Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2024/00391

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.У-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 897,821 /найман зуун ерэн долоон мянга найман зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00461/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.У******* нь “М*******”-тай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1400000479412 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын Монпей телефоны дугаарын Монпей дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. У.У******* нь  уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сарын 3.0% хүүтэйгээр 500,000 төгрөгийн зээл авч, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанп Ц.У*******ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж зурвас илгээж, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан.

Ц.У*******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 520,000 төгрөг, зээлийн хүү 317,641 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,180 төгрөг, нийт 897,821 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.

М******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ц.У*******ээс зээлийн гэрээний үүрэгт 897,821 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.гэжээ. 

Хариуцагч Ц.У******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага 987,281 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь хариуцагч Ц.У*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 897,821 /найман зуун ерэн долоон мянга найман зуун хорин нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.У******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 897,821 /найман зуун ерэн долоон мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг хариуцагч Ц.У******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 13,049 /арван гурван мянга дөчин ес/ төгрөг, хариуцагч Ц.У*******ээс 13,049 /арван гурван мянга дөчин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.ХИШИГДАВАА