Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/289

 

 

 

 

 

 

      2023            3           14                                         2023/ДШМ/289

 

 

       Б.Нд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг /цахим сүлжээгээр/,

хохирогч Н.Б,

яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Ш.Т,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1982 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Нд холбогдох эрүүгийн 1911005860200 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б Н, ....... оны ...... дүгээр сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, интериер дизайн мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, .................. тоотод оршин суух, /РД: ................./,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Яллагдагч Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Н.Б.с “250.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа, үүний тулд барьцаанд байгаа байр чөлөөлөх хэрэгтэй байна, 2 хоногийн хугацаатай зээлээч” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор бэлнээр 88.000.000 төгрөгийг, мөн өдрөө өөрийн нэр дээр Хаан банкны .......... дугаарын данснаас 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “ээж маань бөөрний хагалгаанд орохоор болчихлоо, эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж хуурч 55.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ............ дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 165.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “.............” ББСБ-ын хүмүүстэй яриад Г.М...........ийн нэр дээрх 130.000.000 төгрөгийн зээлийг 120.000.000 төгрөгөөр тохирчихлоо” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Т.............оос 2 удаагийн үйлдлээр нийт 120.000.000 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан,

хохирогч О.Э........д “хямдхан байранд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна 30.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ZHU” шөнийн клубын хажууд талын пабад 6.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тү лэ жүр” нэртэй дэлгүүрт 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн хажууд 3.000.000 төгрөгийг хохирогч О.Э.......ээс тус тус залилан авч нийт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудлын баруун талдын “.......”-д Хаан банкны интернет банкнаас ............ дугаарын данс руу, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6.200.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг хохирогч Г.Б нь “..................” ХХК-ийн хүүшийн аманд баригдаж байсан барилга буюу ажил дээрээ байхдаа интернет банкаар шилжүүлж, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөг, нийт 10.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “материал авах гэсэн санхүүжилт орж ирээгүй байна, та мөнгө зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Г.А.........ийн шилжүүлсэн 75.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны 21 тоотод байрлах 194 мкв байр, уг байрны зоорийн давхарын 42 тоот хаягт байрлах 18 мкв авто зогсоолыг тус тус худалдаж өгнө гэж амлан, худалдах худалдан авах гэрээ байгуулж, ББСБ-д барьцаанд байсныг өөрөөсөө 130.000.000 төгрөг төлж чөлөөлөн авах байдлаар өөрийн нэр дээр шилжүүлэн авмагц бусдад 330.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, хохирогч О.Э..............ыг хуурч, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсны улмаас 270.000.000 төгрөгийн буюу ноцтой их хэмжээний хохирол санаатай учруулсан, нийт 6 хохирогчид 681.250.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн М.Э.........тай маргалдаж, улмаар цохих, хагархай шилээр зүсэх зэргээр биед нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, 2 гарын долоовор хуруу, зүүн бугуйнд зүсэгдсэн шарх, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна...” гэж,

2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтын явуулж болно...” гэж тус тус заажээ.

Хохирогч Н.А...........ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт “... Энэ асуудлаар би өөрөө 2021 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, одоо уг хэргийг мөрдөгч д/ч Д.Оргил хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, шалгаж байгаа, энэ мөнгөнөөс 100.000.000 төгрөгийг буцааж авсан, бусдыг нь аваагүй, ...хэргүүдийг нэгтгэж шалгуулмаар байна, нэгтгэж болохгүй гэсэн учраас яах учраа олохгүй, мэдэхгүй 3 газар тусад нь шалгаад байгааг ойлгохгүй байна...” /6хх 202/ гэсэн мэдүүлэгтэй холбоотой хаана, цагдаагийн аль байгууллагад яллагдагч Б.Нд холбогдуулан гомдол гаргасан, уг гомдол ямар шатандаа байгаа, хэрэг бүртгэлтийг хэрэг нээсэн эсэх, нээсэн бол хэрхэн шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болгосон, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эсэх, энэ хэрэгт хамааралтай, хамааралтай бол нэгтгэх эсэх асуудлыг нэг мөр шалгаж, мухарлаж шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.

Яллагдагч Б.Нийг нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 681.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч Б.Нийн дээрх 6 удаагийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай, хүмүүсээс авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан, зарцуулдаг, өнгөрсөн хугацаанд яллагдагч нь хаанаас ямар санхүүжилтээр ажиллаж, амьдарч байсан талаар шалгаагүй орхигдуулсан, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасантай холбоотой О.А.......гийн ургийн овог, эцгийн нэр болон өөрийн нэрийг буюу биеийн байцаалтыг тодруулах зорилгоор гэрчээр мэдүүлэг авахуулах, өөрөөр хэлбэл, 6хх 216 талд авагдсан түүний биеийн байцаалтад ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг зөрүүтэй, буруу бичсэн бөгөөд энэ талаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон өмгөөлөгч нарын санал үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэв.

Мөн прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой болгох, хохирогч Н.Б.д хэдэн төгрөгийн хохирол учирснаас хэдэн төгрөгийн хохирол төлөгдөж, одоо үлдэх хохирлын хэмжээ хэд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нийт төлөгдөх хохирол зэрэг нь зөрүүтэй байх тул хэн гэдэг хохирогчид хэдэн төгрөгийн хохирол төлөхийг хохирогч тус бүрээр гаргаж ирүүлэх нь ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд яллагдагч Б.Нд холбогдох эрүүгийн 1911005860200 дугаар хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Нандинцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1600 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэт явуулж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Б.Нд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бүх хэргийг нэгтгэн авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд яллагдагч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон бусад нотлох баримтгүй байхад яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн хэргийг шалгах нь үндэслэлгүй.

Яллагдагч Б Н-ийг бусад дүүрэг, орон нутагт гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар лавлагааг авч холбогдох хэргүүдийг нэгтэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байтал шүүгдэгч Б.Нийн зүгээс ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад түүний мэдүүлэгт үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд хэрэв шүүгдэгчийн мэдүүлсэн дээрх үйлдлийн талаар хохирогч гомдол гаргаж шалгуулсан тохиолдолд хуульд зааснаар нэмж нэгтэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой юм.

Хохирогч Н.А-ээс гаргасан 340.000.000 төгрөгийг залилуулсан гэх дээрх хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1506 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь 6хх 117-119 талд авагдсан байна.

Мөн яллагдагч Б.Н нь нийгмийн даатгал тогтмол төлж, түүний нэр дээр “........” гэх хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг болох нь 6хх 165-168 талд авагдсан байгаагаас үзэхэд яллагдагч Б.Н нь гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрт болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас гэрч А..гийн биеийн байцаалт зөрүүтэй, дахин асуулгаж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж маргасан бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг хэрэг нэгтгэн шалгах, гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг шалгах гэсэн хоёр үндэслэлээр буцааж, яллагдагч болон өмгөөлөгч нараас гаргасан бусад хүсэлтийг хангахгүй орхисон гэж тайлбарласан.

Гэвч шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1982 дугаар захирамжид гэрч А...ийг дахин асуух, хохирогчид учирсан хохирол зөрүүтэй гэж хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй, мөн шүүхийн шийдвэрт уншиж сонсгоогүй асуудлыг захирамжид тусгасан, Б.Нийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөгчийн хохирол бодсон хохирлын тооцоо /5хх 90/, прокурорын яллах дүгнэлтийн хавсралт зэрэгт тодорхой дурдсан байхад хохирлын тооцоог гаргах гэж нэг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1982 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Ш.Т... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Нд холбогдох хэрэгт хэрэг биш зүйл байгаа. Алтанцэцэг гэдэг хүн энэ хэрэгт 3 янзаар оролцдог ба Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн шалгагдаж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн цагдаад өгсөн нь хэрэгсэхгүй болсон. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг удааширч, цаг их авч байгаа. Хохирогчийн эрх маш их зөрчигдөж байна. Надад нийт 169.500.000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдөөд одоо 65.000.000 төгрөг үлдсэн байгаа. Б.Н саяхнаас мөнгөө төлж эхэлж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Нд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурьдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах ...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс хохирогч Н.А-гийн мэдүүлэгтэй холбоотой хаана, цагдаагийн аль байгууллагад яллагдагч Б.Нд холбогдуулан гомдол гаргасан, уг гомдол ямар шатандаа байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэх, нээсэн бол хэрхэн шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болгосон, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эсэх, энэ хэрэгт хамааралтай, хамааралтай бол нэгтгэх эсэх асуудлыг нэг мөр шалгаж, мухарлаж шийдвэрлэх,

яллагдагч Б.Нийг нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 681.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж байгааг шалгах, хүмүүсээс авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан, зарцуулдаг, өнгөрсөн хугацаанд яллагдагч нь хаанаас ямар санхүүжилтээр ажиллаж, амьдарч байсан талаар шалгаагүй орхигдуулсан, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийх,

хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасантай холбоотой О.А-гийн ургийн овог, эцгийн нэр болон өөрийн нэрийг буюу биеийн байцаалтыг тодруулах зорилгоор гэрчээр мэдүүлэг авахуулах,

прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой болгох, хохирогч Н.Б-д хэдэн төгрөгийн хохирол учирснаас хэдэн төгрөгийн хохирол төлөгдөж, одоо үлдэх хохирлын хэмжээ хэд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нийт төлөгдөх хохирол зэрэг нь зөрүүтэй байх тул хэн гэдэг хохирогчид хэдэн төгрөгийн хохирол төлөхийг хохирогч тус бүрээр гаргаж ирүүлэх гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоно” гэж тус тус заасан ба ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Яллагдагч Б.Нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өөр хэрэг байгаа эсэх, тухайн залилах гэмт хэргийг үйлдэж олсон мөнгийг юунд зарцуулсан, амьдарлын эх үүсвэр болгосон эсэх болон хохирлыг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1982 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1982 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ