Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2024/00412

 

 

 

 

2024 10 10

132/ШШ2024/00412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00497/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Д.Б******* нь 1964 онд Булган суманд төрсөн. 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан.

Цэргээс халагдаж ирээд ОСНАА-н 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл УАЗ-452 автомашины жолоочоор, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Өлзийт хорооллын НАААҮ-ийн комбинатад жолоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/ жолоочоор тус тус ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/ жолоочоор ажиллаж байх хугацааны 1995 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлсөн тушаал архивт байхгүй зөрчил үүссэн.

Иймд намайг Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/-т 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай тушаал, ажилчдын нэрсийн жагсаалт /хэргийн 6-7-р хуудас/,

Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, ажилчдын нэрсийн жагсаалт /хэргийн 8-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цалингийн цэсний лавлагаа /хэргийн 9-р хуудас/.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ц.Д*******, Д.М******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/-т 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Д.Б******* нь Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/-т 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь цалингийн цэсний түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, ажилд томилсон тушаалууд, гэрч Ц.Д*******, Д.М******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/-т 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Д*******гийн Б*******ыг Булган аймгийн Тээврийг удирдах газар /8-р баазад/-т 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА