Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 113/2024/0005/з |
Дугаар | 113/ШШ2024/0020 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 113/ШШ2024/0020
2024 06 26 113/ШШ2024/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О (РД:................),
Хариуцагч: ..............,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У нарын хоорондын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг 3 дугаар байр 1- 4 тоотод байх орон сууцны улсын бүртгэлийг Д.О-ын нэр дээр бүртгэхийг Говьсүмбэр аймгийн .............. даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 3-р байр 1- 4 тоотод байх орон сууцны улсын бүртгэлийг Д.О миний нэр дээр бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 190 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц эзэмших эрхийн” 1089 дүгээр бичиг, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 01 дүгээр тогтоол зэргээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-р байрны 1- 4 тоот орон сууцыг өмчлөн авсан байна.
2.2. Д.О нь 2015 оноос БЗӨБЦТС-ТӨХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-р байрны 1-4 тоот орон сууцанд өөрийн зардлаар засвар хийж амьдарч эхэлсэн.
2.3. Улмаар нэхэмжлэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-р байрны 1-4 тоот орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж хандсан.
2.4. Гэвч Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзлын үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэсэн үндэслэлийг дурдсан.
2.5. Нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ............ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа V1902000348 дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-р байрны 1-4 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс....Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Д.О миний бие дээр өмчлөгдсөн Сүмбэр сум 3-р баг, 3-р байр 1-4 тоот орон сууцыг “Арвис Интернэшл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, уг бүртгэл хүчин төгөлдөр байгаа тул Д.О миний нэр дээр бүртгэх боломжгүй гэж үл зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд захиргааны маргаан үүсгэж ............ ХХК-ийн нэр дээрх улсын бүртгэлийн Y1902000348 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан Захиргааны хэргийн шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаар шийдвэрээрээ нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ................... ХХК-ийн нэр дээр Y-1902000348 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 3-р байр 1-4 тоот орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Д.О миний бие Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаар шийдвэрт үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3-р баг 3-р байрны 1-4 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлт гаргасан.
Улсын бүртгэлийн хэлтэс нь эрхийн улсын бүртгэлийн Y-1902000348 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 3-р байрны 1-4 тоот 27 м.кв талбайтай орон сууцны 001078475 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа .............. ХХК-д байгаа, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаартай шийдвэрийн дагуу Д.О таныг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байна гэжээ.
Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 3-р байр 1-4 тоотод байх 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийг Д.О миний нэр дээр бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү... гэх агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс ... эрхийн улсын бүртгэлийн Y1902000348 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-р байрны 1-4 тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай ............... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаартай бүртгэлийг хүчингүй болгосон бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэх талаар даалгаагүй.
Эрхийн улсын бүртгэлийн Y1902000348 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-р байрны 1-4 тоот 27 м.кв талбайтай орон сууцны 001078475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа ............. ХХК-д байгаа, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаартай шийдвэрийн дагуу Д.О-ыг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001078475 дугаартай гэрчилгээ /эх хувь/ болон эрх бүхий байгууллагаас тавьсан хориг сэргээсний дараа бүртгэх боломжтой...гэх агуулгааар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад нийтдээ 17 жил 6 сар ажиллаж байна. Энэ хугацаанд намайг тогтвор суурьшилтай сайн ажилласан гэж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг 3-р байрны 1-4 тоот хоёр өрөө байрыг үнэ төлбөргүй хувьчилж өгөх шийдвэр гарсан. Энэ дагуу өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн байрыг “..............” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна гээд бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Улсын бүртгэлийн хэлтэс “.................” ХХК-ийн нэр дээр тухайн байр бүртгэлтэй хэвээр байгаа тул бүртгэх боломжгүй гэж өдий хүрсэн.
Ингээд миний бие тухайн байрын улсын бүртгэлийг Д.О миний нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно”, 5.5.5-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон”, 5.7-д “Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно” гэж тус тус заасан байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаартай шийдвэрийн дагуу Д.О-ыг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001078475 дугаартай гэрчилгээ /эх хувь/ болон эрх бүхий байгууллагаас тавьсан хориг сэргээсний дараа бүртгэх боломжтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 3-р байр 1-4 тоотод байх орон сууцны улсын бүртгэлийг Д.О миний нэр дээр бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.1. Нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “..................” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй Y1902000348 дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байрны 1-4 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ./Хавтаст хэргийн 7-15 дугаар хуудас/
4.2. Хариуцагчийн гомдлоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2023/0608 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /Хавтаст хэргийн 16-25 дугаар хуудас/
4.3. Ё.П нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.О-т олгосон 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц эзэмших эрх”-ийн 1089 дүгээр албан бичиг, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 01 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагатай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32023/10088 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШТ2024/0025 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас/
4.4. Эрхийн улсын бүртгэлийн Y-1902000348 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-р байрны 1-4 тоот 27.м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн 541 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлөөр хязгаарлаж шийдвэрлэснийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 406 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, мөн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот тогтоолоор “.............” ХХК-ийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хязгаарласан дээрх шийдвэрийг цуцалж шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/
4.5. Дээр дурьдсан үйл баримтуудаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 1-4 тоот 27м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.О-ын өмчлөлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл бүхий байх тул хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.4 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.14, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын Говьсүмбэр аймгийн ................ холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 3-р байр 1-4 тоотод байх 27м.кв орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг нэхэмжлэгч Д.О-ын нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Говьсүмбэр аймгийн .............-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн ................-с 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч , хариуцагч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА