Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/267

 

                                                            С.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Г-д холбогдох 2205 02640 2060 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн С-н Г, ............................................. /РД: ...................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67а байрны орцонд байрлуулан тавьсан хохирогч Б.А-н эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт С-н Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-с 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Гэтэл С.Г нь иргэний үнэмлэхний лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, аусүтт гудамжны 0 тоотод оршин суудаг албан ёсны хаягтай бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд 55 настай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тэтгэвэр тэтгэмж, групп тогтоолгох зэрэг хувийн асуудлуудыг хөөцөлдөхөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих хэрэгцээ шаардлага гарч байна. Хэдийгээр шийтгэх тогтоолд бичсэнчлэн биеийн байцаалт хэсэгт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг гэх боловч албан ёсны иргэний үнэмлэхний лавлагааны хаягийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ болон төрийн бусад үйлчилгээг авах эрх үүснэ. Мөн Цамбагарав автобусны буудлын урд тал Баянгол дүүрэгт харьяалагддаг бол Цамбагарав автобусны буудлын ард тал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл рүү очихын тулд заавал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч шийтгэх тогтоолоор хязгаарлаж, хориглосон бүсээр зорчих нөхцөл үүсэж байна. Иймд тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр маршрутыг шинэчлэн тогтоох боломжтой. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67а байрны орцонд байрлуулан тавьсан хохирогч Б.А-н эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-н “... манай охины унадаг дугуйг орцны 15 давхарт түгжээтэй байхад өглөө гаднаас архи уудаг байрын хүн орж ирээд аваад гарч байгаа орцны хяналтын камерын бичлэг байсан. ...” /хх 21/,

гэрч С.Бя-н “... Би тухайн өдөр нөхөр С.Г-н хамт хорооллын байрнууд дундуур явж байтал С.Г “нэг байр луу орчихоод гараад ирнэ, байж байгаарай” гэсэн. Тэгээд би байрны гадаа хүлээгээд зогсож байтал С.Г хэдэн минутын дараа гарч ирэхдээ унадаг дугуй түрээд гараад ирсэн. Би “юун дугуй юм бэ” гэхэд “юу ч биш ээ” гэсэн. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгийг хуулбарласан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “... бичлэгт: ... 67а байрны орцны камерт хар өнгийн малгайтай саарал өнгийн цамцтай хар өмдтэй, цагаан пүүзэн гуталтай 50 орчим насны эрэгтэй ... ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуй барьчихсан лифтнээс гарч ирсэн ... орцноос гараад дугуйг түрээд явж байгааг харуулсан ...” бичлэгийг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлж авсан тэмдэглэл /хх 11-13/,

“Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67а байрны 15 давхарын хяналтын камерын бичлэгийг үзэхэд 40 гаран насны эрэгтэй хүн тухайн байрны орцны 1 дүгээр давхарын лифтнээс хулгайд алдагдсан гэх хүүхдийн дугуйг авч гарч байгаа хяналтын камерын бичлэг авагдсан ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 7/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 34-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргээс явахыг хориглохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс “... Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тэлж, Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.” гэж заасан бөгөөд ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.Г нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсчлэлийг тухайн дүүргийн хэмжээгээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР