Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/265

 

                                                              Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Н.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 02281 1301 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Н овгийн Н-н Д, ....................., /РД: ................./,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 352 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ......... дүүргийн .. дугаар хороо, ............ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О-тэй “Гэр цэвэрлэсэнгүй” гэх асуудлаар маргалдан, цэвэр усны саваар баруун чихэн тус газарт цохиж, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Н-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.502.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээ хагалгаанд зарцуулсан зардлын дүн 831.282 төгрөгийг шүүгдэгч Н.Д-с гаргуулж хохирогч Б.О-д олгож, хохирогч нь дутуу авсан цалин хөлс орлого, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Д-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.

1. Би ам бүл 1, ....... аймгийн ....... суманд мал маллаж амьдарч байна. Хохирогч Б.О-тэй 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас салсан. Бидний дундаас хүү О.Д төрсөн ба одоо 6 настай, ээжтэйгээ амьдардаг. Би болсон асуудалд маш их гэмшиж, харамсаж, хохирогчоос уучлалт гуйж бид эвлэрсэн. Хохирлын мөнгийг боломжоороо төлсөн. 300.000 төгрөг 2022 оны 12 дугаар сард дансаар өгсөн бөгөөд үлдэгдэл 536.000 төгрөгийг төлнө. Би оны өмнө өвлийн хоол, идэш, мах, нүүрс түлээ гээд 200.000-300.000 төгрөгийн эд зүйл авч өгсөн. Би Б.О болон хүүдээ тогтмол хэрэглээний мөнгө, эд зүйл, хувцас, хичээлийн хэрэгслийг нь өгдөг байсан.

2. Миний хувьд төрөлхийн зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойтой, уг байдлаасаа болж даралт 180 хүрч, амьсгал давчдаж, зүрхний цусан хангамж алдагдаж, импакт үүсэх аюултай өвчтэй бөгөөд группт орох заалттай гэж эмч хэлсэн. Мөн би хоёр бөөрний өвчтэй, зүүн бөөрөнд шохойжилт үүссэн, бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй, бөөрний уураг алдалттай, хүнд ажил хийж, даарахад уураг алдагдаж ухаан алдах гээд байдаг. Түүнчлэн ходоодны шархтай, архаг үрэвсэлтэй тул байнгын 3 дугаар эмнэлэгт үзүүлж, эмчийн хяналтад байдаг. Улаанбаатар хотод байхдаа 2022 онд 3 удаа, 12 дугаар сард түргэн дуудаж зүрхний пульс буулгах, эм тариа хийлгэсэн. Гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэж, одоо эмчийн хяналтад байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, надад оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Д нь хохирлоос 831.282 төгрөгийг төлж барагдуулаагүй. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ....... дүүргийн .. дугаар хороо, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О-тэй “Гэр цэвэрлэсэнгүй” гэх асуудлаар маргалдан, цэвэр усны саваар баруун чихэн тус газарт цохиж, “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

хохирогч Б.О-н “...Би Н.Д-той хамтран амьдраад 10 жил болж байгаа, дундуур нь салж нийлж байсан. ... Н.Д өглөө 11 цагийн үед ирээд намайг гэрийнхээ юмыг яагаад цэвэрлэж янзлаагүй юм гээд надад уурлаад, хүү Доржсүрэнг хоол идэх гэж байхад нь “битгий ээжийнхээ өгсөн өмхий хоолыг ид, явъя” гээд гараас нь татахад манай хүү явахгүй гэхэд Н.Д “хүүхдийг миний эсрэг байлгасан” гэж уурлаад дотроо устай 0,5 литрийн усны саваар миний баруун чих рүү нэг удаа цохичихоод гараад явсан. ...” /хх 25-26/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д-н гэрчээр өгсөн “...Би уурандаа ууж байсан 0,5 литрийн бага зэрэг устай саваараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиход хөөгөөд байхаар нь гэрээсээ гараад явсан. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.О-н биед баруун хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 9822 дугаартай дүгнэлт /хх 31-32/,

Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хх 8/, хохирогч Б.О-н өвчний түүхийн хуулбар /хх 104-106, 122/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Д-г Б.О-г зодож, эрүүл мэндэд нь баруун хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Н.Д нь хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 300.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг хохирогч Б.О-н дансаар төлсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д-с яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан атлаа, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон, мөн Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг ойлгосон /хх 42/ мэтээр хэт хайхрамжгүй байдлаар бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Дээрх зөрчил нь хэдийгээр ноцтой биш боловч цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Д-с “... биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй тул торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1388 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Н.Д нь хохирогч Б.О-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР