Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/305

 

                                                             Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Б.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Хонгорзулын бичсэн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар прокурорын эсэргүүцлээр Ц.Ц-д холбогдох 2205 00000 2517 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ц-н Ц, .........................., ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй зочид буудлын гадна хохирогч Г.Б-н эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг 21 Fe” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Ц.Ц-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Хонгорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг тусгасан ба тус бүлэгт заасан гэмт хэргүүдийн төсөөтэй шинж нь гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдгаараа ижил байдаг боловч “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн обьектив тал буюу үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээрээ ялгагдана. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд бүр мөсөн авч, хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй байдаг. Харин залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж, төөрөгдсөний улмаас өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхээ сайн дураараа бүр мөсөн шилжүүлэн өгсөн байдаг ба нэг талаас хохирогч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөхдөө урьдын харилцааны үр дүнд бий болсон нөхцөл байдлыг үнэлэн, түүнд итгэсний үндсэн дээр өгсөн байдаг бол нөгөө талаас, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон, өөрт нь итгэсэн байдлыг ашиглаж, хохирогчийг өөрт нь эд хөрөнгөө шилжүүлэн өгнө гэсэн болзолт санаагаар хандсан байхаар хуульчилсан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Г.Б нь шүүгдэгч Ц.Ц-д өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүр мөсөн шилжүүлээгүй, эд хөрөнгөө авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад тэрээр дур мэдэн эд хөрөнгийг нь хохирогчийн нүдэн дээр түүний зөвшөөрөлгүй, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн үйл баримт тогтоогдсон буюу шүүгдэгч Ц.Ц-н уг хууль бус үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байхад шүүхээс түүний үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан. Хохирогч, шүүгдэгч нар өдөржин хамтдаа явж, архи уусан нөхцөл байдал тогтоогдсон. Шөнө буудалд орсныхоо дараа шүүгдэгч “утсаар чинь ганц яриад өгье” гэж хохирогчид хэлээд авсан. Хохирогч өдөржин хамт явсан учир итгээд гар утсаа өгсөн боловч түүний итгэлийг эвдэж хуурч мэхлэн, авч явсан. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж зүйлчилсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй зочид буудлын гадна хохирогч Г.Б-н эзэмшлийн “Самсунг 21 Fe” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-н “... Би караокед танилцсан залуугийн хамт буудлын доор байрлах караокед орсон. Тэндээ 6 дуу дуулчихаад бид хоёр гарсан. Тэгээд хороололд нэг бааранд ороод тэндээ удаагүй гараад “iLoft” орсон. “iLoft” баарнаас гараад шууд байрлаж байсан буудал руугаа очсон. Буудалдаа ирээд караокед танилцсан залуу “надад гар утсаа өгч байгаач, хүнтэй яриад буцаагаад ороод ирье” гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Би хамт гарсан. Нөгөө залуу утсаар яриад ийш тийш алхаж байгаад булан тойроод зугтаагаад алга болсон. ...” /хх 17-18/

мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-н гэрчээр өгсөн “...Ууж сууж байгаад 03 цагаас өмнө буудалд нь буцаж ирсэн. Тэгээд би гар утсаар чинь яриадахъя гэж хэлж гараад тэр чигтээ яваад гэрээ ирсэн. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлд үзлэг хийсэн “... Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т зочид буудлаас “утсаар чинь яриад эргүүлээд өгье” гэж хэлээд аваад зугтаасан этгээд хохирогчийн байрлаж байсан Тэс нэртэй буудлаас гарч байгааг харуулав. ...” /хх 42-45/ гэсэн тэмдэглэл,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-38/,

“Кости эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 25-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шүүгдэгч Ц.Ц-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх бусдын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Харин хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Г.Б-тэй караокед танилцаад тухайн өдрөө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, хэд хэдэн газраар үйлчлүүлээд буцаж, Г.Б-н буудалласан “Тэс” зочид буудалд очоод улмаар хохирогчийн гар утсыг “ярьчихаад буцаан өгөх” нэрийдлээр авч гарч байгаа хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдлийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг буюу өдрийн турш хамт явж хохирогчийн итгэлийг олсон харилцааг урвуулан ашиглаж, эд хөрөнгө болох гар утсыг нь хэрэглээд буцааж өгөх үнэмшил төрүүлэн авч байгаа идэвхтэй үйлдэл гэж үзэх ба шүүгдэгчийн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг “бусдын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэж гэмт хэргийн шинжийг гүйцэд биш тодорхойлсныг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хонгорзулын бичсэн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хонгорзулын бичсэн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ   

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР