Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э*******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга,

Маргааны төрөл: Шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7,5 хувийн хувьцаа буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бүртгэл хийхийг тухайн байгууллагад даалгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэл хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн компанийн 7,5 хувийн хувьцаа буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бүртгэл хийхийг тухайн байгууллагад даалгуулах гэж тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 95.625 ширхэг хувьцааг иргэн Б.Э*******т шилжүүлэн бүртгэж өгөх тухай хүсэлтийг гаргасан байна.

2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...Таны хүсэлтэд дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Б******* ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б*******н хувьцаанаас 7.5 хувийн хувьцааг Б.Э*******т шилжүүлэхийг Д.Б*******д даалгаж шийдвэрлэсэн байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байна гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

2.3.Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцааж, улмаар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Б.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Иргэн Б.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, мөн өдрийн ******* дугаартай шийдвэрээр Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэхийг хариуцагч Д.Б*******д даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр биелэхгүй, холбогдох этгээд биелүүлэхгүй явсны үр дүнд Б.Э******* миний Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул ийнхүү нэхэмжлэлийг зайлшгүй гаргах шаардлага үүсээд байгаа юм. Мөн ийнхүү шүүхийн шийдвэрээр шилжүүлэхийг даалгасан Б******* ХХК-ийн 7.5 хувийн хувьцаа Б.Э*******ийн нэр дээр бүртгэгдэхгүй байгаагийн улмаас Д.Б нь Б******* ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх замаар өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тоот болон 02 дугаар сарын 10-ны өдрийн тоот, мөн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж, Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******т шилжүүлэн бүртгэж, холбогдох баримтыг ирүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн байдаг.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ үү. гэсэн хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хүргүүлжээ.

Гэвч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг хариуцагч Д.Б*******н оролцоогүйгээр бүрдүүлэх ямар ч боломжгүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагч Д.Б*******д шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Б.Э*******т шилжүүлэхийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр мэдэгдсэн боловч тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсээр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандсан боловч эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Ийнхүү Д.Б*******н шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлэхгүй байгаа хүсэл зоригийн эсрэг авах арга хэмжээг авч чадахгүй явсаар өнөөдрийг хүржээ.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Б.Э******* миний зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цорын ганц арга нь улсын бүртгэлийн байгууллага түүнд ногдох хувьцааг бүртгэх явдал юм. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь бүртгэх ажлаа хийхгүй буюу шүүхийн шийдвэрээр даалгасан Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Хууль зүйн үндэслэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ. гэж заасан.

Мөн шүүхийн шийдвэрийн хүрээнд улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2024/00 дугаартай тогтоолын 26 дахь хэсэгт ...Шүүх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзсэн бол энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх боломжгүй Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуульд заасны дагуу заавал даган биелүүлэх учиртай. ...Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай... гэж шүүхийн шийдвэр маргааны зүйл болохоос урьдчилан сэргийлэх үүднээс тодотгон тайлбарласан байна.

Ийнхүү Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн хийх ёстой улсын бүртгэлийн ажлаа хийхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхийг тухайн байгууллагад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах зайлшгүй шаардлага байгаа юм.. гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талын төлөөлөгч хэлж байна. Д.Б*******г албадан авч ирээд гарын үсгийг нь зуруулаад хурлын протоколыг нь тэмдэглүүлчихвэл ерөнхийдөө бүртгэнэ гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгчээс Д.Б*******д 7,5 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлнэ үү гэж удаа дараа албан тоот явуулсан байдаг. Д.Б******* эс үйлдэхүй зөрчсөн гэж торгох арга хэмжээ хүртэл авсан байдаг. гэв.

 

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэрийн тухайд 2022 оны 5 дугаар сард гарч, шийдвэр биелэгдэхийг хүлээсээр 3 жилийн нүүр үзээд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, улсын бүртгэл хоёрын хоорондын хуулийн хэрэглээний зөрүүтэй байдлаас болж өдий хүртэл тухайн шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, Үндсэн хуулиар олгосон иргэний эрх ашиг, захиран зарцуулах эрх хөндөгдөөд хангагдахгүй явж байна. Шүүхийн шийдвэр хүнд даалгаснаас үл хамааран биелэгдэх ёстой. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хийнэ гэж заасан. Улмаар бүртгэлийг хийлгэх гээд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Б.Э*******ээс удаа дараа хүсэлт гаргаад явдаг.

Боломжгүй гэдэг хариуны тухайд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаарай гэж хэлдэг. Бүрдүүлбэрийг хангах гэхээр Б.Э*******ээс өөрөөс нь үл хамааран бүртгүүлж, бүрдүүлэх хууль зүйн болоод бодит боломж олддоггүй. Д.Б******* гэдэг хүн өөрөө эс үйлдэхүй үзүүлээд, хүсэл зориг гаргаад Б.Э*******тэй холбоотой хурлын шийдвэрүүдийг гаргаж өгдөггүй. Иймээс Б.Э******* улсын бүртгэлийн байгууллага буюу бүртгэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад нь хандахаас өөр аргагүй байдалд хүрч байна. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э******* өөрөө бүртгэхгүй байгаа тул бүртгэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байцаагчтай очиж уулзсан байдаг. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай бичгээр татгалзсан хариу өгсөн. Бүртгэх ёстой байтал өөрөө бүртгэхгүй байгааг бидний зүгээс хууль бус байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Бид өмчлөгчтэй холбоотой, үл хөдлөх хөрөнгө байснаас үл хамааран эд хөрөнгийн эрхийн өмчлөгчтэй холбоотой Улсын дээд шүүхийн тогтоолын тайлбарыг ойлгож байгаа. Тайлбар өөрөө эд хөрөнгө гэж авч байгаа боловч тайлбарын явцад буюу энэ асуудалд бүртгэх эсэх асуудал өөрөө маргааны зүйл болох ёсгүй. Үүнд зөвхөн үл хөдлөх хөрөнгийг онцгойлон авч үзсэн гэж харж байна. Хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдлыг тогтоох, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн тайлбарласан тогтоол гардаг гэж ойлгодог. Энэ агуулгаараа Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тогтоол гарсан гэж ойлгож байна. Үүнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол маргах ёсгүй гэж тайлбарлаж байгаа. Энэ нь өөрөө маргааны зүйл болж цаашид үргэлжлэх ёсгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол шүүхийн шийдвэрт үндэслэж эд хөрөнгийн улсын бүртгэлийг бүртгэх ёстой гэдэг агуулгаар тайлбар хийсэн. Тийм учраас энэ хууль хэрэглээний нэгдмэл байдал, хуулийг нэг мөр ойлгох хүрээнд гарсан Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарын хүрээнд тус асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2-т хоёрдмол агуулгагүй нэг агуулгаар бичигдсэн. Тэрнээс биш хэнд даалгасан, ямар агуулгаар гарсан гэж заагаагүй. Хэрвээ улсын бүртгэлийн байгууллагад даалгавал эд нар бүртгээд байдаг. Даалгахгүй буюу тухайн иргэнд даалгаж байгаа бол бүртгэхгүй гэдэг ийм агуулга байж болохгүй гэв.

 

3.4.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Б.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, ******* дугаартай шийдвэрээр Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэхийг хариуцагч Д.Б*******д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан, үүрэг болгосон заалт байхгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг улсын бүртгэгч авч, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэдэг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсэгт Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах талаар улсын бүртгэгчийн эрх, үүрэгт заасан.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, Хууль зүйн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 5.2.1 дэх хэсэгт Баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхээс татгалзана гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл Б******* ХХК-ийн 7.5 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Э*******ийг бүртгэхээр иргэний хэргийн 3 шатны шүүхээс гаргасан шийдвэрээс өөрөөр бүрдүүлсэн баримт бичиггүй. Тус компанийн шинэчилсэн дүрэм, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг, компанийн үйл ажиллагаа, хаяг, удирдлагын талаар зохицуулсан эх нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй юм.

Иргэн Д.Б*******н Б******* ХХК-д эзэмшиж буй хувьцаанаас 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газар даалгах нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүлээн зөвшөөрнө. Улмаар бүх нийтээрээ, иргэн, хувь хүн, байгууллага, төрийн байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул дэмжиж байна. Хуулийн этгээд гэдэг өөрөө хуулиар тодорхойлогдсон эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага. Эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллагыг ямар бичиг баримтууд бүрдүүлж байгуулах вэ, яаж өөрчлөх вэ гэдгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар заасан. Шүүхийн шийдвэрээр энэ байгууллагын өмчлөгч гэдгийг бүртгээд явдаг процесс практикт байхгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлээ хийнэ. Хийхдээ хамгийн гол нь өмчлөлтэй холбоотой бусад эзэмшигч нар болоод хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг шинэчилсэн нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй гэж үзэж байна. Хэрвээ бүрдүүлбэр хангасан бол өнөөдөр бүртгэлийн байгууллага бүртгэл хийхэд бэлэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тус компанид бүртгэл хийгдсэн. Д.Б******* гэдэг хүн өөрийн хүүхдүүдээ 20%-аар буюу 4 хүүхдэдээ 80%-ийн хувьцаагаа шилжүүлсэн. Тэгэхээр хүүхдүүддээ шилжүүлэхээр болоод байдаг эхнэртээ шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлэхээр болохгүй болчихдог. Улмаар Д.Б******* өөрөө шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа нь хамгийн том зүйл юм. Албадан авчирч, суулгаж байгаад энэ компанийн дүрэмд холбогдох бүрдүүлбэрийг хангуулсан бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой. Энэ бүрдүүлбэрийг хангаж байж Б.Э*******ийн эрх ашиг, өмчлөлийнх нь асуудал яригдах учраас бүрдүүлбэр хангаж бүрдүүлэх шаардлагатай байна.

Мөн Б.Э******* биднийг авлигал авсан гэж харддаг. Компанийн дүрмээр хэзээ яаж ногдол ашиг авах уу гэдэг нь нотлогддог. Улмаар тус шийдвэр гол баримт учраас байхгүй бол бүртгэхгүй. Шүүхийн шийдвэрийг бүх хүн биелүүлэх үүрэгтэй, улсын бүртгэл байгууллага хүртэл биелүүлнэ, биелүүлэхдээ холбогдох үндсэн нотлох баримтыг хангаж шийдвэрлэнэ гэж заасан. Хэрвээ санаатайгаар биелүүлэхгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн байгууллага албадан авчирч гарын үсэг зуруулж болно. Д.Б*******н хувьд хаана юу хийж байгаа талаар бүртгэлийн байгууллагын ажилтан мэдэхгүй. Бүртгэлээ хаана ч хийлгэх эрх нээлттэй байдаг. Иймд бүрдүүлбэрийг хангаж өгөх шаардлагатай.

Хоёрдугаарт бүртгэгч нарыг үүрэг чиглэлээр хангаагүй. Д.Б*******н хурлын шийдвэр ямар шатандаа явж байгаа талаар тодорхойгүй. Манайхаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг баримтыг бүрдүүлнэ үү гэж хэлдэг. Бусад баримтууд бүрдэх юм бол бүртгэл хийхэд татгалзах зүйлгүй. Журамласан зүйл байхгүй тул бусад зүйл хаягдаад байдаг. Өмнө нь бүртгэл хийхэд болоод байдаг мөртлөө одоо болохгүй байна. Өмнөх асуудлын тухайд бүртгэлийн байгууллага тус асуудлыг тодорхойгүй гэж үзэж байна. Бүртгэлийн байгууллагын ажилтан бүрдүүлж ирсэн баримтад үндэслэж бүртгэлээ хийж байгаа болохоос биш нэгдсэн компанийн асуудлыг мэдэхгүй. Хуулийн 8.2 дах заалтын дагуу хувьцаа эзэмшигч мөн гэж үзвэл бүртгэлийг шууд хийж байгаа. Хийхдээ холбогдох баримт материалыг бүрдүүлж хийнэ. Компани нь хурлаа хийхгүй бол Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан тохиолдолд шууд бүртгэж байгаа. Дараа нь маргаан гарвал үргэлжлээд явна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935,625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэл хийхийг тухайн байгууллагад даалгуулах гэж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

3.Иргэн Б.Э*******ээс Д.Б*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хэд хөрөнгөөс ногдох хэсэгт 500,000,000 төгрөг гаргуулах, Б******* ХХК-ийн 16.6 хувь буюу 2079 ширхэг хувьцааны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэхийг хариуцагч Д.Б*******д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б******* ХХК-ийн 9.1 хувь буюу 1.143.375 ширхэг хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор Д.Б*******н гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.Д.Э*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай захирамж, 2806 дугаартай гүйцэтгэх хуудсаар тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн.

6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгээр Д.Б*******д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр хувьцаа эзэмшигч бусад гишүүд гадаад улсад байгаагаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах боломжгүй байгаа гэх шалтгаанаар Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэх шийдвэрийг биелүүлээгүй байна.

7.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Д.Б*******эс Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг гаргуулан Б.Э*******т олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Д.Б*******н эзэмшиж буй 14.99 хувийн хувьцааны 7.5 хувийг Б.Э*******ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж, холбогдох баримтыг ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдэгджээ.

8.Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлэхийг хариу мэдэгдсэн байна.

9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тоот, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот албан бичгүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангах зохицуулалт нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариу ирүүлэхийг дахин мэдэгджээ.

10.Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдүүлбэр шаардлагатай, тиймээс хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудыг оролцуулан холбогдох баримтыг бүрдүүлэн Б******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулан бүртгүүлэх талаар хариу хүргүүлжээ.

11.Нэхэмжлэгч Б.Э*******ээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг өөрт нь шилжүүлэн бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой болохыг дурдаад хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн байна.

12.Хоёр.Хууль хэрэглээний тухайд

13.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийг хувьцааг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан үндэслэлээ шүүхийн шийдвэрээр Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэхийг хариуцагч Д.Б*******д даалгаж шийдвэрлэсэн, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийхийг даалгаж шийдвэрлээгүй тул шууд хувьцааг шилжүүлэн бүртгэх боломжгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлага тавигдана гэж тайлбарладаг.

14.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах шаардлага буюу баримт бичгийн бүрдлийг заажээ.

15.Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам журмын 8.2.2, 8.2.4-т зааснаар хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гишүүн, хувьцаа эзэмшигчийн хувь, гишүүний хувь хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулжээ.

16.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дээрх журмын 8.3-т заасан баримт бичгийг бүрдүүлбэрийг хангах бөгөөд агуулгаараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг тодорхойлсон байна.

17.Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж тодорхойлон заасан.

18.Өөрөөр хэлбэл, шүүх хэнд шийдвэрийг биелүүлэхийг даалгаснаас үл хамааран тухайн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, шаардлагатай тохиолдолд энэхүү шинж нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаагаар хийгдэх бөгөөд шүүхийн шийдвэр хандсан этгээддээ зайлшгүй эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх нөхцөлөөр илэрнэ.

19.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн шийдвэрээр Д.Б*******н эзэмшдэг Б******* ХХК-ийн хувьцааны 15 хувийн эрхээс 7.5 хувийг Д.Э*******т шилжүүлэхийг хариуцагч Д.Б*******д даалгасан буюу улсын бүртгэлийн байгууллагад даалгаагүй тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангасан байх шаардлага тавигдана гэдэг үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус байна.

20.Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх журмыг тусгайлан заажээ.

21.Тодруулбал, хууль тогтоогч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг хуулийн 8.2 дахь хэсэгт тусгайлан заасан байх бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдлийн шаардлага тавигдахгүй, ердийн журмаар хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах энэхүү хуулийн зохицуулалт хамаарахгүй.

22.Энэ маргааны хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Э*******т шилжүүлэхийг Д.Б*******д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч Д.Б******* шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хандаж байсан, мөн нэхэмжлэгч Д.Э*******ээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн нэр дээр 7.5 хувийн хувьцааг шилжүүлэн бүртгэх хүсэлтийг гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

23.Иймд Улсын бүртгэлийн ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчим, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шүүх, арбитрын хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн тусгайлсан журмаар бүртгэл хийх зохицуулалтын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, шүүхийн шийдвэр албан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох бусад баримтуудыг үндэслэн Д.Б*******н эзэмшлийн Б******* ХХК-ийн хувьцаанаас 7.5 хувь буюу 935.625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр улсын бүртгэлийн байгууллага шилжүүлэн бүртгэх үүрэгтэй байна.

24.Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэр шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935,625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн 7.5 хувь буюу 935,625 ширхэг хувьцааг Б.Э*******ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ