| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01703/И |
| Дугаар | 102/ШШ2024/02242 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/02242
| 2024 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/02242 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Бодь цамхаг барилга, * давхар, * тоотод байрлах, *ХХК /рд:6434207/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 байр, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 613,018.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Алсу хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.*ад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: * ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр * тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Д.* 549,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, сар бүрийн 05-нд эргэн төлөлт хийгдэж байхаар /Samsung galaxy AO25 хар өнгийн гар утас/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Д.* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 2-р сарын 29-ний өдрийн байдлаар түрээслэгч Д.* үндсэн зээл 387,880.03 төгрөг, үндсэн хүү 180,666.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,971.60 төгрөг, нийт лизингийн төлбөр 604,518.54 төгрөгийн үлдэгдэлтэй, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 613,018.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар /хх 6-8/, Бэст электрониксийн нэхэмжлэх /хх 8/, Зээлийн тооцооллын хүснэгт /хх 9/,
4. Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна гэж тайлбарласан.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч Д.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч * ХХК болон хариуцагч Д.* нар * дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээгээр хариуцагч Д.* нь нэхэмжлэгчээс 549,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр төлөх, түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйл болох Samsung galaxy A02S хар өнгийн гар утсыг өмчлөх эрх түрээслэгчид буюу хариуцагчид шилжихээр тохиролцсон байна.
Талууд дээрх гэрээг Санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч * ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч Д.*аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 387,880.03 төгрөг, үндсэн хүү 180,666.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,971.60 төгрөг, нийт лизингийн төлбөр 604,518.54 төгрөгийн үлдэгдэлтэй, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 613,018.54 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн ...2024 оны 2-р сарын 29-ний өдрийн байдлаар түрээслэгч Д.* үндсэн зээл 387,880.03 төгрөг, үндсэн хүү 180,666.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,971.60 төгрөг, нийт лизингийн төлбөр 604,518.54 төгрөгийн үлдэгдэлтэй, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 613,018.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан * дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.4-т ...* компани нь барааны нийт үнийн дүнгээс нийлүүлэгчийн шимтгэл 5,490 төгрөгийг суутган 533,510 төгрөгийг нийлүүлэгчид шилжүүлнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Д.*тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Samsung galaxy A02S хар өнгийн гар утасны төлбөрт 549,000 төгрөгийг Бэст электроникст шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, гэрээний улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Д.*аас нийт 613,018.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*аас 613,018.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*аас 19,041 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН