих үүрэгтэй гэдгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.6, 13.7, 18.5, 20.2.4, 20.2.5, 20.2.8 дахь хэсэгт тодорхой заасан байтал байгууллагын даргын үүрэг мэтээр буруу шийдвэр гаргасан.  Байгууллагын дарга нь өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд “Төрийн үнэтэй бараа материалыг олгохдоо зарлагын баримтыг МЭТ-т бус МЭҮН-д олгох ажлыг санхүүгийн хууль, дүрэм, журам, стандартад нийцүүлэн зохион байгуулж зөв болго” гэдэг үүргийг  байгууллагад ажиллаж байгаа цорын ганц мэргэжлийн санхүүчид өгсөн. Үүнээс дарга бол үүргээ гүйцэтгэсэн гэж харагдаж байна. Харин байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, үүрэг чиглэлээр хангаж, хяналт тавих, хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтөлж явуулах, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий нягтлан бодогч өөрийн үндсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж өөрт хамаагүй мэтээр хандсан хандлагыг дэмжсэн шийдвэр байна. Үүнээс гадна нэхэмжлэгч Г.О нь  “...бүх нэгжүүдэд байцаагч нар нь өөрсдөө вакцин, шингэлэгч, халдваргүйтгэлийн бодисоо тараагаад тайлангаа гаргаж өгдөг. Тэр тайланг үндэслэн зарлагын баримтыг өгдөг байсан” гэж илт худлаа тайлбар өгсөн ба хаана ч, ямар ч байгууллага бараа материалыг олгохдоо бараа материал, зарлагын баримт 2-ыг хамтад нь нэг дор олгодог санхүүгийн стандартыг зэрэг мөрддөг. Мэргэжлийн нягтлан бодогч Г.О хэлсэнчлэн эхлээд бараа материалаа олгоод тайлангаа гаргаад дараа нь зарлагын баримтаа олгодог байгууллага хаана ч байхгүй, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтийн нэгдүгээрт зарлагын баримт олгох, хоёрдугаарт шаардах хуудас үйлдэх байдаг. Мөн нярав зарлагын баримтыг үйлдээд нягтлан бодогчоор үнэн зөв эсэхийг нь шалгуулж, гарын үсэг тамга тэмдгээр заавал баталгаажуулдаг. Зарлагын баримтан дээр “Шалгасан нягтлан бодогч” гэж бичигдсэн байдаг. Үүнд шүүгчийн зүгээс судалгаа, дүн шинжилгээ хийхгүйгээр шийдвэр гаргасан гэж ойлгож байна. МЭҮН-д вакцин, халдваргүйтгэлийн бодис, багаж, хэрэгсэл олгохдоо зарлагын баримт үйлдэхгүй байгаа нь ноцтойгоос ноцтой зөрчил байх атал шүүгч Б.Н “Дарга хийх ажлаа хийгээгүй гэсэн шийдвэр”-ийг гаргаж байгаа нь харамсалтай байна. Асуудлын гол зангилаа нь удирдлагын зүгээс өгсөн хууль ёсны үүрэг даалгаварыг биелүүлсэн үү, эс биелүүлсэн үү гэдэг асуудал байгаа ба огт биелүүлээгүй гэдэг нь нотлогдсоор атал ...  Үүнийг илт нэхэмжлэгчийг дэмжсэн шийдвэр гэж харахаас өөр арга алга.

2. Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 2 дугаарт бичигдсэн “2019 оны шатахууны жилийн эцсийн тооцоог хийж баталгаажуулах үүргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгаж үүрэг болгосон байх бөгөөд энэ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхэд 90 хувьтай биелэгдсэн болохыг дүгнэсэн нь мөн өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон гэсэн шийдвэрийг гаргасан. Уг зөрчилд буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тус үүрэг даалгаварыг 2020 оны 1 дүгээр сарын эхээр амаар үүрэгжүүлж удаа дараа нэхээд хийгдэхгүй байсан тул 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын үүрэг даалгаварт тусгаж албажуулсан. Улмаар 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байгууллагын 7 хоног бүрийн үүрэг даалгаврын биелэлтийн тэмдэглэлд “Хянуулахад бэлэн 90%” гэж хариулж тэмдэглүүлсэн боловч огт биелүүлээгүй. Энэ үүргийг биелүүлээгүй гэдгийг хариуцагчийн зүгээс шүүх хуралд тодорхой хэлсэн. Мөн бичиг хэргийн ажилтан О.Б хэрэгжээгүй гэдгийг гэрчилсэн болно.

3. Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 5 дугаарт бичигдсэн “Сүмбэр сумын 3-р багийн нутагт байрлах гахайн аж ахуйд 2019 оны 1 дүгээр сард гоц халдварт гахайн Африк мялзан өвчин бүртгэгдсэн. Уг өвчинтэй тэмцэхэд ажилласан эмч, ажиллагсдад олгох нийт 244000 төгрөгийн томилолтын зардлыг олго гэсэн үүргийг 2019 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа өгсөн боловч хэрэгжүүлээгүй ... дутуу олгож, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс санаатайгаар татгалзсан ноцтой зөрчил гаргасан” гэсэн зөрчилд шүүгч “...төсвийн шууд захирагчийн зүгээс амаар өгсөн үүрэг даалгаврыг нягтлан бодогч анхан шатны баримтгүйгээр биелүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс санаатайгаар татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна”  гэсэн шийдвэр гаргасныг буруу шийдвэр гэж үзэж байна. Учир нь: Гахайн мялзанд ажилласан малын эмч, жолооч нарт олгох томилолтыг бүрэн, зөв олгоогүй гэдгийг малын эмч Х.Баярцэнгэл гэрчилсэн. Мөн нотлох баримт өгсөн.

Нотлох баримтаас нийт 9 хүнд 244000 төгрөгийн томилолт олгохоос 2019 оны 12 дугаар сарын сүүлийн цалинтай хамт С.А 12000 төгрөг олгохоос 12000, Ц.Д 16000 төгрөг олгохоос 12000, Х.Б 48000 төгрөг олгохоос 24000 нийт 48000 төгрөгийн томилолт олгосон.

Эдгээрээс Х.Б 24000, Ц.Д 4000 төгрөг нийт 28000 төгрөг хасч олгосон байдаг. Мөн 6 хүний 168000 төгрөгийн томилолтыг огт олгоогүй. Томилолтыг олгохдоо даргад мэдээлээгүй, ганцаарчилсан  шийдвэр гаргасан. 

Жишээ нь: Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар мэргэжлийн ангид ажилласан Х.Б томилолтыг дур мэдэн хасч олгосон ба 3 хүний 3 дахин нэмэгдүүлсэн томилолтыг огт олгоогүй. /МАЭМТХуулийн 33.1.5.1 дэх хэсэгт ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж олгох/ Шүүгч шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгч Г.О мэдүүлсэн “Анхан шатны баримтууд нь над дээр ирээгүй, би юунд үндэслэж энэ зардлыг олгох эсэх нь эргэлзээтэй байсан. МЭГ-ын даргын тушаал бол гараагүй. Сүүлд нь Онцгой байдлын даргын захирамж, Засаг даргын захирамж зэргийг канондож байгаад гаргаж өгсөн” гэсэн худлаа тайлбарыг үндэслэсэн. Шүүгч ... амаар өгсөн үүрэг даалгаврыг нягтлан бодогч анхан шатны баримтгүйгээр биелүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс санаатайгаар татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гаргажээ. Үүнээс үзэхэд шүүгч нэхэмжлэгч Г.О анхан шатны баримт байгаагүй гэдгийг хэрхэн яаж тогтоосон нь эргэлзээтэй байна.

Мөн Г.О анхан шатны баримт байгаагүй юм бол Х.Б, Ц.Д, С.А нарын томилолтыг хэрхэн яаж олгосон юм бэ?... Цаашилбал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан мал эмнэлгийн газар, тасгийн албан хаагчдад чиглэл өгөх хурал дээр Х.Б томилолтын зардлыг хасч олгосон талаар асуудал гаргаж, асуулт хариултын явцад Х.Б “Уг нь бүх баримт нягтлан бодогч Г.О байгаа ш дээ. Би бүүр хүснэгтлээд хэн, хэдэн хоногийн томилолт авах, хэд нугалж авах гээд бүгдийг нь хийж өгсөн байгаа” гэж ярьсан нь тэмдэглэгдэн үлдсэн.

Мөн тус хуралд Г.О би “3 нугалж өгдөг гэдгийг нь мэдэхгүй 1 хоногийн томилолтоор олгосон. Энэ бол миний алдаа”,  “Гахайн мялзангийн томилолтон дээр би алдаа гаргасан. Хугацааг нь хоцроосон. Тэрийг 16000 төгрөгөөр бодож өгсөн байгаа шүү” гэж хэлсэн, Х.Б анхан шатны баримтыг бүгдийг бүрдүүлэн хүлээлгэж өгсөн талаар хэлэхэд “Тэгсэн тэгсэн”, мөн хасч олгосон талаар ярихад “Би томилолтын баримтыг хавсаргаснаас биш хүснэгтэлж хийж өгсөн зүйлийг нь хавсаргаагүй.

Х.Б тэгж хэлэхээр нь харсан чинь яг тийм байсан” гэх зэргээр Г.О хариулт өгсөн нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлд бичигдэн үлдсэн. Түүнчлэн байгууллагаас санхүүгийн анхан шатны баримт материал гарах тохиолдол бүрд нягтлан бодогч эх хувийг нь санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх байгууллагад хүргүүлээд хувилсан хувийг өөрийн байгууллагын санхүүгийн баримтанд авч үлдэх үүрэгтэй. Үүнээс нэхэмжлэгчийн хэлсэнчлэн надад анхан шатны баримт байгаагүй гэдэг нь аль ч талаараа ор үндэсгүй худал тайлбар юм.

Санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангагдсан бол нягтлан хяналт тавьж баталгаажуулан хүлээн авч гүйлгээ хийдэг мөн тэнд хадгалагдан үлдэж улмаар жилийн эцэст архивын нэгж болдог. Санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлтэнд хяналт тавьж баталгаажуулах, гүйгээ хийх, бурууг засч залруулах, архивын нэгж үүсгэх үүргийг нягтлан бодогч өөрийн биеэр хариуцан гүйцэтгэх үүрэгтэй. 

Энэ мэтчилэн шүүгч Б.Н нь нэхэмжлэгчийн худал мэдүүлсэн тайлбарт үндэслэн 2 зөрчилд буруу шийдвэр гаргасан нь эцсийн шийдвэр гарахад сөрөгөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шүүгч нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын үнэн зөв эсэхэд судалгаа, дүн шинжилгээ хийхгүйгээр “Албан ажил эрхлэж буй хүн бүрийн мэддэг асуудлыг мэдэхгүй дүр эсгэн” нэхэмжлэгч талд шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

4. Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэг, 3 дугаар хуудасны арын хуудсанд бичигдсэн “Харин ч тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төрийн аудитын байгууллага хянаж үзээд зөрчил илэрсэн хэдий ч зөрчлийг арилгуулж, “Зөрчилгүй санал, дүгнэлт “өгч аудитын гэрчилгээ олгосон, М э ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаар тушаалаар харъяа байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг аудитын байгууллагаар дүгнэгдэж, “Зөрчилгүй” санал, дүгнэлт авсан үндэслэлээр байгууллагын дарга, нягтланд урамшуулал олгосон байдал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс Говьсүмбэр аймгийн М э газрын 2019 оны жилийн үйл ажиллагаанд 90 хувийн ерөнхий үнэлгээг өгсөн байдал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2019 оны 09 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тайланд дурдсан зөрчлүүд нь Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын тайланд дурдсан зөрчлүүдтэй давхцаж байгаа бөгөөд уг зөрчлийг аудитын шалгалтын явцад арилгуулсан талаар тайланд дурдсан, 2019 нягтлан бодогчийн харъяалах дээд шатны албан тушаалтан болох Мал эмнэлгийн газрын захиргаа санхүүгийн албаны дарга П.Д 2019 оны ажлыг нь дүгнээд 88.7 хувь буюу хангалттай үнэлгээг өгсөн, улмаар газрын дарга 83.7 хувьтайгаар дүгнэж баталгаажуулсан зэргээс үзэхэд хариуцагчийн ...эдгээр асуудлыг 2019 оны эхнээс үүрэг болгосон боловч биелүүлээгүй өдий хүрсэн тул 2020 оны эхэнд байгууллагын ажилчдын хурлаар үүрэг болгож албажуулсан гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна гэж ээ. Үүнд:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасан тайлбарт, мөн шүүх хуралдаанд оролцож гаргасан аман тайлбарт 2019 оны эхнээс хэдэн төрлийн үүрэг, зөвлөмжийг өгч байсан юм, 2020 оны 1 дүгээр сараас хэдэн үүрэг даалгавар өгсөн юм, эдгээрийн хэрэгжилтийг хангуулахын тулд ямар ямар шат дараалсан арга хэрэглэж байсан юм, эцсийн аргыг хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар тодорхой бичсэн, хэлсэн. Тайлбарыг дандаа хугацаатай бичиж, хэлсэн тул үгүйсгэсэн шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Хариуцагчийн зүгээс шүүхийн өмнө нэг ч үгийг худлаа хэлээгүй, бодит нөхцөл байдлыг үнэнээр нь мэдээлсэн.

2. 2019 онд албан хаагчдад урамшуулалт цалин олгох боломж нөхцөл бүрдээгүй байсаар 12 сар хүрсэн. Бүх албан хаагчдад урамшуулалт цалин олгоё гэсэн бодолтой байсан учраас хэдий алдаа, дутагдал гаргасан ч сайжрах байх гэсэн бодлогоор Г.О гүйцэтгэсэн ажлын үнэлгээг өсгөж 83.8 хувиар дүгнэж үндсэн цалингийн 50 хувиар урамшуулалт цалин олгосон. Үүнд урамшиж ажилдаа хандах хандлага нь өөрчлөгдөх байх гэж харж байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гараагүйгээр үл барам ажил дүгнэсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш олон зөрчил дутагдал гаргасан. Зарим алдаагаа давтан гаргасан. Үүнд:

1. 2020 оны 1 дүгээр сарын эхээр үүрэгжүүлсэн “2019 онд албан хаагчдад олгосон 7.2 сая төгрөгийн томилолтын зардлыг хүн тус бүрээр гаргаж танилцуулах” гэсэн үүргийг огт биелүүлээгүй.

2. 2020 оны 1 дүгээр сарын эхээр үүрэгжүүлсэн “2019 онд зарцуулсан шатахууны тооцоог М т ХХК-тай хийж акт үйлдэх, танилцуулах, баталгаажуулах” гэсэн үүргийг огт биелүүлээгүй. 2019 онд шатахууны тооцоог сар, улирал, хагас, бүтэн жилээр хийж яваагүйгээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар 412000 төгрөгийн зөрүү үүссэн. 

3. 2020 оны 1 дүгээр сард шилэн дансны  мэдээллийг  2 удаа хугацаа хоцроож мэдээлсэн.

4.2020 оны 2 дугаар сард ЗСА-ны дарга П.Д цалинг буруу бодож дутуу олгосон. 2019 онд нийт 20 хүнд цалин бодсон боловч бүх хүний цалинг 100 хувь буруу буюу илүү, дутуу олгосон нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

5. Гахайн мялзантай тэмцэхэд ажилласан ажиллагсдын томилолтыг олгох үүргийг хангалтгүй биелүүлсэн. 3 албан хаагчид 2019 оны 12 дугаар сарын цалинтай хамт буюу 12 дугаар сарын 24-ны үед ганцаарчилсан шийдвэр гаргаж буруу, дутуу олгосон.

6. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид олговол зохих бараа материалын зарлагын баримтыг олгуулах талаар ямар ч мэргэжлийн арга хэмжээ аваагүй нягтлан бодогч хүнд хамаагүй мэтээр хүйтэн хөндий хандсан. Энэ үүргийг огт биелүүлээгүй.

7. 2019 онд санхүүгийнхээ үйл ажиллагааг хууль, дүрэм, журам, стандартад нийцүүлэн хөтлөж явуулаагүйгээс 2020 онд мэргэжлийн эрх бүхий байгууллагаас хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт болгоноор зөрчил илэрч байгууллагын нэр хүнд, албан хаагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа ба өнөөг хүртэл 2019 оныхоо ажилтай зууралдаж зөрчлийг нь барагдуулж дуусаагүй байна.

8.  2019 оны 4 дүгээр улирал, жилийн эцсийн санхүүгийн тайлан, мэдээг даргын гарын үсэг тэмдэгээр баталгаажуулсан боловч архивын нэгж болгож үдэхдээ  дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулаагүй тайлан, мэдээгээр сольж үдсэн ба энэ нь олонх хэсгийг эзлэж байна. Энэ үйлдэл нь  Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар байгууллагын даргад хариуцлага тооцуулах нөхцлийг бүрдүүлсэн ба ямар учраас  баталгаажуулаагүй орхисон нь тодорхойгүй байна...

            Дээрх олон зөрчил дутагдлыг албан хаагчдын 2019 оны ажлын үр дүнг дүгнэх хурлаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдэд гаргасан ба эдгээрээс тайлбарт тусган шүүгчид хүргүүлсэн. Мөн шүүх хурал дээр ч заримыг нь дурдаж байсан.

            5. Тус шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэг, 4 дүгээр хуудасны нүүр хуудсанд бичигдсэн “Иймд хэдийгээр, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч зөрчлийн шинж байдлаас үзвэл Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй....” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Байгууллагын даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Б/12 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.5, 6.2.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 7.17, 15.5.4 дэх хэсгийг үндэслэл болгосон. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно ... гэснийг Г.О байгуулсан Хөдөлмөрийн гэрээтэй уялдуулан авч үзвэл Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт “...ноцтой зөрчил ...” гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд:

-Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн;

            -Эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбогдуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан; гэсэн 2 заалтыг авч үзсэн байтал шүүгч  Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй....” гэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            Мөн Г.О сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотолсон атлаа алдаа дутагдалыг нь дэмжээд байгаа мэт... Цаашид Г.О санхүү, хөрөнгө, мөнгөний хэрэг үүсгэж шүүхийн өмнө очвол хэн, ямар байгууллага хариуцагч миний өмнөөс хариуцлага хүлээх вэ... “Тэгэхгүй дээ” гэх баталгаа, итгэл найдварыг нэхэмжлэгч Г.О төрүүлж чадаагүй... Улмаар Г.О өгсөн үүрэг даалгавар нь нягтлан бодогч бүрийн хийдэг үндсэн ажил, гэтэл наад захын хийвэл зохих ажлаа алдаа дутагдал ихтэй гүйцэтгэх, алдаагаа давтан гаргах, байгууллагын санхүүг ганц өөрийн шийдвэрээр удирдан явуулах тэр нь буруу байх, санхүүгийн эх үүсвэрт зөвшөөрөлгүй халдах тэр нь ашиглах завших шинжтэй байх, байгууллагад үүсдэг төсөв санхүүтэй холбоотой асуудалд өөрт хамаагүй мэтээр хандах зэрэг нь төрийн хариуцлагатай ажлыг хамтран гүйцэтгэх боломжгүй болгож байна.

Г.О байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс цуцлаагүй хувь хүний ухамсар, мэргэжлийн ур чадвар, ажилдаа хандах хандлага, хариуцлага хүлээх, алдаагаа засах чадвар, нягтлан бодогчийн болон төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг нь нягтлан бодогчийн хариуцлагатай ажилд тэнцэхгүй байгаа учраас цуцалсан болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний 134/ШШ2020/00161 дугаар шийдвэрийн хуулийг буруу ойлгож, буруу тайлбарласан гэж үзэж, эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Говьсүмбэр аймгийн М э газрын даргын Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 46.1, хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.2, 40.1.4, М э газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалын хавсралтаар “хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.2, 7.17, 15.5.4, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллалын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ээлжийн амралт олгох заавар”-ын 15, Говьсүмбэр аймаг дахь төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар 20-ны өдрийн “хариуцлага тооцуулах тухай” 02/29 тоот албан шаардлага, Г.О байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5, 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Г.О удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болон НББ-ын тухай хууль, Сангийн яамнаас баталсан дүрэм, журмын дагуу санхүүгийн тайлан бэлтгээгүй, санхүүгийн тайлангийн аудитаар их хэмжээний материаллаг дүнтэй зөрчил гаргаж, залруулга хийгдсэн нь аудитын байгууллагаар тогтоогдсон учир 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан байдаг.

Говьсүмбэр аймгийн М э газрын даргын Б/12 дугаар тушаал нь Г.О удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учраас хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасны дагуу “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлийг сонгосон бөгөөд Г.О байгуулсан хөдөлмөрийн гэрээний Мөн гэрээний 6.2.3-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт “...ноцтой зөрчил ...” гэж дараах зөрчлийг ойлгоно” гээд- Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн:, -Эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбогдуулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн эсвэл гүйцэтгэхээс татгалзсан: гэж тус заасан эрх зүйн зохицуулалтуудтай уялдаж гарсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.О хамаарах бөгөөд хэрэгжүүлбэл 7 үүргээс “2019 онд албан олгосон 7.2 сая төгрөгийн томилолтын зардлын задалгааг хүн тус бүрээр нь гаргаж танилцуулах үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон”, “2019 онд шилэн дансны мэдээллийг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлэхгүй байдлаар 2020 онд энэ алдаа давтагдсан”, “Говьсүмбэр аймгийн төрийн аудитын газрын хяналт, шалгалтаар гаргасан алдаануудыг хөдөлмөрийн гэрээний үүрэгт харш үйлдэл болохыг дүгнэж тогтоосон” байдаг. Гэсэн хэрнээ “нэхэмжлэгч дээр дурдсанаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг ойлгох боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр агуулга болоод логикийн хувьд зөрчилтэй. Өөрөөр хэлбэл Зөрчил тогтоогдож байна. Зөрчил тогтоогдож байгаа нь тогтоогдохгүй байна. Гэсэн өөрийн шийдвэрийн зорилгыг үгүйсгэсэн тайлбаруудыг хийжээ. Шүүхийн шийдвэр хуулийн агуулгад нийцэх ёстой болохоос биш хуулийн агуулгыг өөрчлөн тайлбарлах ёсгүй.

Дээрх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан гэсэн гэрээний зохицуулалтыг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байхад шүүгч үг таслан зогсоох, энэ талаар хийх эрхгүй гэсэн үгийг хэлж байсан. Өмгөөлөгчийг энэ талаар тайлбар хийж байхад зориуд тасалсан хэрнээ шүүхийн шийдвэртээ дүгнэж тайлбарласан байгаа нь хууль бус юм. Шүүгч ямарваа утгаар мэтгэлцэх бололцоог олгоогүй, мэтгэлцээгүй асуудлаар шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт гаргах эрхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг нь мэтгэлцэх зарчим билээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4.2, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байдаг.

Энэхүү тайлбарт нийцүүлэн гаргасан шийдвэр гэж үзэхгүй байгаа мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй учир Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний 134/ШШ2020/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өнгө үү гэжээ.    

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Говьсүмбэр аймгийн М э газарт холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны үр дүнгийн урамшуулал 720645 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Г.О Говьсүмбэр аймгийн М э г нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2637042 төгрөгийг /НДШ, ХХОАТ-ыг суутгах/ хариуцагч М э г гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  болон түүний  өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед  зохигчид  эвлэрсэн талаарх эвлэрлийн гэрээг бичгээр гарган шүүхэд ирүүлсэн ба энэ гэрээгээр нэхэмжлэгч нь М э г нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, харин хариуцагч нь шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний олговор 2637042 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар зохигчдын гарын үсгээр баталгаажсан тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Учир нь энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй ба хуулд харшлахгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хоорондох эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч Г.О нь М э г нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2637042 төгрөгийг Говьсүмбэр аймгийн М э г 2020 оны 11 дүгээр сарын 10-ны дотор гаргуулж нэхэмжлэгч Г.О олгохоор байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар хариуцагч  нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү магадлалыг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй ба дахин тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                             Г.ТЭГШСУУРЬ