Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/266

 

                                                            Д.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Далайхүү, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.З-д холбогдох 2008 02322 0502 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С овгийн Д-н З, ................, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 202/1794 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй;  

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн хажуу талын Хаан банкны АТМ-ын орчим хамт явж байсан иргэн Б.Я-н хувцасны халааснаас нь Хаан банкны виза картыг булааж авч зугтаан, Хаан банкны 5541059305 тоот картнаас нь 2.401.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчим хохирогч Л.О-н “Самсунг А50” загварын гар утас, хос монетон ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 637.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 3.038.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Дүүхээ” худалдааны төв дотор хохирогч Б.От-н “Самсунг А52” загварын гар утсыг халааснаас нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-1” кинотеатрын тоглоомын тасагт үйлчлүүлж байсан Б.Н-н эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын тоглоомын тасгаар үйлчлүүлж байсан Э.Т-н “Realmi Gtneo2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.799.910 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-1” кинотеатрын тоглоомын тасагт үйлчлүүлж байсан Э.Э-н “Iphone-Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зогсож байсан иргэн Б.М-н эзэмшлийн “Iphone Xmax” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Том жүрж” худалдааны төвд иргэн Ц.Б-н эзэмшлийн “I рhone ХR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 915.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зогсож байсан иргэн Э.Д-н эзэмшлийн “Самсунг 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчим иргэн Н.А-н халааснаас “Самсунг галакси-А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын автобусны буудал дээрээс Э.Б-н эзэмшлийн “Iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн гаднах талбайд зорчиж явсан иргэн Г.А-н “Iphone-Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Багшийн дээдийн автобусны буудлын орчим хохирогч Т.М-н эзэмшлийн “Iphone XS” загварын 691.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

12. 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 26 дугаар байрны гадна насанд хүрээгүй Б.А-н халааснаасаа “Iphone 7 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2022 оны 6 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлаас автобусанд суух үед насанд хүрээгүй О.У-н хувцасны халааснаас “Самсунг А-13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 669.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо. Драгон авто вокзалын зогсоол дээр Б.О-н халааснаас “Самсунг А30” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бонита" гэх нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Н-н эзэмшлийн “Iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийтдээ 11.943.310 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Д-н З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 9-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгаж, шүүгдэгч Д.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт шилжүүлэхийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.З-с 9.189.110 төгрөг гаргуулж, 2.401.000 төгрөгийг хохирогч Б.Я-д, 759.200 төгрөг хохирогч Б.О-д, 790.000 төгрөгийг хохирогч Б.Н-д, 1.799.910 төгрөгийг хохирогч Э.Т-д, 740.000 төгрөг хохирогч Э.Э-д, 1.120.000 төгрөгийг хохирогч Б.М-д, 600.000 төгрөгийг хохирогч Э.Д-д, 669.000 төгрөгийг О.У-д, 310.000 төгрөгийг хохирогч Б.О нарт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд шийтгэх тогтоолд дурдсан ихэнх гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин миний гомдолтой байгаа зүйл нь надтай хамт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг энэ хэрэгт давхар татаж, тэдэнд надтай адил ял шийтгэхгүй байгаад гайхаж гомдож байна. Өмнө нь болсон шүүх хурлаар “надтай хамт хэрэг хийсэн хүмүүсийг шалга” гэж хэргийг буцаасан боловч цагдаа, прокурор юу ч хийгээгүй. Тэгээд хэргийн ял хуучин хэвээр нь шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр нь шүүх хурлын өмнө энэ асуудлыг өөрийн өмгөөлөгчид хэлсэн ба өмгөөлөгч маань шүүх хурал дээр энэ тухай хэлсэн. Гэвч улсын яллагч Очирсүрэн нь “З-н хэлээд байгаа хүмүүсийг хайсан боловч олдоогүй” гэж худлаа хэлсэн. Билгүүн гээд 30 орчим насны залуу нь гар утасны хулгайн 4-5 үйлдэлд надтай цуг оролцож байсан. Цагдаа нар бид хоёрыг баривчлах үед Билгүүний шар өнгийн “Аксент” машинаас 3 ширхэг гар утас гарч байсан. Бас хохирогч Л.О-н ээмгийг аваагүй, хараагүй, гар утсыг Баяраа, Жижгээ гэдэг хоёр залуу авсан. Зүгээр л гар утсыг нь надад өгөхөөр нь би хадгалж байтал цагдаа нар Хархорин зах дээр ирээд уг утсыг надаас аваад явсан. Өөр нэг залуу буюу Мөнхбаттай цуг гэмт хэрэг үйлдсэн. Мөнхбат нь 40 орчим насны 40-08 дугаарын машинтай бөгөөд надаар хулгай хийлгэдэг байсан. Өөрөө Хархорин зах дээр байнга байдаг. Хэрэв Мөнхбатыг олж өг гэвэл би цагдаа нарыг дагуулж очоод олоод өгч чадна. Мөн Билгүүний найз Даржаа гээд 30 орчим насны залуутай хамт хулгай хийдэг байсан. Гэтэл Билгүүн бид хоёр цуг байж байгаад цагдаад баригдах үед Билгүүний Төмөр замын цагдаад ажилладаг цагдаа ах нь биднийг барьж авсан 3-4 цагдаагийн нэгэнтэй нь утсаар яриад бүх зүйлийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл тэдгээр 3-4 цагдаа нь Билгүүний машиныг Баруун 4 замын хойно байрладаг “Элба” төвийн хашаанд буюу цагдаагийн байгууллагын хашаанд хонуулсан боловч маргааш нь Билгүүний машинтай цуг шууд явуулж байсан. Тэгээд шүүх хурал болтол цагдаа нар зөвхөн намайг байцааж, бүх хэргийг надад тохсон. Үүнд маш их гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй өөр нэг хэрэг надад байгаа юм. Энэ хэргийн тухай би цагдаа, шүүхэд болон өмгөөлөгчдөө огт хэлээгүй. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр болсон шүүх хурал завсарлах үед цагдаагийн байгууллагын 2 ажилтан ирээд манай өмгөөлөгч Б.Ц-той уулзаж, шинэ хэргийн талаар хэлсэн байсан. Мөн шүүх хурал тарж шүүхээс надад ял оногдуулсны дараа тэр хоёр цагдаа шүүхийн түр саатуулах байранд надтай ирж уулзсан. Тэгээд би тэр хоёрт өөрийн хулгай хийсэн гар утсыг худалдаж авсан ченж залуугийн 95599009 дугаарын утсыг өгсөн. Иймд та бүхэн миний гомдолд бичсэн зүйлүүдийг шалгуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надтай хамт хулгай хийсэн дээрх 7 хүнийг энэ хэрэгт татаж шалгах бололцоогоор хангаж өгнө үү. Мөн сүүлд шинээр үйлдсэн гэмт хэргээ давхар шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.З-н өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.З нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд тэрээр бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй учраас миний бие нь цагдан хорих ангид очиж, бичиж өгсөн. ... Уг хэрэгт миний бие нь анхан шатны шүүх дээр хэрэг ирсний дараа шүүгдэгч Д.З-н өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба тэр үед тэрээр надад “Өмгөөлөгч өө, би энэ хэргээ шүүхээс буцаагаад цагдаа руу явуулмаар байна. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагын ажилтнууд нь миний хулгайн хэргийг, зөвхөн би дангаараа үйлдсэн мэтээр мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Гэтэл би хулгайн хэргүүдээ заримыг нь ганцаараа биш, бусадтай хамтран үйлдэж байсан” гэж хэлсэн. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд албан ёсоор хэлж байсан. Гэвч шүүх хуралдаан даргалагч нь өмгөөлөгч надад “Урьд өмнө нь энэ эрүүгийн хэрэг манай шүүх дээр ирж, шүүгч над дээр хуваарилагдаж байсан, шүүгдэгч З нь яг л энэ үгээ өмнөх шүүх хурлууд дээр хэлж байсан учраас би тухайн үед энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан” хэмээн хэлсэн. Харин прокурор Очирсүрэн нь шүүх хуралдаанд “Шүүгдэгч З-н ярьж байгаа зүйлийг Цагдаагийн байгууллага шалгасан. Өөрөөр хэлбэл З нь өөр этгээдүүдтэй бүлэглэж, тухайн хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж шүүх бүрэлдэхүүнд хариулж байсан. Тиймээс шүүгдэгч Д.З-н хэлж ярьсны дагуу, түүнийг яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргүүдийг ганцаараа эсхүл нэр бүхий этгээдүүдтэй үйлдсэн эсэхийг шалгуулахын тулд хэргийг шүүхээс буцаагаад прокурорт шилжүүлэх гэсэн шүүгдэгч бид хоёрын хүсэл талаар болсон. Гэтэл шүүх хуралдаан эцсийн шийдвэр гаргахаар завсарлах үед, шүүх хурлын танхимаас биднийг гарч ирэхэд, энгийн хувцастай эрүүгийн цагдаагийн хоёр хүн “З гэдэг эмэгтэй дахиад 2-3 хулгайн хэрэг үйлдсэн байна” гэж хэлсэн. ... Тэгээд З-тай биечлэн уулзсан ба түүний хулгайлсан гэх “Iphone 14” загварын гар утсыг нь худалдан авсан, ченж залуугийн гар утасны дугаарыг нь авсан. ... Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд Д.З-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Учир нь, Д.З нь шийтгэх тогтоолд дурдагдсан гэмт хэргүүдийг ганцаараа үйлдээгүй гэдгээ удаа дараа цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудад хэлж, мэдүүлж, хамт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг өгч байсан боловч аль нь ч түүний энэ мэдүүлэг, мэдээллүүдийг хүлээж аваагүй, үл ойшоож байсан. Д.З нь үйлдсэн хэрэгтээ ял шийтгүүлсэн нь шударга ёсонд нийцэж байгаа хэдий ч түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь шийтгүүлэлгүй ял завшиж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн шийтгэх тогтоолд дурдагдаагүй, өөр хэд хэдэн гэмт хэргүүд байгаа болох нь тодорхой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.З нь бусдын эд хөрөнгийг 2 удаагийн үйлдлээр дээрэмдсэн, 15 үйлдлээр хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн. Хохирогч нараас гар утсыг хулгайлсан үйлдэл нь хяналтын камерын бичлэгээр нотлогддог. Өөр бусад хүмүүстэй хамт гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлдэг боловч энэ байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Өмнө нь шүүхээс хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан. Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хамт гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг гэрчээр асуусан. Тэдгээр хүмүүс шүүгдэгч Д.З-тай хамтран тухайн хохирогч нарын гар утсыг хулгайлаагүй гэж мэдүүлдэг. Одоогоор Д.З-г өөр үйлдэлд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол хэрэгт байхгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.З-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр, 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Я-н хувцасны халааснаас нь Хаан банкны виза картыг булааж авч зугтаан, Хаан банкны 5541059305 тоот картнаас нь 2.401.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Л.О-н “Самсунг А50” загварын гар утас, хос монетон ээмэг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 637.000 төгрөгийн хохирол учруулан, 2 удаагийн үйлдлээр нийт 3.038.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр:

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд нийт 15 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.О-д 759.200 төгрөгийн, Б.Н-д 790.000 төгрөгийн, Э.Т-д 1.799.910 төгрөгийн, Э.Э-д 740.000 төгрөгийн, Б.М-д 1.120.000 төгрөгийн, Ц.Б-д 915.000 төгрөгийн, Э.Д-д 600.000 төгрөгийн, Н.А-д 759.200 төгрөгийн, Э.Б-д 600.000 төгрөгийн, Г.А-т 700.000 төгрөгийн, Т.М-т 691.000 төгрөгийн, Б.А-т 390.000 төгрөгийн, О.У-д 669.000 төгрөгийн, Б.О-д 310.000 төгрөгийн, Б.Н-т 1.100.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 11.943.310 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу хохирогч Б.Ядамсүрэн /1 хх 31/, хохирогч Л.О /3 хх 221-222/, Б.О /3 хх 87-88/, Э.Т /2 хх 171-172/, Б.М /1 хх 210-211/, Ц.Б /2 хх 64/, Э.Д /1 хх 244-245/, Н.А /2 хх 104-105/, Г.А /3 хх 33-34/, Т.М /5 хх 105-106/, Б.О /5 хх 54-55/, Б.Н /5 хх 179-180/,

насанд хүрээгүй хохирогч Б.Н /3 хх 173-175/, Э.Э /3 хх 134-135/, Э.Б /2 хх 234-235/, Б.А /4 хх 242/, О.У /4 хх 173/, гэрч Ю.Х /4 хх 121/, Б.Н /5 хх 110/, иргэний хариуцагч Д.М /4 хх 97-99/ нарын мэдүүлэг,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 37-40, 197, 200-202, 2 хх 1-3, 59, 226-227, 3 хх 24, 68, 122-125, 164-168, 4 хх 165-168, 5 хх 46-48/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 хх 41-46, 5 хх 187-193/,  

хохирогч Б.Я-н Хаан банкны дансны хуулга /1 хх 32/,

Эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 228-229, 3 хх 26-28, 215-216, 5 хх 54-55/,

“Дамно” ХХК, “Тэнцвэр эстимэйт” ХХК, “Мастер үнэлгээ” ХХК, “Кости Эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /1 хх 213-214, 2 хх 11-12, 72-73, 111-112, 186-187, 233, 3 хх 40-41, 100-101, 145-146, 231-232, 190, 4 хх 180-182, 5 хх 11-13, 66-68 123-124, 183/, хэрэгт хавсаргасан хяналтын камерын бичлэгийн эх хувь /11 ширхэг сиди/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримт болох Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 948 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.З нь F71 оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн төрөлхийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх Д.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон нараас “... зарим хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй тул нэр бүхий хүмүүсийг нэмж шалгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хохирогчийн мэдүүлэг, түүнийг шууд байдлаар нотолсон бусад баримт болох камерын бичлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргийг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь үндэслэл бүхий байхаас гадна дээрх нотлох баримтуудаар уг гэмт хэргүүдийг шүүгдэгч нь ганцаараа үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, нэр бүхий бусад хүмүүстэй бүлэглэн хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байхаас гадна шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д.З-н үйлдлүүдийг энэ хэрэгт нэгтгэн шалгуулах...” гэсэн гомдлын хэсгийг хүлээн авах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.З нь энэ гэмт хэргүүдээс гадна хулгайлах эсхүл өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэв Д.З нь өөр гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдон тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах”, уг зүйлийн 1 дэх хэсэг “... шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ...”, 2 дахь хэсэг “... шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ...”  гэсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.З нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР