Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103

 

“Б- М-” ХХК, “Б- М- Г-” ХХК

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00036/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 668 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Б- М-” ХХК,

                     “Б- М- Г-” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С- Х-” ХХК-д холбогдох

"С- Х-” ХХК-иас бартерын байр болох Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байрны 121 тоот хаягт байрлах 36.51 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 67.543.500 төгрөгийг гаргуулах,

“Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 135 тоот хаягт байрлах 36,51 м.кв талбайтай, орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Б- мортгэйж” групп ХХК-ний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С- Х-” ХХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, хариуцагчийн төлөөлөгч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б- М-” ХХК нь “С- Х-” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр худалдагч тал худалдан авагч тал болох “С- Х-” ХХК нь 250 ширхэг ком лоткиг дагалдах материалын хамт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн нийлүүлж актаар хүлээлгэн өгөх, худалдан авагч тал болох “Б- М-” ХХК нь ком лоткины үнэ 67.500.000 төгрөгийн төлбөрийг Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 121 тоот хаягт байрлах 36.51 м.кв талбайтай 67.543.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартерын нөхцөлөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Худалдагч нь бартерын байрыг хүлээн авахдаа “Б- М- Г-” ХХК-тай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан байрны зөрүү 43.500 төгрөгийг тус компанид төлөхөөр тохиролцсон байдаг. Мөн талууд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22 дугаартай 10 тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт-ийг байгуулан гэрээгээр худалдагч тал нь нэмэлт гэрээний хавсралт №1-т заасан бараа материал нийлүүлж угсарч суурилуулах ажлыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, худалдан авагч нь ажлын хөлсөнд 67.543.500 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 135 тоот хаягт байрлах 36.51 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон.

“Б- М- Г-” ХХК нь бартерын 2 орон сууцыг “С- Х-” ХХК-ий хүсэлтийн дагуу иргэн А.Э-, Г.Б- нартай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хүлээлгэн өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлсэн билээ. Гэвч гүйцэтгэгч тал болох “С- Х-” ХХК нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй болно. “Б- М-” ХХК нь “С- Х-” ХХК-аас бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болсон нь тодорхой болсон тул “Б- М-” ХХК нь гэрээнээс татгалзаж, бартерын байраа шилжүүлэн авах тухай “С- Х-” ХХК-д мэдэгдсэн билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн нотлох баримтуудтай танилцаад нэг бартерын байр болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 121 тоот хаягт байрлах орон сууц нь иргэн А.Э-гийн өмчлөлд шилжсэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн ... тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар тухайн байрны үнэ болох 67.543.500 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд “Б- М-” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагч “С- Х-” ХХК-аас бартерын байр болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 121 тоот хаягт 36.51 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 67.543.500 төгрөг болон 135 тоот хаягт байрлах, 36.51 м.кв талбайтай, 67.543.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан гаргуулан “Б- М- Г-” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С- Х-” ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхболд нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Б- М-” ХХК, “Б- М- Г-” ХХК зэргээс үндэслэлгүй байх нэхэмжилж байна. “Б- М-” ХХК-ий захирал гэх хүн та манайхаас байр аваад хямд зараад манайд лотки комоор нь 350.000 төгрөгөөр хийж өг. Зах зээл дээр 570.000 төгрөг байгаа. Үнэтэй авах бэлэн мөнгө компанид байхгүй учир та надад туслаач гэж уг ажиллагаа эхэлсэн. Эхний байрыг 37 саяд, дараагийн байрыг 50 саяд гэх зэргээр нийт хүлээлгэж өгөх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр. 1-р байр 6 сард, 2 дугаар байр 8 сард хямдаар зарагдсан. Тэгэхээр нийт 87.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг лоткийг хүлээн авах хугацаа болоход инженер, захирал, нярав нар голж шаардлагыг хангахгүй юм байна гэж манай компанийг хохироосон. Ийм учир 87.000.000 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 байрыг Б- гэх захирал хугацаа ойртож байгаа тул хямд зараад ажлаа дуусга би хариуцна гэж хэлж байсан. Эхэлж 150 ширхэг гэж байсан боловч нэмэгдэж 250 ширхэг болж дахин нэг байр нэмэгдэж хямд зарагдсан.

“С- Х-” ХХК Б- М- Г--д хууран мэхлэгдэж байснаа Хангай хотхон 510 дугаар байр 135 тоот байрыг өөрийн ажлаа хурдлуулах учир хямд зар гэж шахаж шаардсан байгаа. М.кв 1.850.000 төгрөгөөр тооцож өгөөд захирал Ц.Баярсайхан хурдлаач, ажлаа эхлүүл хямд өг, 1.200.000 төгрөгөөр өгөөч, ажлаа эхлүүл зөрүүг би хариуцна гэж зөрүүд хохиролд унагааж байна. Мөн хийгдэх ажил нэмэгдэж дахин нэг байр ав, мөн 1.850.000 төгрөгөөр тооцож зөрүүг Б- групп хариуцан хэмээн 47.000.000 төгрөгөөр заруулж Б- групп өөрийн ашгаа бодож эхлүүлсэн билээ. Эхний байр 2017 оны 05 дугаар сарын 12-нд гэрээний дуусах хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-нд Дараагийн байр 2017 оны 07 дугаар сарын 19-нд дуусах хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-нд 41 хоног, 48 хоног зэрэг. Сүүлийн байр болох 135, 121 тоот байр зэргийг Б- групп худалдаж авсан иргэнд саадгүй нэр дээр нь шилжүүлж өгнө гэснээр дээрх 2 иргэн над руу мөнгө шилжүүлсэн байгаа. 121 дүгээр байр 43.812.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. 135 тоот байрыг буцаан гэдэг үндэслэлгүй юмаа. Хэрэв буцаахаар шийдвэрлэвэл 3 дагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Өөрсдөө бид шилжүүлнэ гэж байж мөнгийг миний данс руу хийлгэж өөрт ашигтай байдлаар ажлаа эхлүүлсэн юм. Иймд 135 байрны 47.000.000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нийт 90.812.000 төгрөгийг төлж барагдуулна. Б- групп надаас гуйж байж ажил эхлүүлсэн байгаа. Байрны үнэ 67.543.500 төгрөгийн хийгдэх ажлаа буцааж үнэлж авахдаа 67.500.000 төгрөг манай компаний ашиг нэг талаас 43.500.000 төгрөгийн ашигтай. Б- группын захирал Ц.Б- дуугай ингээд хийчих Б- таны төлөө шатна гэх зэргээр хэлж байсан. Иймд 135 дугаар байрыг буцаан даалгуулах үндэслэлгүй юм. Нийт 90.812.000 төгрөгийг төлөхөд саадгүй. Шүүх бидний хоорондын маргааныг хуулийн хүрээнд зөвтгөж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасныг баримтлан хариуцагч “С- Х-” ХХК-аас 67.543.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б- М-” ХХК-нд олгож, “Б- М-” ХХК, “Б- М- Г-” ХХК нарын гаргасан хариуцагчаас Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 135 тоот хаягт байрлах, 36.51 м.кв талбайтай, орон сууцыг буцаан гаргуулан “Б- М- Г-” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг “С- Х-” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833.390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С- Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 495.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б- М-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс “С- Х-” ХХК-иас 67.543.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин нэхэмжлэгч “Б- М-” ХХК, “Б- М- Г-” ХХК-аас гаргасан хариуцагч “С- Х-” ХХК-аас Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байр, 135 тоот хаягт байрших 36,51 м.кв талбай бүхий орон сууцыг буцаан гаргуулан “Б- М- Г-” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх хүсэлтийг шүүгчид тавьсан боловч шүүгч хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж процесс алдаа гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн 6 дах талын 2 дахь догол мөрөнд бичигдсэн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч “С- Х-” ХХК-ийн хүсэлтээр тухайн орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн үйл баримтыг шүүгч үнэлээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б- М-” ХХК, Б- ХХК-ууд нь хариуцагч “С- Х-” ХХК-нд холбогдуулж, талуудын хооронд байгуулагдсан  2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ”, мөн оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай гэрээний нэмэлтээс татгалзаж, гэрээний төлбөрт бартераар төлсөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Хангай хотхоны 510 дугаар байрны 121 тоот, 2 өрөө орон сууцны үнэ 67.543.500 төгрөг гаргуулах, 135 тоотын 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч “С- Х-” ХХК тус 121 тоот орон сууцыг  бусдад 43.812.000 төгрөгөөр, 135 тоот орон сууцыг 50.000.000 төгрөгөөр тус тус худалдсан тул нийт 93.812.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаж буй талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Гүйцэтгэгч “С- Х-” ХХК гэрээгээр тохиролцсон чанарын шаардлага хангасан 250 ширхэг ком лоткиг нэг бүрийг нь 270.000 төгрөгөөр яаралтай хийхийн тулд нэхэмжлэгчээс бартераар өгсөн маргаж буй 2 орон сууцыг бусдад худалдах зөвшөөрлийг бичгээр хийж өгчээ.

Энэхүү зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч  “Б-” ХХК иргэн А.Э-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, Хангай хотхоны 510 дугаар байрны 121 тоотын 2 өрөө орон сууцыг 67.543.500 төгрөгөөр, мөн иргэн Г.Б-тэй 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, тус байрны 135 тоотын 2 өрөө орон сууцыг 67.543.500 төгрөгөөр тус тус худалдахаар тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нар дээрх 2 орон сууцыг бусдад худалдсан төлбөрөө хариуцагч талд төлсөн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй.

Захиалагч тал гэрээнээс татгалзсан бөгөөд энэ талаар ажил гүйцэтгэгч тал маргаагүй.

Нэхэмжлэгч тал буюу захиалагч гэрээний дагуу  төлбөрт шилжүүлсэн 2 байрны нэгнийх нь үнийг гэрээнд заасан үнийн дүнгээр нөгөөг нь бодит байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 121 тоот байрны үнэ 67.543.500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

Харин 135 тоот байрны өмчлөлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Тухайлбал Бартераар шилжүүлж, бусдад худалдсан гэх Хангай хотхоны 510 дугаар байрны 135 тоот орон сууц нь өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тус  байр нь хариуцагч “С- Х-” ХХК-ний өмчлөл, эзэмшилд шилжиж ирээгүй, бусдын эзэмшилд байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаартай албан бичиг,”Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зардалд шилжүүлсэн байрыг бусдад худалдаж санхүүжилтийг гаргаж авсан үйл баримтыг зохигчид зөвшөөрдөг бөгөөд  харин зарагдсан үнийн талаар, мөн хариуцагч талын өмчлөлд маргаан бүхий байр байхгүй байгаа талаар мэтгэлцдэг.

Аливаа гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан бөгөөд уг хуулийн дагуу талууд өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй.

Ийнхүү буцааж болохгүй тохиолдлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заажээ. Тухайлбал үүргийн гүйцэтгэлийг хүлээж авсан тал буюу ажил гүйцэтгэгч бартерын орон сууцыг бусдад худалдаж  уг худалдан авагч 135 тоот байрны шударга өмчлөгч болсон байна.

Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцыг буцаан гаргуулах захиалагчийн шаардах эрх бусдын өмчлөх эрхээр хязгаарлагдсан байх тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Харин уг орон сууцны зарагдсан үнийг буцаан гаргуулах шаардлагыг шүүхэд гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэртээ талуудын дунд үүссэн гэрээний харилцааг  тодорхойлж баримтлаагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулахаар давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасныг тус тус баримтлан...” гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.670 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                      ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА

                                                                                                           Л.АМАРСАНАА