| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/06121/И |
| Дугаар | 102/ШШ2024/02003 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/02003
| 2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/02003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Нарт хотхон *, * байр * тоот хаягт оршин суух, * ургийн овогт * ** /*//,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо,* байр, * тоот хаягт байрших, * /РД:5185904/,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нармандах,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний бие *-тай 2022.08.24-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-г байгуулж, БЗД-ийн * дүгээр хороо /хуучнаар/ А блок 3 дугаар давхрын * тоотын 46,42 м.кв 2 өрөө орон сууцыг нийт 102,124,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2022.08.24-2023.03.25-ны хугацаанд миний бие уг гэрээнд тусгагдсан данс болох тус компанийн ажилтан гэх * *ны * тоот данс болон тус компанийн захирал * хэлсний дагуу түүний хүү гэх **ны * тоот данс руу нийт 103,124,000 төгрөгийг шилжүүлсэн буюу орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн. Илүү шилжүүлсэн 1,000,000 төгрөг нь тагтны хаалтын үнэ гэж тохиролцож шилжүүлсэн. Дээрх гэрээнд заасны дагуу миний захиалсан орон сууцны барилгыг 2022 оны 12 дугаар сард буюу 4 дүгээр улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх ёстой байсан бөгөөд * миний бие 2023.03.24-ний өдөр дээрх захиалсан орон сууцны түлхүүрийг тус компанийн захирал * хүлээн авч, орон сууцандаа тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бидний байгуулсан гэрээний 4.5-д гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөх үүргийг хүлээсэн. Гэвч өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчээс энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг захиалагч надад гаргаж өгөөгүй учраас миний хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй миний үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Тухайн орон сууцыг хүлээн авснаас хойш тус компанийн захирал * биечлэн уулзаж болон утсаар холбогдож орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг шаардаж байсан боловч надад танай байрны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай албан бичиг, баримтыг гаргаж өгнөө гэж хэлсээр гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд * намайг Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Нарт хотхон 3, 95/6 байр * тоот 46,62 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Уг гэрээний орон сууц нь Солонгос улсад амьдарч буй хүний захиалга өгсөн байр байсан. *, *т нарт орон сууцгүй болсон байхад нь би тэр хүний орон сууцыг өгч байсан. Харин *, * нар өөрсдийн дураар гэрээнд бичвэр оруулчихсан байна. Гэрээний тоот, дугааруудыг дураараа өөрчилж болохгүй. Урьдчилгаа 60,000,000 төгрөгийг би өөрийн дансаар аваагүй, * данс руу шилжүүлсэн тул үлдэгдэл 30,000,000 төгрөгийг авсан тохиолдолд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзах зүйлгүй. 30,000,000 төгрөгийг авч, Солонгос улсад амьдарч буй хүнд орон сууцыг өгөхгүй бол асуудал үүснэ. Би сайн хууль мэдэхгүй гэхдээ гэрээнд өөрийн дураар бичвэр нэмж болох уу? Гэрээ бол хууль ёсны баримт. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3 хүний данс руу төлбөрийг шилжүүлсэн гэж хэллээ. Миний данс руу мөнгө ороогүй гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хүрээнд гэрээ хийсэн хугацааны үнэ, ашиглалтад орох хугацааны үнийн асуудал үүссэн. Гуравдагч этгээдтэй хийсэн гэрээгээр бол ордер гарах боломжгүй. Төмөрбат нь 30.000.000 төгрөгийг манай байгууллагад 7 дугаар сард шилжүүлбэл ордерыг гаргаж өгөх боломжтой гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх 5-7/, **** ХК-ийн төлбөрийн баримт /хх 8/, * ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9, 12/, * ХК-ийн гүйлгээний баримт /хх 10/, Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга /хх 11/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 13-14/, итгэмжлэл /хх 15/, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 22/, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 28/, Төрийн банк ХК-ийн баримт /хх 29-36/.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 59/.
6. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 159 тоот албан бичиг /хх 46/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр няцаасан.
4. Хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, **** ХК-ийн төлбөрийн баримт, * ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, * ХК-ийн гүйлгээний баримт, Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигчийн хооронд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдаж Баянзүрх дүүрэг * дүгээр хорооны нутаг дэвсгэрт *-иас баригдаж буй А блок 3 дугаар давхарт * тоот хаягт байрлах 46,43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт үнэ 102,124,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож талууд төлбөрийг гэрээний 2.4-т заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон байна.
Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2 Шүүх хуралдаанд хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талууд орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний 2.1-т орон сууцны нийт үнэ 102,124,000 төгрөг байна. 2.4-т захиалагч тал нь байрны төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 42,124,000 төлж, үлдэгдэл болох 42,124,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр төлбөрийн нөхцөлийг гэрээгээр тохиролцсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
4.3 Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ болох 102,124,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 39,000,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12,500,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 8,500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 43,124,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь **** ХК-ийн төлбөрийн баримт, * ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, * ХК-ийн гүйлгээний баримт, Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдсон.
Хариуцагч *-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох * нь шүүх хуралдаанд * данс руу шилжүүлсэн тул үлдэгдэл 30,000,000 төгрөгийг авсан тохиолдолд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээнд * эзэмшлийн **** тоот дансны дугаарыг бичсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдсан өдөр гэрээнд тусгагдсан * эзэмшлийн **** тоот дансанд гэрээний үүрэг болох 39,000,000 төгрөгийг төлж биелүүлснийг буруутгах баримт хэрэгт авагдаагүй болно.
Мөн гэрээний 4.6-д зааснаар хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөхөөр үүрэг хүлээсэн тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.
4.4 Иймд нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол,* байрны * тоот хаягт байршилтай, 46,42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч *-нд даалгах нь зүйтэй.
5. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743.770 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 603,370 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо 14 дүгээр хороолол, 95/6 байрны * тоот хаягт байршилтай, 46,42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч *-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан улсын төсвийн орлогоос 603,370 төгрөгийг, хариуцагч *-иас 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН