Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2024/00389

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                                                                                                       

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Л.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,400,000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00429/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.М*******тэй 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Б.М******* нь Samsung брэндийн 50 инчийн телевизор 1,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хүн дагуулж ирээд энэ хүнд өртэй гэсэн бөгөөд телевизороо зарж тухайн үед надад тооцоо дуусгасан боловч 3 хоногийн дараа нөгөө телевизороо буцаана гэнээ гээд буцааж тавиад 1,500,000 төгрөгийг бэлнээр авч, тухайн хүнийхээ өрийг дарсан. Хэсэг хугацааны дараа эхнэр бид хоёр утасгүй болчихлоо гээд s23 утас зээлээр авсан. Мөн хоёр удаа зээлээ төлөх гэсэн юм гээд 200,000 төгрөг авсан. ...2024 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй. Иймд Б.М*******эс 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчдын байгуулж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “...Хариуцагч Б.М******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******д холбогдох, 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.М******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******д холбогдох, иргэний хэрэгт хариуцагч Б.М******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 26,675 /хорин зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг Төрийн сангаас, 26,675 /хорин зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ХИШИГДАВАА