Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02243

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02243

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрин хороолол, * сургуулийн байр, * НҮТББ /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоот хаягт оршин суух, * овогт * * /рд:ЧР54102609/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,569,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбат,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Амартуяа хөтлөв.

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г.*гоос 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуульд * нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцаад шилжсэн. Сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр нь 4,900,000 төгрөг бөгөөд суралцагч * сургалтын төлбөрт дараах хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Үүнд: 2019-2020 оны хичээлийн жилд анхны элсэгчийн 10% хөнгөлөлт, мөн суралцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу 30% хөнгөлөлт, нийт 40% буюу 1,960,000 төгрөгийн хөнгөлөлт, 2020-2021 оны хичээлийн жилд ковидын үеийн хөнгөлөлт 5% буюу 220,500 төгрөгийн хөнгөлөлт, 2021-2022 оны хичээлийн жилд хагас улирал суралцсан тул төлбөрийн 50% буюу 2,450,000 төгрөг тус тус хөнгөлсөн. Суралцагч * 2019-2021 онд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жилд хагас улирал суралцах хугацаандаа төлбөл зохих 10,069,500 төгрөгөөс 2019.09.04-ний өдөр 500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ба үлдэгдэл нь 9,569,500 төгрөгийг төлөөгүй, төлбөрийн үлдэгдлийг суралцагчийн асран хамгаалагч Г.*той төлж барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд * * сургуульд суралцсан хугацааны сургалтын төлбөрийн үлдэгдэл нийт 9,569,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4, 26/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургууль НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын 17 дугаар Үндсэн ажилтнаар авч ажиллуулах тухай тушаал /хх 6/, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх /асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ №СГ/277/21 тоот /хх 7-9/, Г.*гийн Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн захиргаанд өргөдөл бичих учир нь /хх 10/, Г.*гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 11/, Суралцагчийн төлбөрийн тооцооны хуудас /хх 12/, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургууль НҮТББ-ын * тоот тодорхойлолт /хх 21/, Нийслэлийн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн * тоот албан бичиг /хх /, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургууль НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын 13 дугаар тушаал /хх 27/, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургууль НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын 11 дугаар тушаал /хх 28/, Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалагч/-тэй байгуулах 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ №105/19г /хх 29-30/, Батбилэгийн ээж Одбаярын * дунд сургуулийн ТУЗ-д хүсэлт гаргах нь /хх 31/

 

4. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуульд * нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцаад шилжсэн гэж тайлбарласан.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

Хариуцагч Г.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 30ы өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Ерөнхий боловсролын * сургууль болон хариуцагч Г.* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх /асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ, мөн Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалагч/-тэй байгуулах 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ тус тус авагджээ.

 

Дээрх гэрээнүүдээр Одбаярын Батбилэгийг 2019-2020 оны хичээлийн жилд * сургуулийн 9а дугаар ангид элсүүлэн сургах, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 4,900,000 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд мөн сургуулийн 11а дугаар ангид элсүүлэн сургах, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 4,900,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн №* тоот Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх /асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн ...Нийслэлийн ерөнхий боловсролын * сургуульд * нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцаад шилжсэн гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Иймд хариуцагч Г.*гоос нийт 9,569,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * НҮТББ-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*гоос 168,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*гоос 9,569,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * НҮТББ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*гоос 168,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * НҮТББ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН