| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00396/И |
| Дугаар | 132/ШШ2024/00417 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2024/00417
2024 10 10 132/ШШ2024/00417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00396/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.М******* нь хариуцагч Б.Т*******д холбогдуулан 5,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Б.Т*******тэй 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг аман гэрээ хийж зээлдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Б.Т******* нь зээлээ төлөх хүсэл эрмэлзэл байхгүй удаа дараа худал хэлж өнөөдрийг хүрсэн. Б.Т*******гийн авга эгчтэй удаа дараа ярилцаж 6,000,000 төгрөг төлсөн. Одоо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүү 1,600,000 төгрөг, үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү маань Т******* Япон явах гээд сургалтад бүртгүүлсэн чинь төлбөрөө төлөхгүй болохоор хүнийх нь тоо бүрдчих гээд 10,000,000 төгрөг хэрэг болоод байна гээд манай хүү над руу ярьсан. Би найзыг нь сайн танихгүй болохоор найдвартай юм уу? гэж асуухад манай хүү баараггүй манай найз юм аа, бүртгэлээ хийлгэхгүй бол бүртгэлийн хугацаа дуусчих гээд байна. Би тэр үед нь банкнаас зээл авчихсан байсан нөхөртөө хэлээгүй хүүтэйгээ хоёулаа тохиролцоод бүртгэл нь хэзээ дуусах юм гэсэн чинь 3 хоногийн дараа дуусна гэхээр нь би найдвартай юм бол өгье гээд хүүхдээ данс руу нь хийгээрэй гэсэн чинь хүү маань таныг Т*******тэй холбоод өгье гээд Т******* надтай ярьсан тэгээд өгсөн. Тэгээд 3 хоног боллоо мөнгө өгсөнгүй сар боллоо өгсөнгүй. Сүүлдээ Т******* рүү залгасан утас нь холбогдохгүй байсан учир ээжтэй нь ярьсан мөнгө зээлсэн гээд хэлсэн ээж нь би одоо нас биед хүрсэн хүүхдийн асуудалд оролцохгүй шүүхэд өгөө гэж хэлсэн. Би Т*******тэй холбогдоод эгч дээрээ ирээд мөнгө авсан гарын үсгээ зураад өгөө гэж хэлсэн ирээгүй. Сүүлд аавынх нь дүү гээд нэг хүн над дээр ирээд өрийг нь би төлье гээд 6,000,000 төгрөгийг цувуулж өгсөн гэв.
2.Хариуцагч Б.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б.Т******* миний бие нь Ш.М*******тэй амаар гэрээ хийж 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Миний бие оюутан бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, дээрх төлбөрийг төлөх боломжгүй учир миний аавын төрсөн дүү буюу миний авга эгч С*******гийн Б******* нь миний өмнөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,250,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.М*******гийн 5021579279 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлж авсан 10,000,000 төгрөгөөс 2,750,000 төгрөгийг төлөх үлдсэн байгаа бөгөөд үүнийг би төлж барагдуулна. Нэхэмжлэгч Ш.М******* бид хоёр 10,000,000 төгрөгийг зээлж, зээлүүлэхээр анхнаасаа тохиролцохдоо хүү алданги тооцно гэж бичгээр гэрээ байгуулаагүй, зөвхөн амаар л тохиролцсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэлд дурдсан зээлүүлсэн мөнгөний хүү гэх 1,600,000 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү том алдаа хийсэн дураараа хүнээс 10,000,000 төгрөг авсан байна. Надад худлаа хэлсэн нэг бол хүний машин мөргөсөн нэг бол визэнд орж байгаа гэж хэлээд байсан. Миний хүү арван жилээ онц төгссөн хүнд худлаа ярьдаггүй хулгай хийдэггүй. Ямар учраас тэр мөнгийг авсан юм гээд ярилцсаны үндсэн дээр надад үнэнээ хэлсэн. Аавын бие муу болохоор визэнд ороод сургуулиасаа жилийн чөлөө аваад танд мөнгө явуулах гэж байсан юм гээд үнэнээ хэлсэн. Би одоо энэ хүний 10,000,000 төгрөгийг төлж чадахгүй юм чинь амиа хорлоно гэж айлгаад сэтгэл зүйч дээр очсоны эцэст хүүгээ эрүүл энх болгосондоо баяртай байна. Би нэхэмжлэгч М******* эгчид маш их баярлаж байна. Оюутан хүүхдэд туслаад 10,000,000 төгрөгийг итгээд өгсөнд баярлаж байна. Бид энэ мөнгийг яагаад өнөөдрийг хүртэл өгч чадахгүй байгаа юм бэ? гэхээр манай нөхөр зүрхний дутмагшлаар 3 жил эмчлүүлж байгаа. Өндөр үнэтэй эм уудаг. 2 оюутан хүүхэдтэй, оюутны төлбөр хийдэг. Би хүүгийнхээ алдааг хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн хувьд бол би хүүг нь төлж чадахгүй. 7,250,000 төгрөгийг авга эгчид нь цувуулж увуулаад өгөөд дуусаж байгаа. М******* эгчийн 2,750,000 төгрөгийг төлнө хүүг нь төлж чадахгүй гэв.
1. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
2. Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Итгэмжлэл /хэргийн 6-р хуудас/
-Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 11-р хуудас/,
-Депозит дансны хуулга /хэргийн 13-14-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.М******* нь хариуцагч Б.Т*******д холбогдуулан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ш.М******* нь Б.Т*******д 10,000,000 төгрөгийг аман гэрээ хийж хүүтэй зээлсэн тул үлдэгдэл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Б.Т******* нь зээлсэн 10,000,000 төгрөгөөс 7,250,000 төгрөгийг төлсөн. Бичгээр гэрээ хийгээгүй тул хүү төлөхгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2,750,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Б.Т*******д зээлсэн 10,000,000 төгрөгийг аман гэрээ хийж зээлсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна. Нэхэмжлэгч Ш.М******* нь 10,000,000 төгрөгийг аман гэрээ хийж хариуцагчид зээлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4.2. Талууд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн талаар болон хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй. Харин 7,250,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 2,750,000 төгрөгийг төлнө. Бичгээр гэрээ хийгээгүй тул хүү төлөхгүй гэж маргасан.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Хариуцагч Б.Т******* 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ш.М******* 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.
6. Талууд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэг хүлээх бөгөөд зээлж авсан 10,000,000 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,250,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.М*******гийн Хаан банкны ...... тоот дансанд 2 удаагийн шилжүүлгээр нийт 7,250,000 төгрөгийг төлсөн болох нь С*******гийн Б*******ы Хаан банк дахь .... тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд нэхэмжлэгч нь зээл 10,000,000 төгрөгийг хариуцагч нь зээлсэн гэж хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Нэхэмжлэгчээс ...аман гэрээ хийж, хүүтэй зээлэхээр тохирч гэх тайлбарыг гаргасан боловч хавтаст хэрэгт зээлийн гэрээг бичгээр хийсэн баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийн зээлийг буцаан шаардах эрх зээлийг буцаан төлөхийг шаардсанаар үүссэн байна.
10. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөр авах эрхгүй байна.
11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй, харин хариуцагч нь зээлийг буцаан төлснөө нотлох үүрэгтэй. Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин хариуцагч нь 7,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт түүний гаргаж өгсөн С*******гийн Б*******ы депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
12. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5,600,000 төгрөгөөс хариуцагчаас төлсөн 7,250,000 төгрөгийг хасч хариуцагч Б.Т*******гээс 2,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн дүн 2,750,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 58,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т*******гээс 2,750,000 /хоёр сая долоон зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,000 /хоёр сая найман зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 /нэг зуун дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т*******гээс 58,950 /тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШ АВАА