Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 132/2024/00408/и дугаарын индеск бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие улсад 34 жил ажилласан. Үүнээс 22 жил төр, төсвийн байгууллагад алба хашсан. 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гарган Сангийн яамаар хянуулан 2024 оны төсөвт нэг удаагийн тэтгэмжээ суулгуулан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолгон ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж буюу шүүх хуралдаан дээр тодорхойлсноор 22.764.000 /хорин хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д*******ийн Б******* нь Булган аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаар захирамжаар Булган аймгийн Төрийн архивын тасгийн даргаар томилогдож, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаар захирамжид Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 5.2. (Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ) гэж зааснаар Д.Б*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 27 дугаар тогтоолоор Д.Б*******ыг Булган аймгийн Төрийн архивын тасгийн даргаар томилсон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/55 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Булган аймгийн Төрийн архивын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Уг албан тушаалын тодорхойлолтод дэс түшмэлийн ангилал буюу ТЗ-7 зэрэглэлд хамаарах ба Төрийн албаны тухай хуулийн 25, 33, 43 дугаар зүйлийг зөрчиж томилогдсон. Д.Б******* нь 2023-2024 онд эрүүл мэндийн шалтгаанаар хэд хэдэн удаа хувийн чөлөө авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т зааснаар уг зөрчлийг арилгах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгч Д.Б*******д нэг удаагийн буцалгүй тусламж олгох хууль зүйн үндэслэлгүй байна“ гэжээ.

3.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Архивын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2021 онд томилогдсон. Төрийн албаны төв зөвлөлийн тогтоолоор хууль зөрчсөн томилгоотой байна чөлөөл гэсэн. Нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлаас болоод чөлөөлж чадахгүй явсаар байгаад 2023 онд түр томилгоог засах шаардлагатай гэсэн учраас 2023 оны 11 дүгээр сард Архивын тасгийн даргаар томилсон. Хууль бус томилгоотой нь хэвээрээ байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Уг захирамжаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгох эсэхийг шийдвэрлэх гэсэн агуулгатай захирамж гарсан. Санхүүгийн тооцооллоор 22,764,000 төгрөг олгохоор байгаа. Хууль тогтоомжийн үндсэн дээр томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр олгохоор журамласан. Боломжгүй байгаа” гэв.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-Булган аймгийн Засаг даргын 2024  оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б\36 дугаар Д.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж /хэргийн 3-р хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4-5-р хуудас/.

6.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 12-13-р хуудас/,

-Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай захирамж хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-Булган аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б\36 дугаар Д.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар /хэргийн16-р хуудас/,

-Албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хэргийн 17-22-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Би 22 жил төр, төсвийн байгууллагад алба хашсан. 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасны дагуу байгууллагын нягтлан, санхүүгийн хэлтсээс Сангийн яаманд хянуулан 2024 оны төсөвт тусгагдсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолгон ажлаасаа чөлөөлөгдсөн тул хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Д.Б******* нь Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/24 дугаартай “Д.Б*******ыг ажилд томилох тухай” захирамжаар Төрийн архивын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

5.2.Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолоор “Төрийн архивын тасгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны “Дэс түшмэл”-ийн ангиллын албан тушаал бөгөөд Д.Б******* нь уг албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу томилогдоогүй” гэх үндэслэлээр Б/24 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Төрийн архивын тасгийн удирдлагыг хуулийн дагуу томилох арга хэмжээ авахыг Булган аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

5.3. Харин Булган аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаартай “Д.Б*******ыг ажилд томилох тухай”  захирамжаар Төрийн архивын тасгийн даргаар томилж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай “Д.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар тус албан тушаалаас нь чөлөөлжээ.

5.4.Д.Б******* нь Төрийн архивын тасгийн “даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч” болон “дарга”-аар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллан, цалин хөлс авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдож байна.

6.Хариуцагч нь нэг удаагийн буцалтгүй тусламж авах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, төсвийн төсөлд тусган, холбогдох байгууллагад хүргүүлснээр уг тусламжийн мөнгө нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны төсөвт тусгагдаж ирсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Байгууллагын төсөвт туссан тооцооллоор 22,764,000 төгрөг байгаа...” гэх  тайлбараар нотлогдов.

7.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, 

8.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Аймаг, нийслэлийн архивын даргыг тухайн шатны Засаг дарга архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө” гэж тус тус заажээ.

9.Харин Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж журмалсан.

10.Хэрэгт цугларсан баримтаар Д.Б*******ыг Булган аймгийн Архивын тасгийн даргын албан тушаалд томилсон мөн аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаартай захирамж нь тус Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай захирамжийг гарах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тодруулбал: Нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилсон тус аймгийн Засаг даргын 2023 оны Б/113 дугаартай захирамжтай холбогдох маргаан үүссэн эсэх, уг захирамжийг хууль зөрчсөн шийдвэр болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан эсэхтэй холбогдох тайлбар, нотлох баримтыг хариуцагч талаас гаргасангүй.

11.Түүнчлэн Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Д.Б*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор холбогдох санхүүжилтийг улсын төсвөөс гаргуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийг Булган аймгийн Архивын тасгийн даргын албан тушаалд томилсон Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаартай захирамжийн хүчин төгөлдөр байдлыг нь хүлээн зөвшөөрч байсныг нотолж байна.

11.Хариуцагч нь Д.Б*******ыг мөн аймгийн Архивын тасгийн даргын албан тушаалд томилсон Засаг даргын шийдвэрийг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх эрхгүй этгээд байх ба нэхэмжлэгчийг “хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй”-г нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 27 дугаартай тогтоол нь Д.Б*******ыг Архивын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/24 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Тодруулбал: Төрийн албаны зөвлөлийн дээрх 27 дугаартай тогтоол нь мөн аймгийн Засаг даргын 2021 оны Б/24 дугаартай захирамжаар Д.Б*******ыг Булган аймгийн Архивын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо “хууль тогтоомжийн дагуу томилоогүй” болохыг нотлох баримт юм.

13.Харин нэхэмжлэгчийг тухайн тасгийн даргаар томилсон Б/113 дугаартай захирамж нь дээрх үйл баримтын дараа гарсан, уг захирамжаар нэхэмжлэгчийг “хууль тогтоомжийн дагуу томилоогүй” болохыг тогтоосон шийдвэргүй тул “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газраас 22,764,000 /хорин хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,   зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 271, 770 /хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай..

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ХИШИГДАВАА