| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00426/И |
| Дугаар | 132/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 132/ШШ2024/00451
| 2024оны 11 сар 12 | 132/ШШ2024/00451 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******,*******,*******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,589,000 /таван сая таван зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00426/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Оюундарь,
Хариуцагч Б.Раднаабазар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Оюундарь нь хариуцагч Б.Раднаабазарт холбогдуулан 5,589,000 /таван сая таван зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Батжаргал овогтой Оюундарь нь Батмөнх овогтой Раднаабазартай 2016 онд анх танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас хүү Р.Золбоот нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэндэлсэн. Хамтран амьдарч эхэлснээс хойш гэр бүлийн байнгын хэрүүл маргаантай, хардалттай амьдрах болсон. Үүнээс үүдэн бие биенийхээ зан харилцааг тэсэж тэвчихээ больж 2020 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон.
Анх хүүхэд төрөх үед Б.Раднаабазар нь миний хаягийг Булган аймаг руу шилжүүлээд өөрийнхөө дансанд сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөгийг авдаг болсон. Тусдаа амьдарч эхэлсэн буюу 2020 оны 04 сараас хойш миний хүүхэд Р.Золбоо нь улсаас сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон улсаас олгосон 1072 хувьцааны мөнгийг огт өгч байгаагүй. Дандаа аав нь буюу Б.Раднаабазар авдаг ба үр хүүхдэдээ огт зарцуулдаггүй.
Миний бие 2024 оны 05 сард банкин дээр очиж уулзан аавынх нь Р.Золбоогын хүүхдийн мөнгө ордог дансыг нь цуцлуулж, өөрийн Хас банкны ******* тоот дансанд авдаг болсон. Ингээд 2024 оны 05 сараас хойш миний дансаар хүүхдийн мөнгө ордог болсон.
2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 сар хүртэлх сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон 2022 оны 1072 хувьцааны ноогдол ашиг 104,000 төгрөг, 2023 онд олгосон 1072 хувьцааны ноогдол ашиг 285,000 төгрөг нийт 5,589,000 төгрөгийг Б.Раднаабазар нь хувьдаа авч үр хүүхдэдээ огт зарцуулаагүй байна.
Иймд хариуцагч Б.Раднаабазараас 5,589,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Раднаабазар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Оюундарьтай танилцаж бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Р.Золбоот мэндэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш бид тус тусдаа амьдарсан. 2021 оны 08 дугаар сарын 28-нд уулзаж хамт хоол идэж хүүхдээ тоглуулж нэг өдөр хамт байсан. 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 сар хүртэлх 5,589,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэсгүй байна. Энэ мөнгийг би хүүхдийнхээ ирээдүйг бодож хамаатны ахаасаа мал авч өсгөн үржүүлж байгаа. Энэ тухайгаа Б.Оюундарьд хэлэхэд надад мал хэрэггүй, мөнгө хэрэгтэй гэж дайрч доромжилсон. Хэрэв мөнгийг төлөхөөр бол Б.Оюундарьд бол хэзээч өгч чадахгүй. Хүүхдийнхээ хадгаламжийн дансанд байршуулна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюундарь нь хариуцагч Б.Раднаабазарт холбогдуулан 5,589,000 /таван сая таван зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Б.Раднаабазар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 5,589,000 /таван сая таван зуун наян есөн мянга/ төгрөгийг төлөхийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх эрхийнхээ дагуу хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Б.Оюундарийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Раднаабазарт холбогдох 5,589,000 /таван сая таван зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Раднаабазар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104,374 /нэг зуун дөрвөн мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 104,374 /нэг зуун дөрвөн мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА