| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00403/и |
| Дугаар | 132/ШШ2024/00399 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 132/ШШ2024/00399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Д.О-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2024/00403/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Д.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Миний бие Булган аймгийн Сайхан сумын Ундрах багт 1990 оноос өнөөг хүртэл мал маллан амьдарч байна. Дүрэм журмын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа бүрдүүлтэл 1996 оны малын А данс байхгүй, 1997 оны А данс байгаа боловч зөрчилтэй байна.
Иймд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04/05 дугаар малчнаар ажиллаж байсныг тодорхойлох боломжгүй тухай тогтоол /хэргийн 4-р хуудас/,
- Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаар тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
- Булган аймгийн Сайхан сумын Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын 1995, 1997-1999, 2005-2007, 2019-2022 оны А дансны лавлагаа /хэргийн 6-12-р хуудас/,
- Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/78 дугаар орон тооны бус зөвлөлийг татан буулгах тухай захирамж /хэргийн 13-р хуудас/,
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Н.Ч*******, С.Г*******, Б.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Онол-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Сайхан сумын Ундрах багт 1990 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд 1996 оны малын А данс байхгүй, 1997 оны А данс байгаа боловч зөрчилтэй тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Нэхэмжлэгч Д.О******* нь Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт 1990 оноос одоог хүртэл мал маллаж байгаа буюу 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь малчны А дансны лавлагаа, Сайхан сумын Ундрах багийн Засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
4.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Сайхан сумын Ундрах багт 1996 оноос 1997 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н******* овогт Д*******гийн О******* /ГЗ69060338/-ийг Булган аймгийн Сайхан сумын Ундрах багт 1996 оноос 1997 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА